sonin.mn

Мал эмнэлгийн салбар хүн эмнэлгийнхэн адил үйл ажиллагаатай байх чухал салбарын нэг. Гэтэл сүүлийн үед мал эмнэлгийн салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж, эм, тариа, вакцин, тоног төхөөрөмжөөр нь бизнес хийж, гадаадын судлаачид монгол мал дээр туршилт хийх болсон.

Мал эмнэлгийн салбар энэ байдлаас хэрхэн гарч болох талаар болон цаг үеийн асуудлаар Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтохтой ярилцлаа.

-Мал өсөхийн хэрээр янз бүрийн өвчин гарах нь ихэслээ. Малаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд мапчид малдаа вакцин хийлгэх шаардлагатай. Гэтэл сүүлийн үед энэ нь хэсэг бүлэг хүний бизнес болоод байх шиг. Энэ салбарт олон жил ажилпаж байгаа хүний хувьд үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Ямар ч вакциныг аль ч улиралд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэдэг. Тухайлбал, шүлхий өвчин хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд гарах магадлал өндөр.

Тиймээс шүлхий гарах магадлалтай бүс нутаг болон малынхаа тоо толгойг тогтоож вакцинаа бэлтгэх ёстой. Зүүн гурван аймгийн үхэр шүлхийгээр өвчлөх магадлал их.

Тухайлбал, 2013 онд Дорнод аймагт 120, Сүхбаатар аймагг 170, Хэнтий аймагт 200 гаруй мянган толгой үхэр байна гэсэн статистик тоо гарсан. Зүүн гурван аймаг ийм тооны үхэртэй. Зөвхөн эдгээрийг л вакцинжуулах хэрэгтэй.

Түүнээс биш бүх мал сүрэг, ан амьтныг вакцинжуулах шаардлагагүй. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин гарах үеэр арав гаруй тэрбум төгрөгийн зардал гаргаж, зүүн гурван аймгийн 3500 гаруй үхрийг устгасан. Гэтэл зүүн гурван аймгийн 5-6 сая гаруй малаас зөвхөн ийм тооны мал л шүлхий өвчнөөр өвчилсөн бусад мал нь өвчлөөгүй гэсэн үг.

Ингэж эрсдэлийн үнэлгээг тооцож, ямар малыг хэчнээн тунгаар вакцинжуулахыг тооцох ёстой. Аль нэг аймгийн нэг суманд малын өвчин гарахад ҮХААЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Мал эмнэлэг үржлийн газрынхан тухайн аймгийн бүх малыг вакцинжуулдаг. Энэ бол буруу бодлого.

Уг нь тухайн сум, баг, хот айлын хэмжээнд өвчнийг дарах боломжтой байдаг. Гэтэл ингэж аймгаар нь хавтгайруулан, вакцинжуулж байгаагийн цаана малын эмийн худалдаачдын захиалга явж байна. Гэтэл халдварт өвчинтэй тэмцэх эм, вакцины бодлого шинжлэх ухааны үндэс тооцоотой, эрсдэлийн үнэлгээтэй хийдэг ажил.

-Өнгөрсөн жил улсын бүртгэлд бүртгэлгүй вакциныг гадаадаас оруулж ирсэн тохиолдол гарсан. Малын вакциныгямар тогтолцоогоор шийдэх ёстой вэ?

-Мал эмнэлгийн салбар хүн эмнэлгийн үйл ажиллагаатай адилхан. Тухайлбал, хүнд халдварладаг эбола өвчинтэй яаж тэмцэж байна, үүнтэй адилхан малын өвчинтэй тэмцэх ёстой. Монголынхоо онцлогт тохирсон байдлаар зөв аргаар тэмцэх хэрэгтэй л дээ.

Гадаадаас импортолж байгаа эм, тариа, вакцин маш сөрөг нөлөөтэй. Өнгөрсөн өвөл, хаврын заагт шүлхий өвчин гарсан. Энэ үеэр ОХУ болон Хөх хотод үйлдвэрлэсэн манайд худалдах эрхгүй вакциныг ҮХААЯ, мал эмнэлгийн үржлийн газрынхан гэрээ байгуулж оруулж ирээд зарсан.

Ийм буруу үйл ажиллагааны цаана чанаргүй, улсын болон мал эмнэлгийн салбарын хөгжлийг уруу татсан бодлогыг хэрэгжүүлж байна. Монголд худалдаалж болно гэсэн зөвшөөрөлтэй вакциныг улсын бүртгэлд бүртгэх ёстой.

Эхлээд малын халдварт өвчин аль бүс нутагт гардаг гэдгийг тогтоож, үүний дараа малчид болон орон нутгийн малын эмч нар вакцины захиалгаа өгдөг. Түүнийг нь бодлого барьдаг, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс хянаж, зардлыг нь улсын төсөвт суулгадаг.

Ийм дараалалтай хэрэгжих ёстой. Харин одоо энэ зүй дараалал эсрэгээрээ хэрэгжиж байна. Малчдад малын эмчилгээний эмийг худалдаж авч өгдөг тогтолцоо хаана ч байхгүй. Гэтэл манайд Засгийн газраас тогтоол гаргаад худалдаж авч өгдөг.

-Манай улсын мал сүрэгт яг хэчнээн тун вакцин шаардлагатай байдаг вэ. Жишээлбэл, энэ жил хэчнээн тун вакцин гадаадаас авах гэж байна вэ?

-Өнгөрсөн оны мал тооллогоор манай улс 45 сая 150 мянга орчим малтай гэсэн дүн гарсан. Гэтэл сүүлийн гурван жилийн байдлаар бруцеллёзын 70 гаруй сая тун вакцин оруулж ирж тарьсан.

Уг нь энэ өвчний вакциныг зөвхөн 3-6 сартай охин тугал, хурга, ишгэнд хийдэг. Гэтэл манайхан бүх л малыг тарьдаг. Энэ жил мал эмнэлгийн үржлийн газрынхан 37 сая тун вакцин авахаар захиалсан байна лээ. Энэ нь улсын бүх малыг тарихаар тооцож захиалсан байна гэсэн үг.

Тэд буруу зүйл төлөвлөсөн гэдгээ ойлгож хасаад 17.5 сая тун болгосон байна лээ. Үүнийг дахиад ч багасгах хэрэггэй. Ирэх жилийн бүх төлийг тарихад 10 сая тун вакцин л хэрэгтэй. Малд зайлшгүй хийх ёстой вакцин гэж байхгүй.

Тиймээс зөвхөн өвчин гарах магадлалтай бүс нутгийн малыг л тарих ёстой. Малчин болон малын эмч хүсээгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, олон улсын жишигт нийцээгүй, төсөв мөнгө их хэмжээгээр нь зарцуулсан ийм зүйлийг л манай Мал эмнэлэг үржлийн газрынхан хийж байна. Үүнийг л зогсоох хэрэгтэй.

-Хэдхэн сарын өмнө Төв аймагт малын галзуу өвчин гарсан. Гэтэл галзуу өвчний эсрэг тарих вакцин улсын хэмжээнд тасарсан гэж байсан. Шаардлагатай вакциныг нөөцлөх боломж байхгүй юу?

-Тодорхой хэмжээний вакцин нөөцөнд байж болно. Түүнийг шаардлагатай үед нь хэрэглэх ёстой. Хэрэв хэрэглэх шаардпага гарахгүй бол устгалд оруулдаг. Манайд одоо ийм тогтолцоо алга. Вакцин авчирсан бол бүгдийг нь ямар ч хамаагүй малд тарьж дуусгадаг. Галзуу өвчнөөс сэргийлэх сая гаруй тун вакциныг жилд бэлтгэж авдаг.

Аливаа өвчинтэй тэмцэхдээ шалтгаантай нь тэмцэх учиртай. Өөрөөр хэлбэл, чоно, үнэгний галзуутай тэмцэх үү эсвэл 45 сая малынхаа өвчинтэй тэмцэх үү гэдгийг бодох хэрэгтэй л дээ. Дэлхийн жишгээр ан амьтныхаа галзуутай тэмцэх учиртай. Гэтэл манайхан нөгөө л нэг вакцины бизнесээ хийж, малынхаа галзуу өвчинтэй тэмцээд байх юм.

-Мал төрийн өмч биш, хувь хүний өмч болоод удаж байна. Тиймээс малчдын амьдралд тэр болгон төр оролцоод байх шаардлага байна уу?

-Хүн, мал хоёрыг өвчлүүлдэг өвчнийг зооноз гэдэг. Үүнтэй төр тэмцэх ёстой. Ялангуяа боом өвчин малаас хүнд халдварлах магадлалтай. Мал эмнэлгийн газраас жилд 2-4 сая мал буюу нийт малын 5-10 хувийг боомын вакцинд хамруулдаг. Энэ бас л их тоо.

Боомоор өвчлөөд үхсэн малыг ашиг олохын тулд махыг нь малчид зардаг. Ийм тохиолдол саяхан төв аймагт гарсан. Өөрсдөө халдвар авчихаад тагээд болоогүй нийгэмд тарааж байгаа нь хүнийг алж байгаатай адил. Тиймээс малчдын сэтгэхүйг өөрчилж, нийгмийн ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй.

Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн “Үнэгүй өгч байна" гээд л эм, тариа, вакциныг малдаа хэрэглээд байж болохгүй. Энэ нь иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, цаашлаад нийгэм, салбарын хөгжлийг доройтуулж байна. Үүнийг л зах зээлийн сонгодог хэлбэр рүү оруулах цаг болсон.

-Бүх малыг вакцинжуулж, янз бүрийн эм тариаг малчид малдаа хэрэглээд байвал бид зуун хувь эрүүл мах, сүү хэрэглэх магадлал ховор юм. Цаашлаад үндэсний аюулгүй байдлын талаар ч хөндөгдөх байх?

-Малаа эрүүл байлгаж, мах сүүг зах зээлд борлуулах нь малчин хүний үүрэг. Экологийн цэвэр бүтээгдэхүүн чухал болсон талаар дэлхий нийтээрээ ярьж байна. Эм, тариа бага хэрэглэсэн малын махыг хэрэглэх бололцоо бидэнд байна. Гэтэл төр дундуур нь орж, элдэв төрлийн вакцин малд хийж, малчныг хохироож байна.

Малын эмч болон мал эмнэлгийнхний амьдрах арга эм, вакцин зарах биш. Тэд малчдад үйлчилгээ үзүүлж, шинжилгээ хийх ёстой. Модны гарал үүслийн гэрчилгээ гэдэг шиг малын маханд ч гэсэн түүнийг гаргаж өгөх нь зөв.

Өөрөөр хэлбэл, тухайн мал сүүлийн гурван сар эм, тариа хэрэглээгүй. Тиймээс энэ малын махыг аль ч зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой гэдэг баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Ийм зүй тогтлоор ажиллаж, мал эмнэлгээ хөгжүүлж, малын эмч нар орлого олох ёстой.

-Шүлхий өвчнөөр өвчилсөн малыг шатаах зориулалтын зуухыг нэлээд өндөр үнээр өнгөрсөн жил худалдаж авсан. Тэр зуух одоо хаана байгаа вэ. Ашиглаж байгаа юу?

-Тухайн үед шүлхий өвчнөөр далимдуулж хийсэн хүмүүсийн бизнес. Зуухыг 580 гаруй сая төгрөгөөр авч байсан. Одоо ямар ч хэрэгцээгүй Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хашаанд байна. Нэг ч өдөр ашиглаагүй.

Орон нутаг руу ачаад явах машин ч байхгүй. Нэг үхрийг задгай талбайд шатаахад 2-3 өдөр болдог. Тэр зуух 2-3 үхэр шатаах багтаамжтай гэсэн. Хэрэв тэр зуухыг ашигласан бол Дорнод. Сүхбаатар аймагт устгасан 3500 гаруй үхрийг шатаахад 2-3 жил болох байсан байх.

-Энэ үеэр устгалд оруулсан малын эздэд нөхөн олговор олгох талаар ярьж байсан. Гэтэл тухайн нутгийн малчид зарим нь аваагүй гэсэн яриа байна?

-Өнгөрсөн өвөл, хавар Сүхбаатар аймагт гарсан малын евчний үед устгасан 3540 толгой үхрийн нөхөн олговрыг олгоно гэсэн. Үүнд 3-4 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Ийм зүйл хийж болохгүй.

Улсын төсвийн бүрдэлт муу байгаатай холбоотойгоор өгөөгүй оройтож байгаа байх. Гэхдээ зарим тохиолдолд тодорхой хэмжээний нөхөн олговор өгөх зайлшгүй шаардлага гардаг. Тухайлбал, хүний хувийн өмчийг буруу аргаар эсвэл нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үед устгасан тохиолдолд нөхөн олговор өгч болно.

-Малын ямар нэгэн халдварт өвчин гарсан тохиолдолд шинжилгээг гадаадад хийлгэдэг. Уг нь манайх мал эмнэлгийн лабораторитой. Дотооддоо шинжилгээ хийх боломж байдаггүй юм уу?

-Дотооддоо шинжилгээ хийх бололцоог бүрдүүлж болно. Хамгийн гол нь ажилчдын мэдпэг чадварын асуудал чухал. Манай салбарын эрдэм шинжилгээ, судалгааны лаборатори, төр засгийн байгууллагад сонгуулийн сурталчилгаанд оролцож хайрцаг барьж гүйсэн эсвэл хэн нэгэнд хэдэн төгрөгийн авлига өгсөн хүмүүс ажиллаж байна.

Тухайлбал, агентлагийн дарга, лаборатори, үйлдвэрийн захирлаар өөр мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна. Өнгөрсөн жил Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар эдийн засагч мэргэжилтэй хүн ажиллаж байсан.

Одоо улсын Мал эмнэлгийн газрын даргаар дэлгүүрийн лангуун дээр 20 жил суусан хүн, ҮХААЯ-ны Мал аж ахуйн газрын даргаар матетамтикч мэргэжилтэй, Сүхбаатар аймагг УИХ-ын гишүүн М.Зоригтын сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан хүн ажиллаж байна. Ийм хүн даргаар нь ажиллаж байгаа учраас л улсын бүртгэлгүй вакцин авах гэрээ хийж байгаа юм.

Ийм хүмүүс мэргэжлийн байгууллагыг зөв замаар удирдаж чадахгүй. Манай салбарт нарийн мэргэшсэн 5-10 жилээр бэлтгэгдсэн хүмүүс л ажиллах ёстой. Гэхдээ энэ ганцхан манай мал эмнэлгийн салбарт байгаа юм биш. Ерөнхийдөө олон салбарт ийм гажуудал байна.

-Мэргэжлийн бус хүмүүс энэ салбарт ажиллаад байна гэхээр ХААИС-иас бэлтгэдэг боловсон хүчин хаана ажиллаад байна вэ. Мен сүүлийн үед монгол малыг судалж, эрдмийн зэрэг хамгаалдаг хүмүүс их болжээ?

-Олон улсын арав гаруй байгууллага хамтарсан судалгаа хийж монголын нийгмийн хөгжлийн доройтлын шалтгаан нь дээд боловсролын чанаргүйдэл гэж гаргасан. Их дээд сургуулиуд гадаадад байтугай дотооддоо өрсөлдөх чадваргүй боловсон хүчин бэлтгэж байна.

Монголын шинжлэх ухаан, боловсрол аль ч төвшиндөө дипломын наймаа болсон. Дипломоор хүнийг үнэлдэг буруу тогтолцоо манайд байна. Ажлын байрны шаардлага гаргах хэрэгтэй.

Жишээлбэл, өнгөрсөн жил БШУЯ-наас их, дээд сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт зарласан. Тэгэхэд шаардлагад нь докторын зэрэгтэй гэж бичсэн байсан. Хамгийн гол нь ямар докторын зэрэгтэй Гэдгийг нь нарийн тусгах хэрэгтэй. Тэгээгүй учраас янз бүрийн докторын зэрэгтэй хүмүүс өрсөлдөж байгаа юм.

Манай мал эмнэлгийн салбар ч гэсэн ийм жишигтэй болсон байна. Мэргэжлийн чадварлаг хүнийг мал эмнэлгийн салбарт ажиллуулах гэхээр олдохгүй байна. Авлига, луйварчдын баг бүрдсэн байгаа учир мал эмнэлгийн салбарын чадамж буурсан байна. Тийм учраас гадаадын хэн нэгэн хүн ирээд хоёр, гурван өгүүлбэр хэлэхэд дагаж гүйгээд байна.

Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлагийн шугамаар нэг судлаач ирж бруцеллёз өвчний судалгаа хийж байна. Фармако экономист буюу эдийн засагч мэргэжилтэй. Ийм хүн манайд ирээд “Монголын бруцеллёзтой ингэж тэмцэх хэрэгтэй” гээд хичээл зааж байна. Ямар ч зорилготой нь мэдэгдэхгүй, цүнх үүрсэн хүмүүсийн үгийг хэрэгжүүлж, туршилт хийж болохгүй.

-Нүүдэлчин удамтай малчин монголчууд гэж ярьдаг. Гэтэл малын махны үнэ тэнгэрт хадаж, өөрсдөө ч махаа идэж чадахгүйд хүрээд байхад гадаад руу мах экспортлох бололцоотой гэж ҮХААЯ-ныхан үздэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол цөөн хэдэн компанийн шоу. Манайд гадаад руу экспортлох малын мах байхгүй. Жишээлбэл, 2.9 сая толгой үхэртэй. Үүнээс тугал, бяруу, саалийн үнээг нядлах ёсгүй. Ингээд бодохоор 500 мянган үхэр нядлах боломжтой.

Гэтэл энэ нь дотоодынхоо зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй. Тиймээс л махны үнэ өндөр байна. Эрдэнэт хот дахь махны хоёр үйлдвэр ОХУ руу мах экспортлох эрх авлаа гэж сурталчилж байсан. Энэ хоёр компани удаан ажиллахгүй.

Нэгдүгээрт, энэ жил 50 мянган үхрийн мах экспортоллоо гэхэд дараа жил дахиад ийм тооны үхэр олдохгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Танай эмнэлэг манайх руу мах экспортлоход баталгааг нь гаргаж чадах юм уу. Чадвал авья” гэж байна лээ. Гэтэл манайхан махаа гулуузалж, задгай тэвштэй машин дээр ачаад, гутлаараа гишгэдэг.

Ийм тогтолцоогоор бэлтгэсэн махыг тэд хэзээ ч авахгүй. Хоёрдугаарт, манайд мах, сүү бэлтгэдэг тогтолцоо байхгүй. Хотын сүүний үйлдвэрийг хэдэн хот айл сүүгээр хангаж байна. Тэдний мал өвчтэй, эрүүл нь тодорхой бус байна.

Жилийн дөрвөн улиралд тогтвортой төдий хэмжээний сүү нийлүүлнэ гэсэн ферм алга. Тиймээс л сүүний үйлдвэрүүд хуурай сүү найруулан зарж байна. Тогтвортой зах зээлтэй, байнгын харилцагчтай, тогтолцоо нь зөв байж мах экспортлох боломжтой шүү дээ.

С.Юмсүрэн

Эх сурвалж: