sonin.mn

Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг ихэссэнтэй холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Наранбаатартай ярилцлаа.

-Малын хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Энэ онд хэчнээн тооны мал хулгайд алдагдсан бэ?

-Монгол Улсын хэмжээнд 1970070 гаруй малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 8841 бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа хийж байгаа.

Энэ оны эхний арван сарын байдлаар 969 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад 12.5 хувиар нэмэгдсэн байгаа. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 52.7 хувьтай байна.

-Малын хулгайн гэмт хэргээр хэчнээн хүн хоригдсон бэ. Дээд тал нь хэдэн жилийн ял авдаг вэ. Хохирсон хүний хохирлыг барагдуулаад болчихдог гэж малын хулгайчид ярьдаг гэсэн?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар мал хулгайлах гэмт хэргээр 409 этгээд ял аваад явсан. Онц хүнд хэрэг байвал дээд тал нь 10 жилийн ял авна. Эрүүгийн гэмт хэрэг дотор хамгийн онцлогтой нь малын хулгайн гэмт хэрэг байдаг.

Хэрвээ хохирлоо төлчих юм бол тухайн этгээдэд тэнэсэн харгалзах ял өгчихдөг. Эсвэл тухайн хохирогчтойгоо зохицох боломжтой. Малын хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа ажиллагаа их шаарддаг.

Учир нь алга болсон малын им тамга, арьс шир нь тараад алга болчихдог. Эзэн холбогдогч олдохгүй, нотлох баримт нь алга болох гэх зэрэг хүндрэл их. Тиймээс малын хулгай гэмт хэрэг дотроо хүндэд нь ордог.

-Малын хулгайчид бүлэглэж, сүлжээний зохион байгуулалтаар ажилладаг гэдэг. Хэчнээн бүлэг , илрүүлсэн бэ. Ер нь аль аймагт малын хулгай их гардагюм бэ?

-Есөн сараас эхлэн Цагдаагийн байгууллага малын хулгайтай тэмцэх чиглэлээр зохион байгуулалттай ажиллаж байна. Иргэдийн 17 адууг хуйлгайлсан таван бүлэг этгээдийг илрүүлж, эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангиар хэрэг үүсгээд шалгаж байгаа. Эрдэнэт, Төв, Булган аймаг болон Багануурт хулгайн хэрэг их гардаг.

-Ямар ч гарал үүслийн бичиггүй мах худалдааны төв болон захуудад ирдэг. Гэтэл орон нутгийн замд цагдаагийн пост ажилладаг. Гарал үүслийн бичиггүй мах орж ирээд байгааг цагдаагийн байгууллагын хяналт сул байна гэж ойлгож болох уу?

-Улаанбаатар, Дархан, Эр-дэнэт хотын мал мах, түүхий эд борлуулдаг захуудад хяналтын камерын систем байдаг. Ингэснээр малын им, тамга, гарал үүслийн бичиг байхгүй мал, мах зарж борлуулсан иргэдийг шалгаж, гэмт хэрэг илрүүлсэн.

Мөн орон нутгаас өвлийн идшээ бэлтгэдэг иргэд гарал үүслийн бичгээ авахгүйгээр орж ирнэ. Авсан хэсэг нь дутуу бичилт хийлгэдэг. Хууль хяналтын байгууллага шалгахаар иргэд “Хүндрэл учрууллаа" гээд бухимддаг.

Цагдаагийн байгууллага таны авчирч байгаа мал мах, түүхий эдэд гарал үүслийн бичиг дутуу, бичиггүй бол ямар учиртайг нь тодруулах үүднээс сатуулах арга хэмжээ авдаг. Хэрвээ тодруулах боломжгүй бол хурааж, эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тиймээс иргэд гарал үүслийн бичиг зайлшгүй авах шаардлагатай.

-Орон нутагт гарал үүслийн хуурамч бичиг бүрдүүлж өгдөг холбогдох албаны ажилчид байдаг гэх юм. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Мал, мах зарж борлуулдаг иргэдэд гарал үүслийн бичиг хуурамчаар үйлдэж өгдөг холбогдох албаны ажилчдыг илрүүлээд шалгалт хийж байна. Илрүүлэхэд иргэдийн туслалцаа их байсан.

-Малын хулгайчдыг илрүүлэхэд цаг хугацаа их шаарддаг гэдэг. Хулгайн гэмт хэрэгтэй цагдаагийн байгууллага хэрхэн тэмцэж ажилладаг вэ?

-Цагдаагийн байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрийг таван бүс болгож, хулгайн гэмт хэрэгтэй хэсгийн төлөөлөгч болон иргэд хэрхэн тэмцэх талаар зөвлөгөө өгч байгаа. Хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт саяхан болсон.

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Булган аймгийн төвийг бүхэлд нь хамарсан хяналтын камер тавьсан. Камер тавьснаар тухайн аймгаар өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн марк болон улсын дугаарыг хадгалах боломжтой.

Мөн сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зарлан мэдээлэхэд тухайн автомашиныг олж илрүүлэхэд технологийн дэвшил гарч байна. Цаг хугацаа алдахгүй. Баруун таван аймагт хулгайлагдсан мал мах, түүхий эд Эрдэнэт, Дархан аймагт оруулж зардаг юм билээ.

Эдгээр аймаг руу явахын тулд тээврийн хэрэгсэл Булганы замаар дайран өнгөрдөг. Улсын чанартай гурван зам энэ аймгийн нутгаар өнгөрдөг. Тиймээс гурван замыг ч камержуулсан. Эрдэнэт Булган аймгийг холбосон зам дээр дэлхийн жишигт нийцсэн хяналтын төвийг 120 сая төгрөгөөр байрлуулсан.

-Цагдаагийн байгууллагын албан хаагчид малчидтай хэр тулж ажилладаг вэ?

-Орон нутгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, албан хаагчид болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид малчидтай нэгбүрчлэн уулзсан. Хүйтний улирал эхлэхээр малын хулгайн гэмт хэрэг нэмэгддэг.

Тиймээс малыг байнгын хариулгатай байлгах шаардлагатай гэдгийг малчдад хэлсэн. Малчид малаа алдчихаад цагдаад мэдэгдэхгүй өөрсдөө хайж цаг хугацаа их алддаг. Зарим иргэн малаа гурван сараар хайгаад олохгүй болохоор мэдэгдэж байна.

Мөн малчид Цагдаагийн байгууллагад хулгайн гэмт хэргийн мэдээллийг хэрхэн өгч, авах вэ гэж санал бодлоо солилцсон. Малчдыг “Бүлэг нөхөрлөл холбоо” болгон бүртгэж байна. Үүнд манай байгууллага зохион байгуулалт, удирдлагын талд нь дэмжлэг үзүүлнэ.

Тухайн нөхөрлөл холбооноос ирүүлсэн мэдээллийн дагуу сэжиг бүхий машин техник, иргэдийг шалгах ажлыг хамтран хийнэ гэсэн үг. Ингэснээр иргэдийн мэдээллийн дагуу мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ.

-Жийп болон портер машинаар хулгай хийдэг гэдэг. Гэтэл гэмт хэргийг илрүүлэх ёстой хэсгийн төлөөлөгч нь унах унаагүй байдаг. Тиймээс хэрэг илрүүлэлт удааширдаг юм биш үү?

-Хэсгийн төлөөлөгч нарыг тээврийн хэрэгслээр хангах ажил хийж байна. Ихэнх нь тээврийн хэрэгсэлтэй болж байгаа.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: