sonin.mn

Архины хэрэглээ хэрээс хэтэрч, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн талаар ярьж, Ерөнхийлөгчөөсөө эхлээд сумын нэг баг хүртэл архитай тэмцэхээр болсон билээ. Нэг хүнд 33 литр архи ногддог тухай судалгаа бий.

Харин үүний хэдэн литр нь чанарын шаардлага хангасан бол гэдэг нь бас л сонирхолтой. Өнөөдөр зах зээлд хямдхан гэх тодотголтой чанар, эрүүл ахуйн шаарлагад бүдрэх олон арван төрлийн архи худалдаалагдаад эхэлжээ.

Тухайлбал саяхан татварын акц тэмдэг нь хуурамч 163 шил архийг илрүүлэн хураан авсан байна. Энэ нь тухайн архи үйлдвэрлэсэн үйлдвэр, газар татварын албанд бүртгэлгүй, улсад нэг ч татвар төлөөгүй байж хуурамч тэмдэгт наан худалдаалж байсан гэсэн үг юм.

Дэлгүүрийн худалдагч нар Онцгой албан татварын тэмдгийн хуурамч, жинхэнийг нь таньж чадахгүйгээс болж хямд үнэтэй архийг худалдан аваад борлуулж байгаа тохиолдол ч гарсан гэж байна. Түүнчлэн улсын хилээр нэг иргэн 0.5 литрээс ихгүй архи, согтууруулах ундаа нэвтрүүлэх эрхтэй байдаг.

Заасан хэмжээнээс хэтрүүлбэл зөрчлийг арилган, устгалд оруулдаг хуультай. Гэтэл их хэмжээний архи согтууруулах ундааг оруулж ирсэн Хятад иргэдийг нэвтрүүлчихсэн явдал саяхан болжээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг илрүүлж, хууль бусаар хилээр орж ирсэн их хэмжээний согтууруулах ундааг устгалд оруулахаар болсон аж.

Ер нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс энэ төрлийн хяналт шалгалтыг тогтмол явуулдаг ажээ. Энэ нь ч бодит үр дүнг үзүүлдэг байна. Тухайлбал, өнгөрсөн жил "Хямд үнэтэй архи” нэртэй аян зохион байгуулж байсан. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 385 хүнсний дэлгүүр байдгаас 287 нь архи согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөлтэй аж.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын 91 тоот тогтоолыг зөрчин архи худалдаалж зөрчил гаргасан дэлгүүрүүдээс' согтууруулах ундааг хураан авч улсын орлого болгож байжээ. Мөн “00:00 цагаас хойш архи худалдаалж байна” гэсэн мэдээлэл иргэдээс байнга ирдэг, хууль тогтоомжийг удаа дараа зөрчин архи согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрүүдийн эздийг Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгож байсан байна.

Энэ сард гэхэд л Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэсээс шөнийн цэнгээний газрууд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад IX хороонд байрлах “Жаргалант” ХХК-ийн “We" XI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аврага чоно” ХХК-ийн “Оzonе” зэрэг шөнийн цэнгээний газрууд, мөн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити шоп” ХХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаагаар үйлчилсэн нь нотлогдож, хууль бусаар олсон орлого болох 212 мянган төгрөг, 544 лонх пиво, 108 шил архи, дөрвөн нэр төрлийн 255 хайрцаг тамхийг тус тус хураан улсын орлого болгож байсан.

Дээрх тамхи, согтууруулах ундаанаас хугацаа нь дууссан архи, тамхи илэрсэнийг дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгалд оруулсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, хууль бус үйл ажиллагаатай захиргааны зөрчил удаа дараа гаргадаг бүхий л байгууллагуудад анхааруулга өгч байжээ.

Дээр дурьдсан хятад иргэдийн хууль бусаар оруулж ирсэн их хэмжээний согтууруулах ундааг өчигдөр Хан-Уул дүүргийн XII хороонд байрлах Морингийн давааны хогийн цэгт аваачиж устгалд орууллаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах “Дүүргийн хэмжээнд 2014 он гарснаас хойш хоёр дахь удаагаа энэ төрлийн устгалыг хийж байгаа юм. Энэ устгал нь эцсийн эцэст монголын ард түмнийг аюултай бүтээгдэхүүнийг хэрэглэхээс сэргийлсэн арга хэмжээ болж байна. Ер нь цаашид энэ төрлийн хяналт шалгалтыг илүү өндөржүүлж ажиллах шаардлагатай гэдгийг эндээс харж болохоор байна. Ийм хууль бус зүйлийг оруулж ирж байгаа иргэдэд зохих хуулийн хариуцлагыг тооцох хэрэгтэй" гэдгийг онцолж байлаа.

Хураагдсан спирт, согтууруулах ундааны зүйлийг устгах журамд “Спирт, согтууруулах ундааны зүйлийг устгах тухай тогтоол, акт гарснаас хойш 24 цагийн дотор эруүгийн хэрэг үүсгэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, захиргааны зөрчлийг илрүүлсэн эрх бүхий албан тушаалтан нь хил, гааль, эрүүл ахуй, халдвар судлалын улсын байцаагч, прокурор, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн байгууллагын ажилтан, хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас тогтоосон цэгт болон бохир ус зайлуулах шугамд асгах, шатаах зэрэг аргаар устгаж тэмдэглэл хөтөлнө.

Спирт, согтууруулах ундааг устгах ажиллагаанд хэвлэл мэдээллийн төлөөлөгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн идэвхтэн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчийг аль болох байлцуулбал зохино” гэж заасан байдаг.

Энэ журмыг үндэслэн зохих журмын дагуу устгаж байгаа нь энэ аж. Устгалын ажлыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн Захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, цагдаагийн ахмад Б.Золбаяр тэргүүтэй албаны хүмүүс гардан гүйцэтгэсэн.

Энэ үеэр Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн Захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, цагдаагийн ахмад Б.Золбаяраас дараахь зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр /өчигдөр/ хичнээн нэр төрлийн, хэдий хэр хэмжээний согтууруулах ундааг устгалд оруулж байна вэ?

-Өчигдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Хятад улсын хоёр иргэний Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирсэп их хэмжээний согтуурах ундааг устгалд оруулж байна.

Энд нийт найман нэр төрлийн, нэг тонн 407 литр 128 грамм хятад архийг устгалаа. Уг устгах үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Устгал хийх зориулалтын хогийн цэгт ирж устгалаа хийж байна.

-Сүхбаатар дүүргийн цагдаа-гийн хэлтэс өмнө нь энэ төрлийн устгалыг хичнээн удаа хийж байсан бэ?

-Хяналт шалгалтын дүнд илэрсэн устгах шаардлагатай согтууруулах ундааг устгадаг. Энэ төрлийн ажил хийгддэг. Харин устгалын газрууд энд тэнд, өөр өөр газарт байдаг учраас тэр болгон мэдээлэл хүргэж чаддаггүй.

-Хууль бусаар согтуурах ундаа нэвтрүүлсэн хятад иргэд Монгол Улсад хууль бусаар оршин суудаг уу?

-Монгол улсад түр оршин суугч иргэд байсан. Эдгээр иргэд зохих хуулийнхаа дагуу хариуцлага хүлээнэ. Яг одоогийн байдлаар шалгалтын ажил явагдаж байгаа.

Мөн тэрээр ард иргэддээ шошго тэмдэг нь тодорхойгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс аль болох татгалзахыг анхааруулсан юм.

А.Халиун

Эх сурвалж: