sonin.mn

Мэргэжлийн хяналтын өрөнхий газрын энэ оны хяналт, шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль дүрэм, журам, стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шалгасан байна.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний чанарын аюулгүй байдлыг хариуцсан ахлах байцаагч Д.Ургамалаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Шалгалтад нийт хичнээн байгууллага хамрагдсан бэ?

-Аймаг, нийслэлийн хэмжээгээр нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газар, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/, зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газар хамрагдсан.

Сүүлийн арван жилийн хугацаанд улсын хэмжээнд гарсан хоолны хордлогын материалыг нэгтгэн, дүн шинжилгээ хийхэд нийт 78 хоолны хордлого гарсан ба үүнээс аймгийн хэмжээнд 59 тохиолдол (76%), нийслэлийн хэмжээнд 19 тохиолдол (24%) бүртгэгдсэн байна.

Тандалт судалгаанд хамрагдсан нийт 38 нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний 12 буюу 31,5 хувийн шошгонд олон улсын Е кодыг бичсэн /”Чили” соус, “Мөөгтэй” цуу, "DBL” исгэгч, Орос, Польш улсын хоол амтлагчууд/, Герман, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Япон, Итали, Малайз, Америк, Энэтхэг зэрэг улсаас импортолсон байгаа.

Мөн аж ахуйн нэгжүүд нь хүнсний нэмэлтийг хоолны технологийн картад дутуу тусгасан, баримжаагаар хэрэглэдэг, зарцуулалтын бүртгэл хөТөлдөггүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтөнд тусгаагүй байсан.

-Ямар зөрчил илэрсэн бэ?

-Хяналт шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажиллагсад хувцас солих өрөөгүй байсан. Мөн гал тогооны өрөөнд хувцсаа сольдог, хүнсний агуулахгүй, бэлтгэл өрөө, тасалгаагүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг зэрэг зөрчил илэрсэн.

Үүнээс гадна стандартын шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, ажлын байрны нөхцөл тодорхойлох хэмжилт шинжилгээгүй, ажлын байрны ариун цэврийн шаардлага хангагдаагүй байсан.

166 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар мэргэжлийн тогоочгүй үйл ажиллагаа явуулж байсан байна. Тухайлбал,нийслэлд 14,8 хувь, Сүхбаатар 21,1 хувь, Говь-Алтай 2,6 хувь гэх мэт байсан юм.

-Зөрчилтэй гарсан аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авсан бэ?

-Нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрсдлийн үнэлгээ хийсэн. Давхардсан тоогоор нийт 13505 зөрчил илрүүлэн үүний 65,2 хувийг газар дээр нь арилгуулсан байгаа.

Мөн 97 хоолны газрын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоох акт тавьж, зориулалтын бус ажлын байртай 84 газрын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлүүлсэн. Хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн аж ахуйн нэгж, иргэнд 90515,5 мянган төгрөгийн торгууль тус тус ногдуулсан.

-Танайхаас аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийгээд зөрчил гарсан тохиолдолд арга хэмжээ авдаг. Харин арга хэмжээ авсны дараа зарим аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа үргэлжпүүлсээр байдаг. Үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдолд хэн хяналт тавьдаг вэ?

-Манай байгууллагаас хяналт тавьдаг. Хэрэв зөрчилтэй байгаад хугацаатай үүрэг даалгавар өгөөд зөрчлөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаа хэвийн явагддаг юм.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: