sonin.mn
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа К.Женисгүлтэй ярилцлаа.
 
-Та хөдөө орон нутагт нэлээд олон жил ажиллаж байгаад ирсэн. Энэ хугацаанд нийслэлд өөрчлөгдсөн зүйл юу байна вэ?
 
-Тийм ээ. Одоогоос долоон жилийн өмнө янз бүрийн хууль бус үйлдэл гаргасан, хууль бусаар үйлчилгээ эрхэлсэн хүмүүс харьцангуй хүлцэнгүй, буруу зөвөө ухаардаг, ойлгодог байсан. Цагдаагийн тавьж байгаа шаардлагыг биелүүлдэг байлаа. Гэтэл одоо хууль бус үйлдэл гаргачихаад л шаардлага тавьсан цагдааг өмнөөс нь загначих гээд байдаг болсон байна.
 
-Цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг үл тоомсорлож байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?
 
-Цагдаагийн байгууллага өчнөөн шалгаад, хяналт тавиад, бүртгэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дагуу зөрчил арилгуулахаар мэдэгдэл хүргүүлдэг. Үүнийг авч хэлэлцэхгүй байна. Тиймээс бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, баг болон ажиллах хэрэгтэй байна. Нэг мөр хамтдаа газар дээр нь нэгдсэн шалгалт хийгээд асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
 
Заавал төвөөс нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байж баг бүрдэж явна гэдэг бол учир дутагдалтай. Дүүрэг дотроо бүх мэргэжлийн байгууллагын хэлтэс, мэргэжилтнүүд төлөвлөгөө боловсруулж шалтгаан нөхцлийг тогтоон байнга хяналт шалгалт зохион байгуулах юм бол үр дүнд хүрнэ. Ийм ажлыг тогтмолжуулж байж үр дүнд хүрнэ.
 
Тэгэхгүйгээр ганцхан цагдаагийнхан өдөр шөнөгүй яваад нэмэргүй. Цагдаагийнхан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр хугацаагаар зогсоодог. Зөвшөөрөл олгодог газрууд буцаагаад л эрхийг нь сэргээдэг. Ийм байж болохгүй. Үүнээс асар их хор уршиг, муу үр дагавар гарна.
 
-Чухам ямар муу үр дагавар гараад байна вэ?
 
-Цаг хэтрүүлж ажилладаг баар цэнгээний газар, шөнийн дэлгүүрээс болж архидан согтууралт, түүнээс үүдэх гэмт хэрэг их гарна. Энэ массажны газрууд, түүнийг дагасан биеэ үнэлэлтээс болж бэлгийн замын халдварт өвчин газар авч байна. Эрүүл мэндийн тандалт судалгааны байгууллагаас 2014 онд гаргасан тайлангаар БЗХӨ-ний 45 хувь нь тэмбүү өвчин байна.
 
Оны өмнө ДОХ-ын халдвар авсан тохиолдол 181-д хүрээд байсан бол сая нэгдүгээр сард нэгээр нэмэгдэж 182 болсон байх жишээтэй. Үүнээс үзэхэд Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдхаар болчихоод байна. Энэ цөөн хүн амаа БЗХӨ, архидалт, гэмт хэрэг зөрчилгүй байлгах боломжтой. Хяналтаа сайн тавиад мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй байна.
 
Гэмт хэрэг зөрчил гаргаад байгаа газруудыг хаах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах цаг болсон. Буцаагаад зөвшөөрлийг нь сэргээх, шинээр зөвшөөрөл олгох асуудпыг таслан зогсоох ёстой. Тэгэхгүйгээр, зөрчил арилгуулж байгаа нэрээр тодорхой хугацаагаар хаагаад буцаагаад нээх нь цагдаагийн байгууллагын ажлыг дэмжих бүү хэл үгүйсгэж байгаатай ялгаагүй.
 
Ахиад л гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээд л, биеэ үнэлэлт, садар самууныг сурталчилах явдал үргэлжилсэн хэвээрээ л байгаад байна. Биеэ үнэлэх цэгүүд долоон жилийн өмнөхөөс улам нэмэгдчихсэн, илүү нууц байдалд орчихсон байна.
 
Жишээ нь “Гулгаа массаж” гэсэн хоёрхон үг, утасны дугаар бүхий зарууд энд тэндгүй байгаа. Утас руу нь залгаад тусгай үйлчилгээ байгаа юу гэхэд байгаа л гэнэ. Гулгаа массаж гэдэг нь өөрөө садар самуунд уруу татсан массаж гэдгийг уншсан хүн бүр ойлгож байгаа юм.
 
-Биеэ үнэлэлт нууц байдалд шилжсэнийг та юутай холбоотой гэж бодож байна вэ?
 
-Хууль дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулахдаа мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцсэн бол арай өөр байх байлаа. Тэр хууль баталж байгаа эрхмүүд газар дээр нь очоод нөхцөл байдалтай нь танилцах хэрэгтэй.
 
Тэгж байж хуулиа батлахгүй бол зүгээр л хэн нэгний оруулж ирсэн саналын дагуу баталснаас болоод муу үр дагавар гарч, биеэ үнэлэх цэгүүд олширч, бизнесийг дэмжиж байгаа нэрээр зарим нь хуулийн цоорхойг овжиноор ашиглаж, хууль бус үйл ажиллгаа явуулж байна. Охид бүсгүйчүүдийг минь таван халтар цаасаар хуурч бэлгийн мөлжлөгийн хохирогч болгож байна.
 
Садар самуунтай тэмцэх хуульд хуучнаар биеэ үнэлэх явдлыг санхүүжүүлж, орон байраар хангаж, зохион байгуулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг байсан бол одоо тэр хуулийн заалтыг аваад хаячихсанаас болж ийм байдалд хүрч байгаа юм.
 
Хуучнаар бол хор уршиг үр дагавар үүсэх байдлаасаа шалтгаалж биеэ үнэлэлтийг зохион байгуулсан, орон байраар хангасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж нь нээлттэй байлаа. Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2 заалтыг авч хаяснаар ийм боломж үгүй болсон.
 
Одоо зөвхөн биеэ үнэлсэн этгээдийг “биеэ үнэлэхийг хориглоно” гэсэн дээрх хуулийн 4.1 заалтаар шүүхээр баривчлуулах л ганц арга хэмжээ байна. Ингэснээр биеэ үнэлэлт буурахгүй. Улам л ихэснэ. Ингэж байхаар бүр эсрэгээр нь хууль ёсоор зөвшөөрчих хэрэгтэй.
 
-Хууль ёсоор зөвшөөрнө гэж юу гэсэн үг вэ?
 
-Эмсийн хүрээлэн байгуулчихвал Үндэсний аюулгүй байдал, охид бүсгүйчүүдийн эрүүл мэнд гээд асуудал цогцоороо шийдэгдэнэ. Ядахдаа цагдаа нарын ажил хөнгөрнө. Тавих хяналт ч сайжирна. Долоон жилийн өмнө гудамжинд ил задгай биеэ үнэлдэг байдлыг зохицуулж болдог байсан бол одоо саун, массаж гээд нууц байдалд орчихсон. Цэгүүд ч олширсон.
 
Цагдаа нар илрүүлээд тогтоочихдог. Гэтэл арга хэмжээ авах хуулийн механизм нь байхгүй болчихоод байна. Чаддагаараа биеэ үнэлэгчдийг л шүүхээр баривчлуулж байна. Биеэ үнэлж байгаа охидыг баривчлаад барагдахгүй байна. Нэг баривчлагдлаа гээд тэд тэр муухай ажлаа болихгүй. Чингэлтэй дүүрэг дээр нэг удаа баривчлагдлаа гэхэд дараа нь Сүхбаатар дүүрэг дээр ахиад л баривчлагдах жишээтэй. Энэ мэтээр дүүрэг хэссэн биеэ үнэлэгчид зөндөө байна.
 
-Биеэ үнэлж байгаа охидын дундаж нас хэд байна вэ?
 
-Залуужиж байгаа. Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид биеэ үнэлэх нь ихэсч байгаа. Хамгийн залуу нь 12 настай охин ч байгаа тухай цагдаагийн ажилтнууд мэр сэр ярьж байна. Энэ бусармаг үйлдлийг дэврүүлж байгаа нь мөнгөтэй хүмүүс байх жишээтэй. Онгон охид хэрэгтэй гээд мөнгөтэй хүмүүс ийм үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс, газруудад захиалга өгчихдөг. Тэд өндөр үнээр мөнгөтэй хүмүүст олж өгдөг.
 
Ийм учраас Ерөнхий боловсролын сургуулиуд дээр багш, эцэг эхчүүд маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Хуучин бол дүүрэг бүрт хүүхдийн байцаагч цагдаагийн ажилтан байхад ерөнхий боловсролын сургуулиуд дээр тодорхой мэдээлэл, урьдчилан сэргийлэх үйл ажиллгаа явуулдаг байлаа.
 
Хүүхдүүдэд садар самууны хор уршиг, үр дагаварын талаар зарим хуулийн заалтуудыг нас, сэтгэхүйд нь тааруулан хөөрхөн сурталчилан таниулдаг байсан. Гэтэл одоо хуүхдийн байцаагч байхгүй болчихсон. Урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, хүүхдийн байцаагч гээд 3-4 хүн байдаг байсан. Одоо нэг ч байхгүй. Тэр орон тоог бүр хасаад хаячихсан.
 
Одоо ганц хорооны хэсгийн байцаагч байна. Засгийн газрын 153 дугаар тогтоолоор жишиг норматив тогтоодог. 4000 хүн амд нэг хэсэгийн байцаагч байх ёстой. Гэтэл одоо дунджаар долоо, бүр түүнээс дээш 12 мянга хүртэлх хүн амд нэг хэсгийн байцаагч ажиллаж байна. Тэдэнтэй би ажил үүргийн дагуу уулзахад Ерөнхий боловсролын сургууль дээр ажиллах асуудал орхигдчихсон байна лээ.
 
Би нийслэлийн тэргүүний тавдугаар сургууль дээр очоод сэтгэл эмзэглэж л байлаа. Дэг журамгүй, хичээл нь цагтаа орохгүй, багш нар нь байхгүй гээд боловсролын системд өөрийн зүгээс үнэлгээ өгөхөд муудчихсан юм билээ. Ийм байхад хүүхдүүд урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа ажил, хууль сурталчилах ажлыг сонсох манатай.
 
Хичээл номоо ч бүрэн гүйцэт сонсч, сургуульд сурч чадахгүй байна шүү дээ. Ар гэр асран хүмүүжүүлэгчид зөвхөн сургуульд даатгах биш өөрсдөө хяналт тавиж, өөрсдөө хариуцах ёстой. Дэндүү сул задгай хараа хяналтгүй байна. Гэр орноосоо хүүхдүүд нэг хоёр хоногоор алга болох юу ч биш болсон байна.
 
Хуучин цагт нэг хоног бүү хэл 22:00 цагаас хойш хүүхэд алга болоход яаж санаа зовдог байлаа. Гэтэл одоо эцэг эхчүүд зөнд нь орхичихсон болохоор насанд хүрээгүй хүүхдүүд орой үдэш согтууруулах ундаа хэрэглэх, биеэ үнэлэх нь энүүхэнд болчихоод байна.
 
-Гаднын улсуудад биеэ үнэлэгч авсан этгээдийг хэрхэн шийтгэдэг юм бол?
 
-Солонгост биеэ үнэлэгч худалдаж авсан иргэнд маш өндөр торгууль оногдуулдаг. Биеэ үнэлэгчийг журамлах нэг шөнийн арга хэмжээний үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст биеэ үнэлэгч авсан солонгос иргэд ирсэн. Элчингээс нь хүн ирээд надаас асууж байсан. Манай иргэдэд ямар хариуцлага тооцох гэж байна вэ гэж. Тэгэхээр нь ямар ч хариуцлага тооцохгүй. Зүгээр бичиг баримт, визний зөрчил, ямар шугамаар орж ирснийг нь шалгасан юм. Өөр асуудал, хүлээлгэх хариуцлага байхгүй гэсэн. Гэтэл элчингээс ирсэн хүн биеэ үнэлэгч авсан иргэнийг манай улсад асар өндрөөр торгодог, танайх тэгвэл амар юм байна даа гээд инээгээд гараад явж байсан. 
 
Биеэ үнэлэгчдийг авч байгаа этгээдэд хуулийн арга хэмжээ тооцоод, орон байраар хангаж, санхүүжүүлж, зуучилж байгаа байгууллагуудад нэлээд дорвитой арга хэмжээ авахгүй бол биеэ үнэлэлт зогсохгүй.
 
Ц.Мөнх
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин