sonin.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Дээд шүүх Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болголоо. Мөн Н.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг 7 жил болгон өөрчилж, биечлэн эдлэх ялыг 7 жилээр тогтоолоо.

Харин М.Хуланд 7 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэснийг хүчингүй болгож, М.Хуланд оногдуулсан 7 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Дээд шүүхээс Б.Алтантуяа, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Түүнчлэн Д.Цэцгээд оногдуулсан 7 жилийн хорих ялыг 6 жил 6 сар болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: