sonin.mn


ОХУ-ын Свердловск хотын УрФУ (Уральский федеральный университет буюу Уралын холбооны их сургууль, урьдны бол УРГУ буюу, государственный университет) сургуульд сурч буй гурван монгол оюутан хар тамхины хэрэгт холбогдоод байгаа билээ. Нэгийнх нь ахтай хийсэн ярилцлагаа сийрүүлье.

-Танай дүү чинь ямар хэрэгт холбогдоод байгаа билээ?

-Хар тамхи хэрэглэсэн гэж гүтгэгдсэн.

-Үнэхээр гүтгэгдсэн юм уу?

-Тийм ээ, үнэндээ бол пиво уусан.

-Пиво уух чинь гэмт хэрэг биш биз дээ.

-Оюутны хотхонд пиво уулаа гэж анх баригдсан юм.

-Би УрГУ-д 1987 онд элсэн орж суралцсан хүн. Оюутны байр чинь архины л газар шүү дээ. Наад зах нь, ангийнхаа бүх хүүхдийн төрсөн өдрийг зад тэмдэглэнэ. Нэг анги 60 хүүхэдтэй. Тэр үед архи хорионд ороод байсан. Тэгэхэд бүр байр дотроо архи зардаг үйлчилгээтэй жижүүр, оюутан байдаг асан. Азербайжанчууд ч хэсч зардаг байв.

-Одоо ч нэг их өөрчлөгдсөн юм үгүй л дээ. Орос чинь гадаа чөлөөтэй пиво ууж болдог, ТҮЦ-нд ч зардаг орон. Тэнд пиво бол ундаа.

-Ундаа уугаад баригдсан хэрэг үү?

-Нэг юм хөнгөн тэмдэглээд л хэдэн пиво уугаад сууж байсан чинь ОМОН-ынхон дайрч орж ирсэн юм билээ.

-Тусгайгийнхан буюу Отряд милиций особого назначения юу?

-Тийм ээ. Газар унагаж дээр нь гишгэцгээн бужигнаж байснаа л "Ээ хар тамхи оллоо" гэж бархирсан гэдэг. Нэг нь хармаанаасаа гаргаад ирсэн байх гэж байгаа юм.

-Байх гэж юу гэсэн үг вэ. Хараагүй юм уу?

-Хүзүүн дээр нь хүртэл гишгэчихсэн байгаа юм чинь яаж өндийн ажиглалт хийх вэ. Тэгээд л гавтай гарыг нь, зоригт, Бонивурыг тамлаж алдаг шиг, Ясыг нь шажигнатал дээш нь өргөөд газар долоох шахтал нь тонгойлгоод л шатны уруу чирээд гүйлгэчихэж байгаа юм. Бас тэгэхдээ хавиргыг нь, зөөлөн эдийг нь бяцартал, гэмттэл нь цохиод л. Тэгснээ тэр гавнаас нь өргөөд л, өргөөд л машин руу шидчихээр яахав. Нүүрээрээ харуулдаж унана биз дээ?

-Пээ ямар аймаар юм бэ. Бүтэн юм үлдэхгүй нь л дээ.

-Баахан аймаар улаан галзуу хар тамхичид, шартан догшрон элийрэгчид, хар тамхины мафийнхантай хамт хорьчихож байгаа юм. Тэгснээ, гарт нь шууд бүдүүн зүүтэй шприц шаагаад л, хамаг юмыг нь юүлэн сорж авснаа, бараг л Оросын бүх мансууруулах бодис илэрлээ гэжээ. Хар тамхитай холбоотой бүх хэрэгт холбон шалгаж эхэлсэн. Хандлага  нь бол 37 оны их хэлмэгдүүлэлт гэсэн үг.

-Яаж шуу нэг юм асуудлаа гайгүй болгоо вэ?

-Аргалаад үнэн байдлыг гадагш мэдээлж амжжээ. Ингээд л Шаварын хотын монголчууд хөдөлжээ.

-Хэ хэ Шаварын хот гэнэ шүү.

-Хавар намар нь шавар, зун нь шивэр, өвөл нь жавар гэдэг биз дээ. Шавар долоосог хот ч гэдэг шүү дээ.

-Тийм ээ.

-Хүний эрхийн нэрт тэмцэгч, хотын омбудсмен Татьяана Мерзляковад ханджээ.

-Омбудсмен гэж юу билээ дээ.

-Хүний эрх бол тав дахь засаглал гэдэг боллоо шүү дээ. Омбудсмен гэдэг бол хотын тав дахь засаглалын тэргүүн.

-Пөөх ямар мундаг юм бэ?

-Материалаа бүрдүүлээд л өгчихөд Татьяана авгай бол үнэн мөнийг олдог л гэж байгаа юм. Материал ч гэж дээ, үнэнийг л бичээд өгчихөд хангалттай. Ингээд, хүний эрхийнхний хараа хяналт дор шинжилгээ авахад хар тамхи хэрэглэдэггүй гэж гарчээ. Урьдны шинжилгээгээр ч илрээгүй гэдгийг илрүүлсэн байна. Гэвч энэ явцад Кировын районы шүүхээс тэднийг ОХУ-аас албадан гаргах, таван жилийн турш эргүүлж оруулахгүй байх шийдвэр гаргагдаж амжсан байна. Өөр ч шийдвэрүүд хөврөх байсан биз ээ.

-Өөр шийдвэр гарна ий?

-Свердловск хотын л хамаг хар тамхины хэргийг тохох гэж байгаад больсон шиг байна.

-Больсон юм уу, болиогүй юм уу?

-Омбудсмен Мерзляковаг хотынхон үзэн яддаг гэнэ. Америкийн тагнуул, еврейн хөлсний этгээд, шар хувьсгал импортлох гэж байж магад гээд. Тэгэхлээр нь хотын депутат Перскийд ханджээ. Перский өөреө яг тэр манай гурван оюутан шиг байдалд орж байжээ. Ингээд Перский өмгөөлж эхэлжээ. Гэвч цаашид яах ийх нь тодорхойгүй л байна.

-Яагаад л тэр хамаг хэргийг нэг хүнд оноогоод байдаг юм бэ?

-Яахав, мафийнхны л ажил байхгүй юу. Свердловск чинь Оростоо Санкт-Петербургийн дараа л ордог мафижсан хот шүү дээ. Уралмашийн мафи гээд аймаар юм байдаг.

-Намайг сурч байхад энд тэнд пид пад л гээд байдаг. Машины мотор юм уу, хүүхдүүд бялт дэлбэлэн тархигүйтэж байгаа байх гэж боддог байсан. Гэтэл рекетүүд гэсгээн цээрлүүлэлт тэгж хийдэг байсан юм билээ. Жижигхэн жижигхэн тэсэлж, дэлбэлчихдэг. Харин нэг мафи нөгөөгийнхөө бараатай вагонуудыг дэлбэлэхэд аймаар юм болсоон. Сортировочная гээд хотын захын өртөөнд дэлбэрэлт болсон атал, хотын төвийн цонхнууд хагараад. Би ч дэлхийн 3-р дайн эхэллээ л гэж бодсон. Свердловск Оросын зэвсэглэлийн үйлдвэрлэлийн хамгийн том төв. Газар дор бүр хотхонууд байдаг байсан. Орой болохоор газар дороос үй олон хүн гарч ирээд, трамвай пиг чихчихдэг. Сортировочнаяд оюутнууд цэвэрлэгээ хийхэд хавь ойр өдөөр хучигдсан байсан. Мафийн дамлах гэж байсан өдөн куртикууд...

-Одоо бол вагон вагон хар тамхи л зардаг байх. Хууль сахиулах байгууллагуудаа худалдаад авчихсан. Гэтэл төвөес Путин мафитай тэмц гээд ширүүлээд байдаг. Тэгээд хуурамч хэрэг үүсгэн, худал тайлагнадаг. Путин ч тэрэнд нь үнэмшсэн дүр үзүүлж шоуддаг.

-Монголын гурван оюутан Путинд ч хэрэгтэй байжээ?

-Тийм ээ, Уралд хар тамхины хэргийг устгалаа гээд л...

-Тэгээд одоо яах вэ. Яагаад тэр гурвыг сонгосон юм бол?

-Яахав, мафи золиосны хүн ол гэж шахаад байсан шиг билээ. Мерзлякова, Перский хоёр энэ талаар баримтууд олж байгаа. Тэгээд цагдаагийнхан хариуцлагагүй хандаж л дээ. Манай гурвыг нэг орос оюутан чимээгүй байцгаа гэжээ. Ер нь монголчуудад таагүй ханддаг гэнэ. Тэгэхээр нь хуц уль, ална шулна гэж дээ. Оросууд чинь еөр үндэстнүүдээс, ялангуяа монголчуудаас их айна. Шарандаа харин цагдаа руу утасдчихсан юм билээ. Үүнийг мафитай холбоотой авилгачид ашиглая гэж бодож л дээ. Тэгээд л ийм юм болохгүй юу.

-Ээ бурхан минь Орос руу ч зүглэлтгүй болжээ.

-УРФУ-гийн ректор гурван оюутныг өмгөөлсөн. Оюутнууд нь ч оюутнуудынхаа талд орж байгаа юм байна. Хүний эрхийнхэн, хотын депутатууд байна. Энэ удаад байдал эвгүйджээ. Свердловскчууд ч мафиасаа залхаад байгаа. Хүний наймаа хийж, үй олон хужаа авчирч, ажлын байрыг нь булаалгана, орос охидоор тэдэнд биеийг нь үнэлүүлнэ. Олон юманд дургүйцэж байгаа. Ингээд байвал Путин ах хилэгнэх болно.

-Тэр хилэгнээд яадаг юм...

-Архичин Ельцинийхэн алингий нь алдуулаад байсан Орос орны аймшигтай гаарч даварсан гэмт хэргийн ертөнцийг, армийн хүчээр дарсан л хүн дээ. Тэгэхдээ төрөлх Санкт-Петербургийн хулгайчдаа их дарчихсан юм билээ. Тэгэхлээр Уралынхан галзуураад унасан байхгүй юу.

-Чиний зүгээс ямар алхам хийе гэж бодож байна?

-Монголын омбудсмен гэж байна уу, үгүй юу. Нөгөө 10 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан хүүхнийг авардаг Ичинноровтой уулздаг юм билүү.

-Тэгж ч болох л юм. Монголын ард түмэн ч дэмжих байх.

-Харин л дээ. Зарим хүн чимээгүй бай, байдлыг хар, юманд жаахан үлдэж сур л гээд байх юм. Яадаг ч юм билээ дээ...


Ийнхүү тэр эр үгүүлж, өмнөхөөсөө үе үе балгахдаа хор уусан шиг ярвайж, нэг уйлах цөхөж, нэг тачигнатал хөхөрч, их л хямарсан янзтай байсан билээ. Ээ тэр гурван сайхан залуу маань суллагдаасай билээ. Эрэлхгээр тэмцэж, сэргэлэнтэн ялж байгаа тэднийгээ баатрын ёcoop хүлээж авах сан даа, Монголчууд аа.

Х.Шадарбаатар
Эх сурвалж: "Алаг хорвоо" сонин