sonin.mn

Өнөөдрөөс цагдаагийн байгууллагууд бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ. Мөн энэ сарын 31-нээс шинэ оны эхний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болсон талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа ЦЕГ-ынхан онцлов.

Түүнчлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ иргэд, үйлчлүүлэгчдийн болон өөрсдийн амар амгалан тайван, аюулгүй байдлыг хангаж, зөв боловсон, соёлтой үйлчилж, баяр ёслолыг гэмт хэрэг, зөрчилгүй, тэмдэглэхийг сэрэмжлүүллээ.

-Аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн ажилтан алба хаагчдын шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ёслолын арга хэмжээнд оролцож байгаа алба хаагч, ажилчиддаа зориулан нийтийн унаа тээврийн хэрэгслийг ажиллуулах

-Ганц нэгээр болон харгалзах хүнгүй яваа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж гэрээт такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргүүлэх арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах

-Байгууллага аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нарт ажилтан албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, гэрт нь хүргэж өгөх талаар зөвлөх, хороо хариуцсан хэсгийн байцаагчтай хамтран санамж, сэрэмжлүүлэг боловсруулж, үйлчлүүлэгч нарт тарааж өгөх, харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах

-МУ-ын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7-р зүйлийн 7,8 дахь заалт, 6 дугаар 6.1 дэх заалтуудыг баримтлан ажиллах

-Үйлчлүүлэгч иргэдийн бичиг баримтыг шалгах, 21 насанд хүрээгүй, бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй байх

-Хуульд заасан цагийн хуваарийг чанд мөрдөн ажиллаж, Пүрэв, Баасан, Бямба гарагт 03.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах үедээ 00:00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчилэхгүй байх

-Цагдаагийн байгууллага алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулахгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллаж, шинэ жилийн баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 Ж.Болор

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг