sonin.mn

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Н.Жаргал “Сүхбаатар дүүргийн газрын албаны нэр бүхий хүмүүс миний хувийн өмчийг ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржид өгчихлөө” гэж мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч М.Бямбажаргалаас дараах зүйлийг тодрууллаа.

-Танай дүүргийн Газ­рын албатай холбоотой гомдлыг иргэн Н.Жаргал гэж хүн гаргаад байгаа. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Иргэн Н.Жаргал гэдэг хүн твиттер, фэйсбүүкээр манай ажилчдын нэр хүндийг гутаасан мэдээлэл гар­гаад байгаа. Энэ хүнийг яагаад ингэж худал мэ­дээлэл тарааж байгааг гай­хаж байна. Уг нь түүний авсан газрын захирамжийг хүчингүй болгосон гэдгээ түүнд албан ёсоор мэдэгд­сэн.

Хүчингүй болгосныг нь өөрөө мэдсэн мөртлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийгөө зөвтгөж бид­нийг буруутан мэтээр ойл­голт өгсөн нь харамсалтай байна. Бид хуулийн дагуу л ажлаа хийсэн.

-Үнэхээр та бү­хэн ҮХАА-н сайд Ш.Түвдэн­доржид тэр газрыг нь өгчих­сөн юм биш биз?

-Өнөөдөр бид төрийн аж­лыг хуулийн дагуу хийж байгаа. Түүнээс Ш.Түвдэн­дорж гэдэг хүнд өгсөн үү, үгүй юу гэдэг нь огт хамаагүй. Учир нь бид газ­рынхаа асуудлаар газрын алба гэж явж байгаа учраас хоёр хүний хоорондын хэрүүл маргаанаас болж нэг талд нь үйлчилнэ гэж байхгүй.

-Яагаад газрын маргаа­ны асуудал гарах болов?

-Н.Жаргалын авсан газ­рын хамгийн анхны эзэм­шигч нь Б.Пүрэвжаргал гэж хүн байсан. Энэ хү­ний эхнэр нь Одхүү гэ­дэг хүнд итгэмжлэлээр өг­сөн юм билээ. Дараа нь Б.Пүрэвжаргал Одхүүд өг­сөн газрыг цуцалж өгнө үү гэж манайд хүсэлт гаргасны дагуу газар эзэмших захи­рамжийг нь цуцалсан.

Миний өмнө ажиллаж бай­сан газар зохион бай­гуулагч Б.Төмөрбаатар хү­чингүй болгосон захи­рамжийг нь мэдээллийн сангаас уст­гаагүй байсан. Үүний улмаас Н.Жаргалд газар олголтын захирамж гарсан гэсэн үг.

Гэхдээ Одхүүгийн газар эзэмших захирамжийг 2013 оны арванхоёрдугаар сарын 30-ны 522 тоот захирамжаар хүчингүй бол­госон гэдгийг өөрт нь олон удаа хэлж байсан. Тэгээд ч миний утсан дээр Н.Жаргалтай уулзаж юу ярьж байсан нь нотлох баримтаар үлдсэн.

-Та нар энэ сарын 13-нд Н.Жаргалын зуслангийн газар очихдоо байшинг нь хүчний байгууллагын тусламжтайгаар буулгасан гэсэн юм уу?

-Бид дүүргийн Засаг даргын захирамж гаргаад цагдаа болон онцгой байд­лын алба хаагчдыг авч очиж буулгасан. Бид байшинг буулгана гэдгээ урьдчилж Н.Жаргалд олон удаа албан ёсоор мэдэгдсэн. Удаа дараа шаардах хуудас ч хүргүүлж байсан. Буулгах асуудал бол тодорхой хуу­лийн хүрээнд явж байж буулгадаг юм.

Түүнээс ямар ч зөв­шөөрөлгүй хүний өмчид халдах нь гэмт хэрэг шүү дээ. Бид анхнаасаа Н.Жаргалд маш боломжийн санал тавьж байсан гэдгийг тэр хүн өөрөө сайн мэдэж байгаа. Тэгсэн мөртлөө ор үндэсгүй худал зүйл яриад байгаа нь харамсалтай.

Хэрвээ шаардлагатай гэвэл хамгийн анхны газар эзэмшигч Б.Пүрэвжаргалын газрын захирамж цуцалж өгөөч гэсэн хүсэлтийг ч харж болно.

Бид аж­лаа хийснийхээ төлөө Н.Жаргалд гүтгүүлж болох­гүй шүү дээ. Тиймээс бид Н.Жаргалыг хуулийн бай­гуул­лагад өнөөдөр /өчиг­дөр/ өгч байна.

Р.Саруул

Эх сурвалж: