sonin.mn
Дөрвөн настай охиныг тархиндаа хүнд гэмтэл авч, цус харваснаас нас барсан гэсэн анхан шатны дүгнэлт гараад байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач охины үхлийн шалтгаан эцсийн дүгнэлт гаргаж. Дүгнэлтэд охиныг уушигны бяцралт, тархины цус хуралтын улмаас амь насаа алдсан гэж эцэслэн тогтоосон гэсэн мэдээлэл байна.
 
Хэрэг гарсны дараахан охиныг бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай хэмээн мэдээлэл гарч байсан. Энэ тухайд урьчилсан байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй, зодуурын улмаас эмзэг газарын орчимдоо гэмтэл авсан гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар тогтоогоод байгаа юм. Талийгаач охины хэрэгт холбогдоод байгаа төрсөн эцэг Т.Цогт болон түүний хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
 
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байгаа аж. Т.Цогт, Г.Маралмаа нараас хэргийн талаар мэдүүлэг авсан байна. Албаны эх сурвалжийн онцолж буйгаар сэжигтнүүд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгсөн байна. Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж байн байн уйлаад байхаар зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Харин Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгүй байхад зодсон байсан. Охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгүй, бие засуулахгүй хорьдог байсан” гэжээ.