sonin.mn

Жүжигчин Д.Оюунтуул гэхээр алаг нүд нь гэрэлтсэн адтай бүсгүй санаанд буудаг. “Овжин охид” уран сайхны кинонд дүр бүтээснээр урлагийн ертөнцөд анх хөл тавьж байсан тэрээр “Шинэ үе” продакшны жүжигчин төдийгүй тайз, дэлгэцийн олон уран бүтээлд хүчээ сорьсон авьяаслаг нэгэн.

Харамсалтай нь жүжигчин Ц.Алдармаатай муудалцан халуун усанд түлэгдэж, хүнд гэмтсэн билээ. Тэдний шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, Ц.Алдармаа долоон жилийн хорих ялаар шийтгэгдсэн.

Бид “Шастины” нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй жүжигчин Д.Оюунтуултай уулзаж ярилцлаа. Маш их ядарч туйлдсан, сэтгэлийн шаналалд автсан түүнийг харахаас сэтгэл өвдөм байлаа. Өнөөх гал цогтой, эрч хүчтэй бүсгүйгээс гуниг дүүрэн алаг нүд л үлдсэн байв. Түүний яриа бусдад сургамж болох биз.

БИД МАШ ДОТНО ҮЕРХДЭГ БАЙСАН

-Өнөөдрийг хүртэл болсон явдлын талаар та хоёрын хэн нь ч ярилцлага өгөөгүй. Шүүхээр зөв буруугаа тогтоолгосон ч харамсалтай шийдвэр гарлаа?


-“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул миний бие, Ц.Алдармаа бид хоёрын хувьд анх удаа ийм муухай байдлаар нийгмийг цочирдуулсан, хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн хэрэг хийсэндээ маш их харамсч, уучлалт хүсч байна.

Тэр явдлаас хойш таван сар өнгөрлөө. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар янз бүрийн таамаглал гарч байсан. Сэтгэл санаагаар унахгүйн тулд аль болох уншихгүйг хичээсэн. Гэвч хүмүүсийн амнаас ам дамжин худал мэдээллүүд тарааж байсан ч бидний зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй.

Яагаад гэвэл мөрдөн байцаалт явагдаж байхад хэрэгт нөлөөлөх үүднээс болсон явдлын талаар хэвлэлд ярьж, гадуур тараахыг хориглосон. Өнгөрсөн пүрэв гаригт шүүх хурал болсон учраас би анх удаа танай сонинд болон “Ийгл” телевизэд ярилцлага өгч байна.

Бид урлагийн хүмүүс, олны нүдэн дээр байдаг учраас яагаад ийм муухай хэрэгт орооцолдов гэдгээ үнэн бодитоор хэлэхийг хүслээ.

-Хэрэг гардаг тэр өдөр яг юу болсон юм бэ. Ц.Алдармаа та хоёр ямар шалтгаанаар муудалцав?

-Манай продакшн аялан тоглолтоор Эрдэнэт хотод очсон байсан. Дөрөвдүгээр сарын 27-ны шөнө Ц.Алдармаа бид хоёр буудлын өрөөнд байхдаа хувийн шалтгаанаар муудалцсан.

Муудалцсан шалтгаан “Шинэ үе” продакшны хамт олон, биднийг удирдаж ажилладаг захирал Н.Ариунболд, жүжигчин Г.Ундармаа эгчтэй холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье.

Ц.Алдармаагийн үерхдэг залуу нь түүнд “Туул эгч чинь чиний тухай хов зөөсөн” гэж хэлсэн байсан. Гэтэл Ц.Алдмармаа түүний үгэнд итгэж надад уурласан. Үнэндээ би ямар ч хов яриагүй, буруугүй байсан. Асуудал ердөө л эндээс эхэлсэн. Хүн сонсоход “ээ чааваас даа” гэж бодмоор жижиг зүйл.

-Та хоёрын үл ойлголцол яг хэзээ эхэлсэн юм бэ?

-Би Ц.Алдармааг буруутгаж өөрийгөө өмөөрөхгүй. Ердөө болсон үйл явдлыг үнэнээр нь ярьж байна. Бидний үл ойлголцол 2013 оны наймдугаар сард анх эхэлсэн. Г.Ундармаа эгчийн гэрт байхад Ц.Алдармаа намайг найз залууд нь хов зөөсөн гэж зодсон. Би тэгэхэд ямар ч хариу үйлдэл хийгээгүй.

Гэхдээ би Ц.Алдармааг намайг буруугаар ойлгож гүтгээд, зодлоо гэдгээ ойлгоод ирж уучлал гуйх байх гэж хүлээж байсан. Ц.Алдармаа надаас олон насаар дүү. Бид маш дотно үерхдэг байсан.

Хоёр биенийхээ амьдралыг мэднэ, бүх нууцаа ярьдаг дотно хүмүүс. Гэтэл надаас уучлал гуйхгүй явсаар найман сар өнгөрсөн. Энэ хугацаанд дотно найзлахаа болиод жирийн  харилцаатай байж уран бүтээлээ хийж явсан.

-“Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэдэг шиг Д.Оюунтуул эхэлж ус цацаагүй бол ийм зүйл болохгүй байсан гэж ярих хүмүүс байна. Яг хэн нь эхэлсэн юм бэ?

-Бид хоёрыг буудалдаа амарч байтал Ц.Алдармаагийн найз бүсгүй ирсэн. Гурвуулаа вино хувааж уугаад ярьж суухдаа одоо л Ц.Алдармаатай учраа ололцох нь гэж бодсон. Гэтэл учраа ололцох нь бүү хэл муудалцан Ц.Алдармаа над руу виноны шил авч шидсэн.

Миний зүүн гар талд ус буцалгагч байсныг авч би нуруу руу нь цохисон. Дотор нь ус байсан гэж мэдээгүй. Шөнө дунд учраас азаар буцлам халуун байгаагүй. Манай бүжигчид салгаад өрөө, өрөөндөө орж унтсан. Найз нь хажууд байсан хэр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө намайг эхэлж буцалгагчтай ус шидсэн гэсэн байна лээ.

Өглөө нь Ц.Алдармаа өрөөнд орж ирээд намайг түлсэн гээд ахин муудалцаж эхлэхэд нь би банны өрөөнд байсан бүжигчин охид дээр ороод “Та нар өчигдөр хажууд байсан хүмүүс үнэн зөвийг гэрчлээрэй” гэж хэлж байтал Ц.Алдармаа ус буцалгаж авчраад миний баруун мөрөн дээр асгасан.

Би маш их түлэгдсэн учраас Эрдэнэтийн Гэмтлийн эмнэлэгт очиж боолгоод тэндээсээ шууд Улаанбаатар хот руу Бооёо ахын таньдаг хүний машинаар хүргүүлж Түлэнхийн төвд ирж хэвтсэн.

БИ АЛЬ ХЭДИЙНЭ ТҮҮНИЙГ УУЧИЛСАН

-Түлэнхийн төвд маш хүнд байдалтай хэвтэж эмчлүүлсэн гэсэн. Тэр хүнд үеийг яаж даван туулав?


-Дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 22 хоног Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлэхдээ 16 хоногт нь босоогоороо байсан. Хүзүү, хөх, нуруу бүтэн түлэгдсэн учраас битүү боолттой, хэвтэж болохгүй, байнга халуурч, шоконд орж маш их өвдөлтийг тэсч өнгөрүүлсэн.

Намайг аав минь 22 хоног сахисан. Үхлийн ирмэг дээр очиход намайг аварсан Түлэнхийн төвийн эмч, сувилагч, асрагч нар болон миний эмчлэгч эмч Мөнхбаатартаа баярласнаа хэлье. 22 хоног хэвтээд гарахад эмч нар “Чи сэтгэлийн тэнхээтэй байсны хүчинд хөл дээрээ бослоо. Чам шиг ийм шархтай хүн босоход хэцүү. Анх ирэхэд чинь бид айж байсан.

Дор хаяж хоёр сар хэвтэх байх гэтэл чи харин хурдан эдгэлээ” гэсэн. Түлэнхий дотор эрхтэнд хор өгдөг, уршиг ихтэй юм билээ. Түлэгдэж байсан хүмүүс л ямар хэцүү байдгийг ойлгох байх. Түлэнхийн төвд хүүхдүүд их түлэгдэж ирдэг юм байна. Би тэгж их өвдөж байхад тэр жаахан хүүхдүүд ямар хэцүү байгаа бол гэж бодохоор зүрх сэтгэл минь шаналдаг байлаа.

Эмнэлгээс гараад физик эмчилгээнд 10 удаагийн давтамжтай явж эхэлсэн. Одоо харьцангуй гайгүй болж байгаа ч эмч нар миний гүн түлэгдсэн хэсэг болох хүзүүний орчимд арьс нөхөх мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн.

-Өнгөрсөн таван сарын хугацаанд чамд юу бодогдож байв. Юунд их харамсав?

-Нөхөрлөлийн мөн чанар бол итгэл юм. Бие биедээ итгэж байж нөхөрлөл сэвгүй сайхан байна. Хүний амнаас сонссон үгэнд бус найздаа итгэж байгаарай. Хэрэв үл ойлголцол гарвал хурдхан учраа олж, ойлголцож байгаарай л гэж залуучуудад захимаар байна. Архи дарсны ширээний ард ярилцсан яриа буруугаар шийдэгддэг юм байна. Өнгөрсөн хойно энэ бүхнийг бодож харамсч сууна.

-Түлэгдэж ирснээсээ хойш Ц.Алдармаатай уулзсан уу. Өөрөөс чинь уучлал гуйсан уу?

-Эрдэнэтээс ирээд би Түлэнхийн төвд, Ц.Алдармаа “Гурван гал” эмнэлэгт хэвтсэн учраас бид хоёр уулзаагүй. Түлэнхийн төв дээр Ц.Алдармаа нэг удаа ирсэн. Ер нь шүүх хурал болох хүртэл хугацаанд дөрвөн удаа уулзсан.

Уулзахдаа надаас албан ёсоор уучлал гуйгаагүй. Гэхдээ би аль хэдийнэ түүнийг уучилсан. Энэ бүхнийг дуусгаж, ирээдүйгээ бодъё гэдгээ хэлсэн.

Хамгийн сүүлийн уулзалт дээр Ц.Алдармаа “Таныг би эмчлүүлж өгнө. Дүү нь мөнгө хайж байгаа” гэж хэлсэн, бид хоёр ойлголцсон гэж бодож байгаа. Үнэндээ шалтгаан нь айхтар том биш байсан учраас бидэнд бие биенээ уучлахад амархан байсан.

-Ямар шалтгаанаар шүүх хурал хоёр удаа хойшилсон юм бэ?

-Миний өмгөөлөгч ажил ихтэй, хөдөө орон нутгаар ажилладаг. Өмгөөлөгчийн маань шүүх хурал давхцсан учраас хоёр удаа хойшлуулсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүнээс надад “Өмгөөлөгчөө хурал дээр байлгах эсвэл өмгөөлөгчөөсөө татгалз” гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би шүүх хурлын урд өдөр өмгөөлөгчөө сольж шинэ өмгөөлөгчтэй хуралд орсон.

Ц.АЛДАРМААГ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВНА ГЭЖ БОДООГҮЙ

-Шүүх хурал хаалттай болсон. Шүүгдэгчийн ширээн дээр сууж байхад юу бодогдож байв?


-Бид хоёрын хувьд анх удаа ийм муухайгаар гэмт хэрэгт холбогдож шүүгдэж байгаа болохоор үнэхээр хэцүү байсан. Тухайн үед юу болсныг хоёулаа ярьсан. Ц.Алдармаад би хөнгөн гэмтэл, тэр надад хүнд гэмтэл учруулсан.

Хуулийн өмнө эцгийнхээ нэрийг дуудуулаад зогсч байгаадаа маш их харамссан. Хурал эхлэхээс дуусах хүртэл айж балмагдсаар, өвдөг чичрээд л байсан. Микрофоноор асуултад хариул гэдэг юм билээ.

Тайз, дэлгэцээр микрофон барьж үг хэлж байсан хүмүүс шүүх хурал дээр микрофон бариад зогсч байх үнэхээр аймшигтай. Шүүгчийн асуултыг сайн сонсохгүй, ойлгохгүй, наана цаана сонсогдоод, дуу гарахгүй, гар чичрээд үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан.

Ц.Алдармааг долоон жилийн ял авна гэж бодоогүй. Ийм байдлыг ч хүсээгүй. Олон жил найзалсан хамгийн ойр дотно байдаг дүүгээ торны цаана суулгахыг үнэндээ хүсээгүй. Гэвч хууль, журам нь ийм л  байдаг юм байна.

-Ц.Алдармаа шүүх хурал дээр буруугаа хүлээсэн үү. Түүнийг уучилсан гэдгээ хэлсэн үү?

-Шүүх хурал дээр Ц.Алдармаа өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан. Би түүнийг аль хэдийнэ уучилсан. Шүүх хурал дээр Ц.Алдармаад гомдолгүй, уучилсан гэдгээ өмгөөлөгчөөрөө сайн хэлүүлсэн. Шоконд ороод юм ярьж, өөрийнхөө бодол санааг ойлгуулж чадахгүй болчихдог юм билээ.   

-Заавал нэгнийгээ яллаж, шоронд суулгах хэрэг байсан ч юм уу, эртхэн хоорондоо зохицож болоогүй юм уу гэх бодол төрөх юм?

-Энэ хугацаанд зохицох боломж байсан. Гэхдээ хэн нь буруутай, буруугүйгээ хүлээн зөвшөөрөхгүй цаг хугацаа алдлаа. Хэрэв аль нэг нь буруугаа хүлээгээд хохирлыг нь барагдуулсан бол асуудал иймдээ тулахгүй л байсан.

Тэгж чадаагүй учраас хэнийх нь зөв бурууг олж өгөөч гэж хуулийн байгууллагад хандсан. Би Ц.Алдармаагаас тодорхой хэмжээний мөнгө нэхээгүй. Зөвхөн намайг эмчлүүлж өгөөч гэсэн. Солонгосын эмнэлэгтэй холбогдоод миний эмчилгээнд хэдэн төгрөг шаардлагатайг асуусан боловч ирж үзүүлж, хагалгаанд орсны дараа төлбөр нь гарна гэсэн.

Хэрэв бид хоёр эмчилгээгээ тохироод, яг таг гээд гарын үсгээ зураад, баталгаажуулаад, албан ёсоор хуулийн байгууллагад хандсан бол хэрэг өөрөөр шийдэгдэх байсан байх. Хуулийн байгууллага гэдэг бидний тоглоом биш шүү дээ.

ИЙМ МУУХАЙ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛСАНДАА ХАМТ ОЛОН, ҮЗЭГЧДЭЭС УУЧЛАЛ ХҮСЬЕ

-Танай хамтлагийнхан та хоёрыг суулгаж байгаад ярилцуулж, эвлэрүүлэх, асуудлыг эвээр шийдэх талаар ямар нэг зүйл хийсэн үү?


-Манайхан бид хоёрт итгэсэн байх. Бид хамтлаг дотроо маш дотно найзууд учраас хоорондоо учраа олчихно гэж бодсон байх. Цэвэр хувийн асуудлаар муудалцсан болохоор хэн ч оролцож чадаагүй. Би ч Ц.Алдармааг уучлал гуйгаад, намайг эмчлүүлэх байх гэж хүлээсэн.

-“Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболдыг хүмүүс энэ хэрэгт хамааруулж ярьж  байна. Ер нь танай хамтлагт ёс зүй, дэг журмыг яаж зохицуулдаг юм бэ?

-Бооёо ах энэ хэрэгт төдийгүй бид хоёртой ямар нэг холбоо сүлбээ байхгүй. Урлагийн сургууль төгссөн хүмүүс бүгд мэднэ. Бид эрэмбэ дараа, цэгцтэй байдаг. Нэг ангиар дээр, доор байсан ч ах, эгчээ гэж хүндэлдэг.

Халуун дотно хүндлэлтэй харилцаатай байж уран бүтээл хийнэ. 2006 оноос хойш би “Шинэ үе” продакшнд ажиллаж байна. Намайг ажиллаж байх энэ хугацаанд хэрүүл зодоон огт болж байгаагүй. Анх удаа ийм муухай хэрэг гаргасандаа продакшныхаа хамт олон, үзэгчдээс уучлал хүсч байна. Бооёо ахынхаа олон жилийн хөдөлмөр шингээсэн хамтлагт хар толбо үлдээсэндээ харамсч байна.

Би хэдий эрүүл саруул болоод ирлээ ч уран бүтээлдээ дахин орж чадах уу гэдэг хэцүү. Хэдийгээр би буруугүй гэж чанга орилж чадах ч надад ичих нүүр байна. Эндээс би маш том гашуун сургамж авлаа.

-Та хоёр одоо хамтлагтаа харьяалагдаж байгаа юу?    

-Дөрөвдүгээр сарын 28-наас хойш аялан тоглолт, шинэ тоглолтод хамрагдаагүй. Гэхдээ албан ёсоор хамтран ажиллах гэрээгээ цуцаллаа гэж хэлээгүй. Цаашид яах эсэхийг ч мэдэхгүй байна.

-Ц.Алдармаа саяхан нээлтээ хийсэн “Давхар цохилт” кинонд тоглосон байна лээ. Үзсэн үү?

-Би киног нь үзээгүй. Хүмүүс хэлж байна лээ. Би бодохдоо кинонд тоглож мөнгө цуглуулаад надад өгөх гэж бэлдэж байгаа болов уу л гэж бодсон.

ЯАРАЛТАЙ ХАГАЛГААНД ОРОХГҮЙ БОЛ ХҮЗҮҮ ГЭЛЖГИЙ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ

-Одоо биеийн байдал чинь ямар байна. Яаралтай хагалгаанд орох гэж байгаа гэсэн үү?

-Миний биеийн яг 31 хувь түлэгдсэн, түлэгдэлтийн 2б, 3а, 3б зэрэгтэй амь насанд аюултай хүнд гэмтэл гэсэн оноштой. Түлэгдсэнээс хойш өвдөлт зовиураас болоод нойргүйдэлтэй болсон.

Унтахгүй болохоор стрестээд ядраад эхэлдэг юм байна. Нойрны эмээр л унтдаг. Юу хийчихэв, яагаад ийм байдалд оров гэж бодож гэмшээд, шаналаад байхаар ходоод хүртэл өвддөг юм байна.

Хүзүүний шарх өдрөөс өдөрт умайгаад татаад зовиурлаад байгаа. Яаралтай хагалгаанд орохгүй бол хүзүү гэлжгий болох магадлал өндөртэй. Эдгэрээд ирэхээр дотроос нь мах түрээд арьс нь таталдаад байгаа.

Биений аль таарах хэсгээс арьс авч хүзүүнд нөхөлт хийнэ. Миний аз таарвал нэг удаа хагалгаа хийнэ, болохгүй бол 2-3 удаа ч орж магад гэсэн. Ц.Алдармаагийн аав ээж, ар гэрийнхэн надтай уулзаад эмчилгээний зардал олж өгнө, эмчлүүлнэ гэсэн.

-“Шинэ үе продакшны хамт олон чамайг эргэж байгаа юу?

-Түлэнхийн төв дээр Бооёо ах эхнэртэйгээ, Отгоо нөхөртэйгөө, Ундраа эгч гэсэн бүрэлдэхүүнтэй манай продакшныхан эргэж ирсэн. Дараа нь продакшны хөвгүүд маань гэрт ирсэн.

Жүжигчин Отгоо надтай байнга холбоотой байж, гадаадад явж байхдаа хүртэл утсаар холбогдож сэтгэл санаагаар дэмжиж байсан. Продакшны зүгээс Солонгос руу эмчилгээнд явахад тусална гэсэн.

-Эрүүл саруул болчихоод цаашид юу хийх, яах тухайгаа бодож байна уу?

-Одоо надад юу ч бодогдохгүй байна. Маш их шаналж байна. Их юм бодоод байхаар сүүлдээ тэнэг хүн шиг л болчихдог юм байна. Түлэнхийн төвийн эмч, сувилагч нар сэтгэл санаагаар байнга дэмжиж урамшуулдаг.

Миний аав, ээж 70 шахсан хүмүүс бий. Өөрөө хөдөлж, бие засч чадахгүй болчихоод ааваараа өмдөө тайлуулж байхдаа зүрх минь шимширч байсан. Цонхоор хараад л уйлаад сууна. Уйлахаар шарх улам нялхардаг юм билээ.

Тэр үе үнэхээр хүнд байсан. Хөгшин настай аав, ээжийгээ их зовоож байна даа гэж бодож сууна. Хүн зовлон даадаг, жаргал даадаггүй гэж үнэн юм билээ. Миний найзууд надад сэтгэлийн их дэм өгч байсан.

Тэр хүнд хэцүү үед цагийн зүү шиг зогсолтгүй эргэж тойрч байсан найзууддаа маш их баярлалаа. Олон сайхан хүний сэтгэлийн дэмээр хөл дээрээ боссон. Баярлалаа та бүхэнд.

Х.Монголхатан

Эх сурвалж: