sonin.mn
Академич, хуульч С.Нарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр ял сонсоод байсан АНУ-ын Жастин Капла нарын гадны гурван иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч .Элбэгдорж уучлал үзүүллээ. Хуульч хүний хувьд та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
 
 -Юуны өмнө энэ үйл явцад хууль зүйн хувьд Үндсэн хуулийн үүднээс дүн шинжилгээ хийх ёстой. Үндсэн хуульд өршөөлийн тухай шийдвэрийг УИХ гаргана. Харин Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр эндээс үндэслэн өршөөл, уучлал гэдэг нэр томъёог хэрхэн, зөв тайлбарлах вэ гэдэг асуудал үүснэ. Энэ хоёр бол дэлхийн бүх улс оронд нэгдмэл нэг ойлголт. Өршөөл гэдэг нь тодорхой бус хүрээний хүнийг эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх тухай парламентын олонхийн дэмжлэгээр гаргасан шийдвэр. Харин уучлал бол Ерөнхийлөгч Үндсэн хуульд нийцүүлэн энэрэнгүй, нигүүлсэнгүй үзлийг удирдлага болгон улс орныхоо иргэнд иргэнийх нь хувьд төрийн ивээлийг үзүүлж байгаа хэлбэр. Ингэхдээ тодорхой хүний нэр дээр уучлалыг үзүүлдэг. 
 
-Уучлал үзүүлэхэд тодорхой шалгуур байж таарах байх л даа? 
 
-Уучлалыг шүүхийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг. Хэрвээ мөрдөн байцаалтын юм уу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэл Ерөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, шүүхийн дотоод хэрэгт дур мэдэн оролцох байдалд хүргэнэ гэсэн үг. Гадаадын иргэдэд үзүүлсэн уучлалын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, хэрэг давж заалдах шатанд байхад нь Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн, эрх мэдлээ урвуулж, хэтрүүлэн хэрэглэсэн байх шинжийг агуулж байна гэж би судлаачийн хувьд үзэж байна. Ер нь аливаа улс орны тусгаар тогтнол бүрэн байдлыг хэмжих хууль зүйн шалгуур гэж байдаг.
 
Энэ нь хоёр үндсэн зүйлээр тодорхойлогддог. Нэгдүгээрт, Монгол Улс өөрийнхөө харьяалсан нутаг дэвсгэр дээр ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хууль тогтоох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, энэ харьяалсан нутаг дэвсгэртээ шүүн таслах ажиллагааг хэний ч буюу гадны нөлөөнд автахгүйгээр бие даан явуулна. Хэрвээ энэ хоёр шинжийн аль нэгийг алдаж байгаа бол тэр улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс биш. Ер нь Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа Монгол, гадаад аль ч улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ зарчим бас ноцтой зөрчигдөж байгаа юм. 
 
-Гадаадын иргэдийг уучилснаас гадна их хэмжээний татварыг хэрхэх нь тодорхойгүй үлдэж байна л даа? 
 
-Гадаадын гурван иргэнд ууч- лал үзүүлсэн нь 35 тэрбум гаруй төгрөгийн татвар ногдуулсан хуулийн хариуцлагаас чөлөөлсөн явдал. Гэтэл манай улсын эдийн засгийн үнэмлэхүй дийлэнх хэс- гийг хувийн хэвшил, ялангуяа татвараар бүрдүүлж байгаа. Улс гүрнүүд яагаад татварын бодлогыг тууштай явуулдаг вэ гэхээр улс орныхоо ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, ялангуяа төрийн болон төрийн бус байгууллага, тэдний албан хаагчдыг санхүүжүүлэх, тэдний нийгмийн халамжийн баталгааг хангах асуудлыг ерөөсөө л татварын бодлогоор шийддэг. Үндсэн хуульд зааснаар хүн бүр албан татвар төлөх үүрэгтэй. Энэ нь иргэдийн үндсэн үүрэг.
 
Хэрвээ энэ үндсэн үүргээ биелүүлээгүй бол Эрүүгийн хуульд заасан татвараас зайлсхийх гэсэн гэмт хэргээр хариуцлага хүлээлгэнэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр өнөөдөр манай улсад ялангуяа уул уурхайн чиглэлээр гадаадын маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийн эзэд татвараа төлөхгүй байх, тэр төлөгдөөгүй хэмжээний татварыг Монгол Улсын Ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж, чөлөөлөх жишиг тогтвол нөхцөл байдал улам хүндэрнэ. Ер нь Монгол Улсад эдийн засгийн хямрал бий болж байна гэж үзвэл түүнийг бий болгож байгаа шалтгаан нь эрх баригчдын дур зоргын авирлал. Улсынхаа төсвийн сангийн хөрөнгийг бүрдүүлж чадахгүй, түүнээс үл бүтэх этгээдүүдийг чөлөөлдөг явдлаас болоод эдийн засаг хүндэрчихлээ шүү дээ. 
 
-Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэдгийг та тайлбарлаад өгөөч. Энэ хэргийн тухайд хүчин төгөлдөр бус шийдвэрээр Ерөнхийлөгч уучлал үзүүлчихлээ гэж ойлгож болох уу? 
 
-Анхан шатны шүүхээс гадаадын гурван иргэнд хорих ял ногдуулчихсан. Тэр шийдвэр нь давж заалдах шатанд байгаа. Харин энэ шийдвэр хэзээ хуулийн хүчин төгөлдөр болох вэ гэвэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсны дараа хуулийн хүчин төгөлдөр болно. Харин үүний дараа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс хяналтын шат буюу Улсын дээд шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны дараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдөл гомдол гаргах учиртай.
 
Харин энэ шатууд дууссаны дараа сая Монгол Улсын Ерөнхийлөгчид асуудал тавих хатуу тогтсон хуулийн журам байгаа. Гэтэл энэ дараалал журам бүгд зөрчигдөж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн гэж ойлгож болно. Хэрвээ цаашдаа энэ жишиг тогтвол ерөөсөө Ерөнхийлөгч мөрдөгдөж байгаа хүн, хэрэг нь мөрдөгдөөд ганц худагт сууж байгаа юм уу урьдчилан хорих байранд сууж байгаа хүмүүсийг урьдчилаад л гаргаад байх нь байна шүү дээ. Тэгвэл энэ улсад мөрдөн байцаах, шүүн таслах байгууллага байх хэрэггүй биз дээ. Ганц Ерөнхийлөгч л бүгдийг нь эрх чөлөөтэй болгоод гаргаад байх нь байна. 
 
-Таны хувьд хууль шүүхийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай хүн. Ер нь гадны иргэн манай улсаас ямар нэгэн байдлаар ял шийтгэл хүлээсэн, шүүхийн шийдвэр эцэслээгүй байсан үед Төрийн тэргүүнээс уучлал хүсч байсан тохиолдол байдаг юм уу. Ерөнхийлөгч гадны иргэдэд уучлал үзүүлж байсан тохиолдол байдаг уу?
 
 -Ийм тохиолдлыг би огт мэдэхгүй. Би 1980-аад оны үед Монгол Улсын Ерөнхий про- курорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд тавих хяналтыг удирдан ажиллаж байсан. Тэр үед гадаадын олон иргэн Монгол Улсын шорон гянданд ял эдэлдэг байсан. Тэдний хувьд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсны дараа л асуудлаа тавьдаг байсан. Тэгээд дээр нь Ерөнхийлөгчийн үзүүлэх уучлал бол эрүүгийн хуулиар ялаас чөлөөлөхөөр тог- тоо сон нийтлэг зарчмыг баримт- лах ёстой. Өөрөөр хэлбэл, тэр хэргийн нийгмийн хор аюул нь их биш. Ялангуяа Монгол Улсын болон Монголын ард түмний язгуур эрх ашигт хор хохирол учруу лаагүй, гэмт хэргийнхээ ул маас учруулсан хор уршиг, гэм хорыг арилгаад нөхөн төлчихсөн.
 
Тэр гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшчихсэн нөхцөлд Ерөнхийлөгч уучлал үзүүлэх ёстой. Гэхдээ Ерөнхийлөгчийн уучлалын зарлигийг бэлтгэх ажлыг маш цэгцтэй, нарийн хийх ёстой. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд уучлал хариуцсан түмшмэдүүдээс гадна Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх гэж өндөр хариуц- лагатай албан тушаалтан бий. Намайг прокурорт ажиллаж байх үед их хүнд хэцүү, тэр тусмаа гадаадын иргэдийн үйлдсэн хэрэг дээр эрдэмтэд, нэр хүндтэй хуульчдыг буюу мэргэжлийн хүмүүсийг оруулсан комиссоор АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг гарахын өмнө тусгай дүгнэлт гаргуулдаг байлаа. Тэр дүгнэлт дээр үндэслэж, төрийн тэргүүн шийдвэрээ гаргадаг байлаа шүү дээ. 
 
-Одоо хамгийн ноцтой асуудал нь “Саусгоби Сэндс” компани улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн татварын өрөө төлөх эсэх нь эргэлзээтэй болчихож байна л даа. “Саусгоби Сэндс” компани бол “Бид ийм хэмжээний хохирлыг улсад учруулаагүй” гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд ч 35 тэрбумыг хүлээн зөвшөөрөхгүй гээд давж заалдах гомдлоо гаргачихсан. Мөн “Энэ хэмжээний мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй” гэдгээ зарласан. Тэгэхээр ийм нөхцөлд 35 тэрбум төгрөг салхинд хийснэ гэсэн үг үү? 
 
-Уг нь нэгэнт Монголын мөрдөн байцаах байгууллага, анхан шатны шүүхээс “Саусгоби Сэндс” компани үнэхээр онц их хэмжээний татвараас зайлсхийжээ гэдгийг тогтоочихсон байна шүү дээ. Тэгэхээр Монгол төрийн бодлого хуулийнхаа дагуу буюу тодорхой хэмжээгээр ялыг нь эдлүүлэх учиртай. Харин улсад учруулсан 35 тэрбумын хохирлоо төлчихсөн бол уучлал үзүүлээд буцаагаад нутаг руу нь явуулчих байсан юм шүү дээ. Бидний хувьд тэр гадны иргэдийг шоронд суулгаад, энд удаан байлгаад байх нь гол биш. Хамгийн гол нь Монгол Улсад учруулсан тэр хохирлоо л бид төлүүлэх ёстой. Үүний тулд л хууль байгаа, үүний тулд ял ногдуулж байгаа юм шүү дээ. Ерөөсөө шударга ёсны нэг талд дандаа шийтгэл байдаг. Өөрөөр хэлбэл, шийтгэлээр дамжиж зөрчигдсөн шударга ёсыг хэвэнд нь оруулдаг. Гэтэл энэ шударга ёсыг Ерөнхийлөгч алдагдуулчихлаа. 
 
-Ерөнхийлөгч уучлал үзүүлснээ “Хүнд шийдвэр” гэж онцлоод, гадны иргэдийг уучлахгүй гэхээр дэлхий нийтэд улсын маань нэр хүнд унах гээд байна гэдэг байдлаар тайлбарласан байсан. Үүнээс өмнө Филиппиний Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид хандаж хоёр иргэндээ уучлал үзүүлэхийг хүссэн захидал илгээсэн. Энэ бүгдээс харахаар Жастин Капла нарт уучлал үзүүлээгүй бол манай улсын нэр хүнд дэлхий нийтэд унах, цаашлаад гадны хөрөнгө оруулагчид “Барьж хорьдог” гэх шалтгаанаар улам дүрвэхээр байлаа гэдэг мессежийг явуулаад байна л даа. Гэтэл энэ хүмүүсийг уучлаагүй бол бид үнэхээр хэн ч биш болоод хувирчих байсан юм болов уу?
 
-Би бол эсрэгээр нь бодож байна. Гадны иргэдийг уучилнаар харин ч Монгол Улс дэлхий нийтийн өмнө нэр хүндээ барж байна. Учир нь, Монгол Улс өөрийн гэсэн шүүх хуультай, өөрийнхөө улс оронд учруулсан хохирлыг төрийн албадлагын механизмаар барагдуулж чадах үнэт зүйлстэй улс биш гэдгээ харууллаа. Одоо цаашдаа энэ олон гадаадын хувийн компани манай улсад зохих ёсны татвар хураамжаа төлөхгүй юм байна, энэ утгаараа цаашдаа Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшил улам л бүүдгэр баргар болж. Монголын хууль, шүүхийн байгууллага, хуульчдыг улам л уруудах зүг чиг рүү хазайлгах алхмыг Ерөнхийлөгч хийлээ гэж бодож сууна. 
 
-Энэ хэргийн тухайд Ерөнхийлөгчийг “Буруу шийдвэр гаргалаа” гэх хүн олон байна. Та ч бас тэдний нэг болж байна. Гэлээ гээд Төрийн тэргүүн өөрт ногдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд гадны иргэдэд уучлал үзүүлсэн учраас шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ бид буруу шийдвэр гаргалаа, ийм тийм хууль зөрчлөө гэж яриад л суух уу? 
 
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нийт иргэдийн өмнө тангараг өргөсөн. Энэ тангарагт Үндсэн хууль болон бусад хуулийг шударгаар биелүүлэх тухай ам өчгөө ард түмний өгсөн хүн. Гэтэл үүнээсээ хазайж байгаа явдал бол Монгол Улсын Ерөнхийлөгч өргөсөн тангаргаасаа няцсан явдал боллоо. Харин энэ асуудлыг УИХ болон Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх бүрэн боломжтой.
 
 -Гэхдээ ямар нэг субъектээс гомдол гаргаад юм уу асуудлыг тавихгүй бол процесс үргэлжлэх боломжгүй биз дээ? 
 
-Ер нь ямар нэгэн байдлаар хэн нэгэн гомдол гаргаж байж шийднэ л дээ. 
 
Х.ТЭМҮҮЖИН БИДНИЙГ ДОРД ҮЗСЭНИЙХЭЭ ГОРЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД АМСУУЛЖ БАЙНА 
 
-Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн гэдэг шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Бөөн ажил болж тойргийн журмаар байгуулсан шүүхүүдээ хуучин байдалд нь оруулахаар болж байна. Маш их хэмжээний зардлаас гадна хүн хүчний ихээхэн зардал гарч таарах нь. Үүн дээр таны байр суурийг сонсмоор байна?
 
 -Энэ асуудлыг төсөл байхад нь бид гадаадын улс орны хуулийг манай улс шууд хуулбарлаж болохгүй. Манай улсын өвөрмөц онцлог нөхцөлд тохиохгүй байхад шууд хуулбарлаж болохгүй гэдгийг Х.Тэмүүжин сайдад би багшийн хувьд маш олон удаа сануулсан. Энэ хүн монголын дадлага туршлагатай, юм үзэж, салиа нь арилсан ахмад хүмүүсийнхээ үг, сургаалыг харгалзан үзэхийн оронд биднийг “Хоцрогдсон, Оросод сургууль төгссөн, өөрчлөлт шинэчлэлт хийж чадахгүй болсон этгээдүүд” гэж бидэн рүү хэдэн жил айхтар довтолсныхоо горыг Монголын ард түмэнд амсуулж байна шүү дээ.
 
Монгол бол нэгдмэл улс. АНУ бол холбооны улс. Холбооны улсад гол төлөв тойргийн шүүхийн тогтолцоо байдаг. Харин Монгол Улсын шүүхийн тогтолцоо бол аймаг, нийслэл, сум, дүүрэг гэсэн тогтолцоонд оршино. Жишээлбэл, нэг дүүргийн шүүхийг аваад үзэхэд тэнд нарийн мэргэшсэн шүүгчид ажиллаж болно. Тодорхой хэдэн шүүгч зөвхөн эрүү, зарим нь иргэн, захиргааны хэргийг шүүх гэх мэтээр ажиллаж болно. Харин тэрнээс Х.Тэмүүжингийн байгуулдаг шиг тойрог болгочихоод эрүү, иргэн, захиргааны шүүх гэчихээр дандаа бие даасан тусгай шүүхүүд бий болчихож байгаа юм. Энэ нь манай улсад ямар их зардал чирэгдэл учруулж байна гээч.
 
Ингэж шүүхүүдийг өөрчилснөөр иргэдийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг маш ноцтойгоор зөрчсөн явдал болсон. Жишээлбэл, Сүхбаатар аймагт анхан шатаар хэргээ шийдүүлсэн хүмүүс Дорнод аймагт очиж давж заалдахаар болсон. Гэтэл үүнд ямар их зардал чирэгдэл учрах нь ойлгомжтой шүү дээ. Үүнээс болоод хүмүүсийн олонхи нь давж заалдах эрхээсээ татгалзаж байна. Энэ бол хүний эрхийг маш ноцтой зөрчсөн үйлдэл. Монгол оронд миний л мэдэхээр 100 шахам жил л орон нутгийн засаг захиргаа, шүүх прокурор, цагдаа гэх мэт хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа нийслэл, аймаг, сум дүүрэг гэсэн нэгжүүдээр яваад ирсэн уламжлалтай. Гэтэл энэ уламжлалыг үгүй болгох гэж оролдсон учраас ийм хор уршиг бий болж байгаа юм. 
 
-Хэвийн үйл ажиллагаатай байсан шүүхүүдийг тойргийн хэлбэрт оруулж өөрчилснөөр улсын төсвөөс хэр хэмжээний зардал гарсан байдаг юм бэ. Одоо буцаагаад хуучин хэвэнд нь оруулна гэхээр мөн л их хэмжээний зардал гарч таарах нь? 
 
-Эдийн засгийн тооцоо судал- гаагаар арав гаруй тэрбум төг рөгийн хөрөнгө шаардагдахаар бай гаа юм билээ. Харин шүүгчдийн хувьд Үндсэн хуулийн цэцийн гарга сан шийдвэрт их баяртай байна гэсэн. Учир нь, “Одоо л бид яг хуучин уламж лалаараа шүүгч шиг ажил- лах нь” гэж. Энэ юуг хэлж байна гэхээр өнөөх тойргийн тогтолцоонд шүүгчид хүртэл учраа олохоо байсан байхгүй юү. Тэгэхээр шүүгчид учраа олохгүй байгаа энэ тогтолцооны үед иргэдийн талаар шударга шийдвэр гаргана гэдэг эргэлзээтэй болчихож байгаа юм. 
 
-Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаанд хууль шүүхийн салбарт гарсан өөрчлөлт шинэчлэлтүүд бүгд ухарч байна. Маш олон хуулийг эргүүлэн татчихлаа. Наад захын ганц жишээ нь шүүхүүдийг хуучин тогтолцоонд нь шилжүүлэх явдал болж байна. Х.Тэмүүжин сайдтай холбоотойгоор дэгдсэн бас нэг асуудал нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудал. Түүнчлэн хамгийн сүүлд энэ эмнэлгийн дор түр саатуулах байр барьсан нь ил болсон. Ер нь эмнэлгийн дор ингэж саатуулах байр барьсан нь ямар учиртай юм бол? 
 
-Энэ эмнэлгийн зориулалтыг анх наасаа л өөрчлөхгүй байх байсан юм. Тэгсэн бол ийм их чирэг дэл гарч, хэл ам дагуулахгүй. Одоо энэ байрыг буцаагаад эмнэлэг болгоход бараг 20 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа юм билээ. Ийм учраас Монголд ерөөсөө шударга ёсыг тогтоомоор байна. Ингэж улс орон, ард түмний хөрөнгөөр гараа угааж, дур зоргоороо авирлаж байгаа этгээ дүүдээс хохирлыг нөхөн гаргуулах, суудаг байдаг газар нь байлгах, бай ранд нь тавих асуудлыг ойрын хуга цаанд Монголын төр шийдэхгүй бол ний гэм улам л хүнд байдалд орно.
 
 -Хууль зүйн салбарыг хоёрхон жилийн хугацаанд ганц л хүн самарчихлаа гэж ярих хүнтэй нэг бус удаа таарлаа. Тухайлбал, таны хэлж байгаагаар шүүхүүдийг хуучин байдалд нь оруулах, эмнэлгийн байрыг янзлахад гэхэд л 30 гаруй тэрбум төгрөг шаардагдах нь. Гэтэл энэ бүхнийг гардан хийсэн хүн нь хэдий сайдаасаа буусан ч гишүүний ажлаа хийгээд л явж байна. Өнөөх хариуцлагын тогтолцоо хаана байна аа? 
 
-Ер нь Х.Тэмүүжинтэй зүй ёсны хариуцлага тооцох ёстой. Цааш лаад энэ бүх шийдвэрийг Х.Тэмүүжин гэдэг хүн ганцаараа гаргаагүй. Цаана нь УИХ, Засгийн газраас бүх дэмжлэгийг үзүүлээд санаачилж оруулж ирсэн хуулиудыг нь баталчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ бол монгол төрийн эмгэнэл. Ерөөсөө л эцсийн дүндээ ард түмэн хохирч байна шүү дээ. 
 
-Монголын хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг та ерөнхий том зургаар нь хэрхэн дүгнэж байна вэ?
 
 -Чингис хааны үед монголын төр яагаад хүчтэй байсан юм, жижиг нүүдэлчин овог аймаг яагаад дэлхийн хүчирхэг гүрэн болсон хүчин зүйл нь тэр үед шударга ёсыг бурхан тэнгэр шиг дээдэлж байсан байна. Эрдэмтэн мэргэдийг хамгийн түрүүнд түшдэг байсан байна. Гэтэл өнөөдөр монголын нийгэмд энэ бүхэн алдагдчихсан учраас бид доройтлын зам руу өдрөөс өдөрт орж байна, улам гүнзгийрч байна. Ард иргэд төр засагтаа итгэх итгэл нь алдарсан байна. Одоо Монголын нийгэмд жолоодлогогүй, томоохон хэмжээний үймээн самуун олон ний тийг хамарсан төр засгийн бодлогын эсрэг тэмцэл болох бүх талын нөхцөл бүрдсэн байна. Тийм учраас төр засгийн эрх баригчид маш яарал тай энэ байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Магадгүй УИХ-ын ээлжит бус онцгой чуулганыг зарлан хуралдуулж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцэж, түүнээс гарах гар цыг цаг алдалгүй шийдвэрлэх шаард лагатай байна гэж үзэж байна.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: