sonin.mn
Савнаасаа бусдыг дийлдэг сархад хэмээх ундааг монголчууд маань арай л дэндүү хэрэглээд байх шиг. Уг нь орос “ах” нарыгуудаг, уудаг л гэдэгсэн. Сүүлийн үед монголчууд маань тэднээс давж уугаад байгаа юм биш биз. Уух нь дон болоод байна уу, нийгмийн стресс бухимдлаас болоод байна уу гэдгийг ч сүүлийн үед ялгаж ойлгохоо болилоо.
 
Эсвэл хэтэрхий их үйлдвэрлээд, сурталчилгаа нь ихдээд, үнэ нь хямд байгаад байгаа юм болов уу. Гэтэл бас тиймгүй юм аа. Г эр орондоо идэх хоолгуй, үмх ч талхгүй байж бүх мөнгөөрөө л архи аваад гудраад байгаа нөхөд захаас аваад л тааралдах юм. Энэ архичдаас болж “архичдыг би эрүүлжүүлэх ёстой, чи эрүүлжүүлэх ёстой" гээд эмч, цагдаа хоёр би чи-дээ тулав. 
 
Ээ дээ энэ архичдын балаг дуусахгүй бололтой. Чухам хэн эрүүлжүүлэх ёстой хийгээд саатуулах байрны нөхцөл байдлыг сурвалжлахаар зарим хүмүүстэй уулзаж, эрүүлжүүлэх байруудаар орлоо. 
 
Хуулийн хэрэгжилтэд эрүүл мэндийн байгууллага санаачилгагуй хандаж байна
 
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах хэлтсийн саатуулах байр, эмчилгээ хариуцсан ахлах офицер, цагдаагийн хошууч Б.Адъяахүү ийн ярьж байна
 
-УИХ-аас Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага бие даан хэрэгжүүлэхээр хуулинд заачихсан. 
 
Энэ хууль хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байруудыг албадан саатуулах байр болгон өөрчилж Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийг, саатуулж байгаа. 
 
Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс биеэ удирдан жолоодох чадвараа алдаж гудамж талбайд тасарсан этгээдэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, осол гэмтэлд өртөхөөс сэргийлж цагдаагийн албан хаагч тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгнө гэсэн заалт байдаг.
 
-Эмнэлэг дээр очиж байгаа иргэд цагдаагаар дамжаад тийш очиж байна гэсэн үг үү?
 
-Хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Гэхдээ эрүүл мэндийн байгууллага 2014 оны аравдугаар сарын сүүл хүртэл хуулийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн. Ингээд бид хуулиа хэрэгжүүлж ажиллаач ээ, хамтран ажиллая гэсэн удаа дараагийн хүсэлт тавьж өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээс эрүүл мэндийн байгууллага гудамж талбайд тасарч унасан, биеэ авч явж чадахгүй иргэдийг хүлээж авч эхлээд байгаа.
 
Ингээд гуравхан сарын хугацаанд эмнэлгүүд маань хэцүү байдалд орлоо гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өдөр бүр ярих болсон. 2014 оны байдлаар согтуугийн 67379 дуудлага мэдэээлэл ирснээс 64943 хүн буюу 96.3 хувь нь цагдаагийн түр саатуулах байранд саатуулагдсан байгаа. 2436 хүн буюу 3.7 хувь нь эмнэлгийн байгууллагад очиж байгаа. 
 
Өмнөх таван жилийн судалгаанаас харахад ч гэсэн нийт саатуулагдаж байгаа иргэдийн 1-2 хувь буюу 1500-2000 хүнд л эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр 2436 хүн л эмнэлгийн байгууллагад одоогоор шилжүүлчихсэн. 64943 хүн саатуулагдсанаас 103-ын эмчийн бичигтэй саатуулсан 3732 хүнийг эмнэлгийн байгууллагад манай цагдаа нар аваачиж өгөхөд хүлээж авахгүй буцаагаад саатуулах байранд авчирч саатуулсан байдаг. 
 
Эмнэлгийн байгууллагад очсон 186 хүн эмнэлэгт агсан согтуу тавьсан, танхайрсан гээд буцаад цагдаагийн дуудлагаар саатуулах байранд ирсэн байдаг. Нэгэнт хууль нь гарчихсан байхад энэ хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар эрүүл мэндийн байгууллага идэвхи санаачилгагүй ажиллаж байна. 
 
Албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 6.1-т аймаг, нийслэлд эрүүлжүүлэх байр үйл ажиллгаа явуулж, эрүүл мэндийн байгууллагын харьяалалд ажиллана гээд заачихсан. Хуульд эрүүлжүүлэх байр, түүний стандарт, боловсон хүчин гээд бүх зүйлийг тусгасан.
 
Эмнэлгийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлж ажиллахын тулд эхний ээлжинд хордлого тайлах өрөө юм уу, эрүүлжүүлэх байраа яаралтай бий болгох хэрэгтэй. Ингэхгүйгээр дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд хүлээн авах тасгууд дээрээ хүлээж аваад өвчтөнүүдтэй нийлүүлээд байх нь зүйд нийцэхгүй.
 
Согтуучуудыг гуйж аргадах нь холгүй л эрүүлжүүлдэг
 
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны эмч, дэслэгч Н.Жанлавпунцагтай уулзлаа
 
-Эмнэлгийн байгууллагууд согтуу хүмүүсийг хүлээн авдаг болсноос хойш гурав, дөрвөн сар болж байна. Ингэснээр ачаалал буурсан юм алга. 24 цагаар үүрэг гүйцэтгэх хугацаандаа захиргааны зөрчил гаргаагүй согтуу иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгнө гээд хуулинд заачихсан байгаа. Энэ дагуу ажиллаж хоногт 2-3 иргэн л эмнэлгийн байгууллагад хүргэгддэг. 
 
Манай саатуулах байр ачаалал ихтэй үедээ 30-40 хүнтэй хононо. Ачаалал багатай үедээ 20 дотор хүнтэй хононо. Саатуулах байрны эмчийн үүрэг гэвэл дуудлагаар ирсэн болон машинт эргүүл авч ирсэн хүнийг биед ерөнхий үзлэг хийгээд амин үзүүлэлтүүдийг үзнэ. Тодорхой харагдаж байгаа болон үзлэгээр эрүүл мэнд нь тэнцэхгүй хүн байвал 103 дуудаж үзүүлээд эмнэлгийн бичиг хийлгээд саатуулах байранд хүлээн авч байна.
 
Архины хордлоготой хүн байвал 103-аар нь шууд хордлогын төвд хүргүүлнэ. Өндөр настай, даралт ихтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг аль болох ар гэрт нь хүлээлгэн өгөх зарчмыг баримтлаад явдаг. Ар гэрийнхэн нь авахгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад шилжүүлнэ. Гэхдээ ар гэр нь ихэнх тохиолдолд авдаг. Захиргааны зөрчил гаргаж гэмт хэрэгт холбогдсон л бол эрүүл мэндийн байдал нь тэнцэж байгаа тохиолдолд энэ байранд хүлээн авч байгаа. 
 
Түүнээс мөнгөгүй хүмүүсийг эмнэлэг рүү явуулаад мөнгөтэйг нь авч үлдээд төлбөрийн тал дээр ялгавартай хандаагүй. Саатуулах байрны хураамж 4150 төгрөг. Энэ хураамжийг төрийн дансанд тушаадаг. Манай саатуулах байрны хувьд гурван өрөө ашиглагдаж байна. Ачаалалтай үед өрөөний хангамж муу. Төлбөрийг хүмүүсээс 50 хувь ч авч чадахгүй тохиолдол байна. 
 
Ихэнх нь төлбөрийн чадваргүй мөртлөө архи уусан хүмүүс ирдэг. Одоо 00:00 цаг болж байна. Яг одоогийн байдлаар 17 хүн саатуулагдсан байна. 17 хүнээс 10 нь ар гэрийн дуудлагаар, хоёр нь жолоо барих эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гудамж талбайд танхайрсан таван хүн байна.
 
Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа, ахлах ахлагч н.Цэнд-Аюуш ингэж ярилаа.
 
-Элдвээр дайрч доромжлох, агсан согтуу тавих явдал байнга гарна. Танхайраад байгаа хүмүүстэй эхлээд ингэж болохгүй, хууль зөрчиж байна гэж эвээр ярина. Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага байгаа шүү гэдгийг хэлж ярина. Согтуучууд ихэнх нь ойлгохгүй. 
 
Амиа хорлох оролдлого хийнэ. Тэр үед нь гавлана. Бараг гуйж аргадах нь холгүй л хонуулна. Хамаагүй бие хаанд нь хүрч болохгүй. Тэгэх юм бол цагдаа буруудна. Эмнэлэгт очсон согтуучууд агсан согтуу тавиад хэв журам алагдуулаад байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх ёстой. Эмнэлгийн байгууллагад ухаангүй согтуу, биеэ авч явах чадваргүй хүмүүс очдог. 
 
Цагдаагийн саатуулах байранд ар гэртээ агсан согтуу тавьсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд ямар нэгэн гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон хүмүүс ирж байна. Өнөөдрийн байдлаар саатуулах байрны эмч, дуудлагын жолооч, цагдаа гээд гуравуулаа ажиллаж байна. Дөрвөн ээлжтэй. 24 цаг ажиллаад 72 цаг амарна. 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ. Нөхцөл нэлээд хүнд. 
 
Янз бүрийн үнэр танартай хүмүүс ирдэг. Халдварт өвчтэй байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ манай Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр төвийн дүүрэг гэдэг утгаараа харьцангуй гайгүй. Сонгинохайрхан, Хан-Уул гээд гэр хороолол ихтэй дүүргүүд маш хүнд.
 
Эрүүлжүүлэх байр нэмж барьснаас архитай тэмцсэн нь дээр
 
Бид Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд шөнийн 01:30 цагийн орчимд очсон юм. Хамгийн хүнд нөхцөлтэйд тооцогдох энэ эрүүлжүүлэх байр үнэхээр хэцүү нөхцөл байдалтай нь оронгуут л харагдаж байлаа. Эвгүй үнэр нь ороод таван минут болов уу үгүй юү хувцсанд шингэж нэг хэсэгтээ гарахгүй байсан шүү. Ороод удаагүй ингэж байгаа юм чинь дотор нь байнга ажилладаг хүмүүс яаж тэсдэг юм бол доо гэсэн бодол төрснийг нуух юун.
 
СХД-ийн эрүүлжүүлэх байрны эмч, дэслэгч Ч.Ганцоож ийнхүү ярьсан юм.
 
-СХД-ийн эрүүлжүүлэх байр маань үнэр танар хэцүү. Нормоороо 18-20 хүн орох ёстой. Гэтэл одоогийн байдлаар 40 хүнтэй байна. Ажиллаж байгаа хүндээ халгаатай. Шүд нь сулардаг, харшилтай болдог, үс нь унадаг. Хүний шингэн, өтгөн, бөөлжис, бохир гээд хэцүү элдвийн үнэр холиолдоод тэсэхэд бэрх болдог. Маш хүйтэн. Халаалт муу. Эм тан байхгүй, бээлий гэхэд өөрсдөө авна. Төсөв байхгүй. Согтуучууд байнгын хэл амаар доромжлоостой, шүдээ хавираад, нулимаад хэцүү байдаг. Хоорондоо зодолдоно. Камераар хянаж байгаад салгана. Түр хугацаагаар гавлана. Саатуулах байруудаас Баянзүрх, Сонгинохайрхан хоёр их ачаалалтай. Томсгох шаардлагатай гэж боддог. Г эхдээ эрүүлжүүлэх байрыг томсгож байснаас архи үйлдвэрлэх, худалдан борлуулах тал дээр анхаарч, иргэдийн ухамсрын түвшинд арга хэмжээ авах хэрэгтэй байна.
 
Ийнхүү бидний сурвалжлага өндөрлөх тийшээ хандсан юм. Шөнө 03:00 цагийн орчим буцаж явахад замын цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолоочдыг журамлаж буй дүр зураг дүүрэг бүрт харагдаж байсан. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэргэжилтэн Я.Соронзонболдтой уулзаж согтуу жолоочтой хэрхэн тэмцож байгаа талаар нь сонирхсон юм. Тэрээр ярихдаа:
 
-Энгийн үед дүүрэг болгонд хоёр офицер, хоёр ахлагч, хоёр албаны автомашинтай эргүүл хийж, хяналт шалгалт явуулан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг саатуулж байна. Шөнийн цагт гарч байгаа гол зөрчил гэвэл гэрэл шилжүүлэхгүй явах, хөдөлгөөн бага болохоор хурд хэтрүүлэх гээд байдаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна. 
 
Мөн шөнө ажиллаж байгаа офицер, ахлагч нар шөнийн цагт гарсан ослыг шуурхай шийдвэрлэх үүрэгтэй. Шөнийн цагт зөрчилтэй жолооч нар шууд зугтдаг. Түүнийг хөөхөөс аль болох зайлсхийдэг. Дараагийн постонд мэдээлэх юм уу камерийн хяналтаар баримтжуулдаг. Тэгэхгүй бол зугтаж яваад осол аваар гаргах явдал гарна.
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин