sonin.mn

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатараас хүн барьцаалсан хэрэг гарсантай холбогдуулан тодруулга авлаа.

-Хүн барьцаалсан хэрэг гарсан талаар тодруулаач?

-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болсон хүн барьцаалсан гэх асуудал нь иргэд хоорондоо мөнгө төлбөрийн асуудлаас болж гарсан. Өр төлбөрөө өгөхгүй удааширсантай холбоотойгоор мөнгөө авах гэсэн иргэд хуулиас гадуур шийдвэрлэхийг оролдсон.

Иргэн Н хүнээс найман мянган ам.доллар зээлээд өгөхгүй 2-3 жил болгосон юм билээ. Гэтэл мөнгө зээлүүлсэн этгээдүүд цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдлоо өгөөгүй, өөрсдөө айлган сүрдүүлэх хэлбэрээр мөнгөө авах гэснээс ийм байдал үүссэн.

-Барьцаалсан этгээд хэдүүлээ байсан бэ?

-Барьцаалсан гэх этгээд нь ганцаараа байгаагүй ах, дүү нартайгаа бүлэглэн үйлдсэн. Мөнгө зээлсэн Н-тэй уулзахаар тохироод, ирэхээр нь машиндаа суулгаж яваад дарамт, шахалт үзүүлж, цохиж, зодсон байсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан эрэн сурвалжилсны эцэст асуудлыг таслан зогсоож чадсан.

-Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад хэн хандсан бэ?

-Н мөнгө зээлсэн хүнтэйгээ уулзах гээд явж байгаагаа ар гэрийнхэндээ утсаар залгаж хэлсэн гэсэн. Гэтэл тун удахгүй гар утас нь холбогдох боломжгүй болсон учир ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж уг хэргийг таслан зогсоосон.

Ерөнхийдөө 2-3 цагийн дараа энэ хэргийг таслан зогсоосон. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Н.Алт

Эх сурвалж: