sonin.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ долоо хоногийн эхэнд ээлжит мэдээллээ хийсэн. Мэдээллийн агуулга ерөнхийдөө өмнөхтэйгээ адил “өссөн, өссөн, өссөн”. Үгүй яахав дунд нь ганц нэг буурсан үзүүлэлт байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс зарим нэгийнх нь үнэ буурч. Үүнийг эдийн засагчид иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбон тайлбарлаж байна. Энгийнээр тайлбарлавал, лангууны эзэн Бат сайн дураараа барааныхаа үнийг буулгасан хэрэг огт биш.

Дулмаа ирж худалдан авалт хийхгүй болохоор л бараагаа хагас үнээр нь хамаагүй зарж бэлэн мөнгөтэй болох гэж барааныхаа үнийг буулгаж байгаа юм. Иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь иргэдийн орлого багассантай холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлын байргүй болов.

Ажлын байргүй, орлогогүй болсон иргэд гэмт хэрэгт холбогдох нь ихсэв. Ядуурал газар авах тусам гэмт хэргийн гаралт, архидалт, биеэ үнэлэлт, хууль бус үйл ажиллагаа идэвхждэг нь бидний дөнгөж өчигдөр туулаад ирсэн зам. Харин дахин өнгөрсөн “хар” цаг үедээ ирж байгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээнээс харж болохоор байна.

Гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар 19773 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 957 буюу 5.1 хувиар өссөн байх юм. Үүнийг дотор нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг 607 буюу нийт гэмт хэргүүдээс хамгийн өндөр хувьтай байна.

Өөрөөр хэлбэл бусдын өмч хөрөнгө, эд зүйлийг санаатай болон санамсаргүйгээр залилах, ашиглах зэрэг үйлдэл ихээр гарах болсон байна. Мөн бусдын бие махбодид гэмтэл учруулах 505 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэдэг бол “урт гартнууд” олширсныг харуулж буй. Харин бусдын бие махбодид гэмтэл учруулах гэдэг нь танхайрагсад олон болжээ. Дээрх хэргүүд яагаад ихсэх болсон нь өнөөх ядуурал, ажилгүй иргэд олширсонтой холбон тайлбарлаж болох юм. Дэлхийн ч бай монголын ч бай бүх практикаас харахад ядуурал, ажилгүйдэл ихсэх тусам дээрх хоёр гэмт хэргийн гаралт өсдөг байна.

Өнөөдрийн нийгэмд иргэн Д хэрхэн амьдрах вэ. Ажилгүй түүний амиа зогоох арга нь бусдын хөрөнгөнөөс хумслах. Түүнд сонголт байхгүй. Харин танхайн гэмт хэргийн хувьд гэвэл стресс гэгчээс үүдэлтэй гэж тайлбарлаж болох. Ажил хайгаад олдохгүй, ар гэртээ очихоор мөнгө нэхээд салахгүй бол хэрхэх вэ.

Стрессээсээ гарах гэж лонх юм задална. Угаас бухимдалтай байгаа түүнд тойрч суусан нэг нь эвгүй зүйл хэлбэл ухаан нь гартаа орно. Ингээд л нүдийг нь бүлт, шүдийг нь хуга цохиод танхайн хэрэгт холбогдоно.

Нийгэм өөрөө бухимдалтай, ажилгүйдэл ядруурал их байгаагаас ийм төрлийн гэмт хэрэг гарах явц өсч байна хэмээн хуулийнхан үздэг байна. Мөн сэжигтэн нь тодорхойгүй байсан 9101 хэргийн 5217 буюу 57.3 хувийнх нь холбогдогч тогтоогдож, яллагдагчаар татсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 4.4 пункт, нийслэлийн хэмжээнд 2.4 пунктээр өссөн гэж байна.

Энэ нь гэмт хэрэг үйлдэгсэд давтан хэрэг үйлдэх үедээ баригдаж, өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илрэх нь ихэсч байгаагаас үүдэлтэй гэх ч мэдээлэл байна. Энэ бүхнээс хамгийн их эмзэглүүштэй нь өсвөр насныхан буюу хүүхдийн оролцсон, үйлдсэн гэмт хэрэг энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиар өсч, бүлэглэн үйлдэгдсэн гэмт хэрэг 3.8 хувь, эмэгтэй хүүхэд оролцсон гэмт хэрэг 1.3 хувиар өссөн байна.

Өөрөөр хэлбэл, өсвөр үеийнхэн гэмт хэрэгт их холбогдох нь улс орны ирээдүйд нүүрлэж буй хар толбо юм. Боловсролын салбарт суралцаж буй залуучууд болон сургуулийн насны хүүхдийн дунд явуулах хүмүүжлийн ажлыг орхигдуулсан нь гэмт хэрэг үйлдэхэд ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг ч судлаачид хэлж байна.

Улс орны хэмжээнд бүх юм уруудсан, эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал ядуурч байгааг гэмт хэргийн гаралтаас ч бас харж болдог аж. Нийгэм эмх замбараагаа алдаж, хямрах тусам гэмт хэрэг өсч, улс орны ирээдүйд ихээхэн хар толбо бий болдог. Үүнийг дараах тоон баримтуудаас харж болох юм.

-18 түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэргийн тоо улсын дунджаар 103 болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 хувиар

-Гэмт хэргийн улмаас 7785 хүн гэмтэж, 836 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 967 буюу 14.2 хувь, нас барсан хүний тоо 81 буюу 10.7 хувиар

-Улсын хэмжээнд 9065 мян. хүн эрүүлжүүлэгдэж, 12.9 мян.хүн баривлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 1179 буюу 1.3 хувь, баривчлагдсан хүний тоо 753 буюу 6.2 хувиар

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 541 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 257 хэрэг буюу 90.5 хувиар нэмэгдсэн байна.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний есөн сард 57.8 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 25.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 58.0 тэрбум төгрөг буюу 50.1 хувь, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 56.7 тэрбум төгрөг буюу 69.2 хувь болж буурсан байна.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойших хугацаанд гэмт хэргийн тоо, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд холбогдсон гэмт хэрэг, бэртсэн, нас барсан хүний тоо, хохирлын хэмжээ байнга нэмэгдсээр ирэв.

Энэ бүхэн нь төрийн бодлогын алдаанаас шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт зугтсан... түүхий эдийн үнийн уналт, валютын ханшны өсөлтөөс шалтгаалж гадаад, дотоодын  хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ажлын байраа цомхотгох, түр зогсолт хийх, дампуурах зэргээс болж ажилгүй иргэдийн тоо огцом өссөн, өргөн  хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн амьжиргааны төвшин доройтож ядуу иргэд, өрхийн тоо нэмэгдсэнээс үүдэлтэй гэсэн дүгнэлтийг ч судалгааны байгууллагууд гаргаж байна.

Түүнээс гадна хууль дээдлэх ёс нь шат, шатны төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд алдагдаж Монгол Улсын Ерөнхий сайд, түүний ойр дотны хамаарал бүхий хүмүүс, албан тушаалтнууд, Хууль зүйн сайдын зүгээс хууль зөрчих, гэмт хэрэгт  холбогдох, шүүхээс шийтгэгдэх, ёс зүйн ноцтой алдаанууд гаргасан нь бусад байгууллага, албан тушаалтан, иргэдээс хуулийг дээдлэх, сахин биелүүлэх байдалд шууд муугаар нөлөөлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос үзсэн байна.

Түүнчлэн Хууль, эрх зүйн хүрээнд хийж байгаа шинэчлэлийн бодпого нь судалгаа, уялдаа холбоо муутай, батлагдсан хуулиуд нийгмийн харилцааг зохицуулж чадахгүй байгаа нь хямралд нөлөөлж байна.

Мөн эрх ашгийн сонирхолыг хамгаалсан, дэмжсэн хуулиуд батлагдаж, тэдгээр нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь хуулийн зорилт, үзэл баримтлал алдагдах, энэ салбарын байгууллага, албан тушаалтны хоорондох үл ойлголцол нь албан хаагчдын үйл ажиллагаа, ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж ирэв.

Энэ бүхэн нь нийгэмд !ч эмх замбараагүй байдал бий болох, иргэдийн дунд үл итгэлцэл, гэмт хэрэг үйлдэх сэдэл бий болоход түлхэц болж байгаа аж. Үүний улмаас төрийн албан хаагчдын авлига, албан тушаалын хэрэг буурахгүй улсад учруулах хохирлын тоо, хэмжээ эрс нэмэгдэж байгааг ч онцолсон байна

Цагдаагийн байгууллага нь  нийгэмд эмх журмыг тогтоох, иргэдийг гэмт үйлдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эрх, үүрэг бүхий хүчний байгууллага. Гэвч Цагдаагийн байгууллагын шинэ бүтэц оновчтой биш байгаа нь зарим төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгааг судалгаа харуулж байна.

Тухайлбал, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаагаас авто ослоор нас барагчдын тоо сүүлийн хоёр жилийн дотор эрс нэмэгдсэн байх юм.

Бид энэ бүхнээс хэрхэн ангижрах вэ. Бүр ангижирдаггүй юм гэхэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Улс орны хувьд нийгмийн өмнө. энэ асуудлыг шийдэхийн тулд улс орнууд хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өргөн барьж байгаа хууль тогтоомжийн боловсруулалтыг сайжруулж, мэргэжлийн эрдэмтэн судлаачид, салбарын хүмуүсийн санал, зөвлөлгөөг сайтар тусгах талаар эн тэргүүнд анхаардаг байна. Мөн хууль сахиулах байгууллагын удирдлага, бүтцийг тогтвортой байлгах тал дээр ч чухалчилдаг аж.

Түүнээс гадна улс орны эдийн засгийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор хүргэх, ядуурлыг бууруулах, ажлын байр.ыг нэмэгдүүлэхэд анхаарахгүйгээр гэмт хэрэгтэй тэмцэх нь үр дүнгүй болдог аж.

Нийгмийг эрүүлжүүлэх, гэмт хэргийн гаралтыг багасгахад бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэхэд анхаарч хариуцлага тооцох шаардлага ч бий болоод байна.

Төр нь иргэдээ ирээдүйд итгэлтэй байлгаж, амьжиргааны баталгаажих төвшинг хангаж чадаж байгаа улс оронд гэмт хэргийн гаралт ямагт буурч байдаг. Харин манай улсын хувьд сүүлийн хоёр жил гэмт хэргийн гаралт улам өссөөр байна. Байдал энэ хэвээр цаашид удаан үргэлжлэвэл манай улсын хувьд иргэдээ бөөнөөр нь хорьж, цагдах л орон зай үлдэх бололтой.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: