sonin.mn

Хонхор, Гачуурт чиглэлд бараа нийлүүлэхээр есдүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон борлуулагч залуугийн цогцсыг Налайх дүүргийн уурхайн нэгэн амнаас олжээ.

Хагас сар эрлийн ажиллагаа явуулсан ар гэрийнхэн нь өчигдөр /уржигдар/ арга мухардан ард түмэндээ хандан “Сураг гаргаж өгсөн хүнд өндөр шагнал өгнө” хэмээн хоолой зангируулан мэдээлж байсан бол талийгаач харамсалтайгаар амь насаа алдсан болохыг уржигдар 17.00 цагийн үед Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангид уурхайчид мэдээлжээ.

Тодруулбал, Налайхын уурхайд өмнө нь нүүрс олборлоод ашиглахгүй орхисон амнуудыг сэргээж нүүрс олборлохоор явж байсан дөрвөн залуу цогцсыг анх олж харсан байна. Тэд баг болж хүйтний улирал эхлэхээр аж ахуйн нэгж, компаниудын ашиглаад орхисон амнуудыг сэргээж нүүрс олборлодог байсан аж.

Тухайн ам нь 30 градусын налуу, 15 метрийн гүнтэй байжээ. Залуус ам руу өнгийж 1-2 метр орчим цааш явах үед талийгаачийн цогцсыг олж харсан байна. Ингээд дүүргийн Уул уурхайн аврах ангид мэдээлж цагдаад дуудлага өгчээ. Уул уурхайн аврах ангид 18.40 цагт дуудлага ирсэн гэдгийг тус ангийн дарга С.Нямсүрэн хэлж байна.

Тэрбээр “Манайд дуудлага өгсний дагуу цагдаад хандсан. Ингээд тухайн ам нь агааржуулалтгүй байсан учраас манай алба хаагчид агааржуулалтын ажил хийж, аюулгүй байдлыг хангаад ам руу орж цогцсыг гаргаж ирсэн.

Газар дээр нь ажилласан Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдад талийгаачийн цогцсыг хүлээлгэж өгсөн. Цагдаагийн алба хаагчид ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулаад шинжилгээнд оруулахаар нийслэл рүү авч явсан.

Харин өнөөдөр /өчигдөр/ ЦЕГ, дүүргийн цагдаагийн ажилтнууд тухайн аманд үзлэг, шалгалт хийхээр төлөвлөж 12.00 цагийн үед манай алба хаагчид очиж цогцос олдсон аманд агааржуулалт, аюулгүй байдлыг хангаж ажиллахаар нэг тасаг гарч ажиллаж байна. Нэг шинжээчтэйгээ зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна" гэв.

Энэ таагүй мэдээ талийгаачийн ар гэрийнхэнд хүнд цохилт болсон. Учир нь тэд урд өдөр нь мэдээлэл хийх үеэрээ “Хэн нэгний эрхэнд орсон байх. Амь насаа алдсан гэж бодохгүй байна. Эрэмдэг зэрэмдэг ч хамаагүй амьд л байгаасай” хэмээн найдлага тавьж байсан юм. Мөн ар гэрийнхэн нь эрлийн ажиллагаа мухардсан тул үздэг хардаг бүх л мэргэч, төлөгчид хандсан тухайгаа хэлж тэр байтугай ОХУ-ын зөн билэгтэнд хандсанаа ч хэлж байсан юм.

“Амьд уулзана” гэх найдлагыг дээрх үзмэрчид ар гэрийнхэнд нь хэлсэн байдаг. Гэтэл энэ найдлагыг эцэслэсэн уг таагүй мэдээг сонссон эхнэр, өндөр настай ээж нь ухаан алдаж, байдал хүнд байгаа юм байна.

Өчигдөр утсаар ар гэрийнхэнтэй нь холбогдох үеэр “Түргэний машин ирж байна. Эхнэрийнх нь ухаан санаа орж гараад тун хэцүү байна” гэж талийгаачийн үеэл дүү Ган-Өлзий учирлав. Түүнээс хэдэн зүйл тодруулсан юм.

Н.Ган-Өлзий: Хонхороос Налайхын уурхай хүрдэг шороон замаар явсан байх

-Тун харамсалтай юм болжээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Энэ тухай мэдээллийг анх хаанаас авсан бэ?

-Налайх дүүргийн цагдаагийн газраас сонссон. Бид мэдээлэл сонсоод шууд Налайхын цагдаагийн хэлтэст очсон. Тэгтэл Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөх ёстой гээд ар гэрийнхэн нь буцаж ирсэн юм.

Ингээд эргээд очиход талийгаачийн цогцсыг Налайхын цагдаа нар хэлтэс дээрээ авчирсан байсан л даа. Ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулаад шинжилгээд оруулахаар нийслэл рүү авч явсан. Нүүрс олборлохоор эзэнгүй ам хайж явсан залуучууд цогцсыг олж хараад мэдээлэл өгсөн байна лээ. Тэд мөн байцаалт өгч байгаа.

-Тэгэхээр Хонхороос Налайх орсон гэсэн үг үү. Налайхын замын камерт бичигдсэн зүйл байгаа болов уу. Энэ талаар тодруулсан уу?

-Хонхороос Налайхын уурхай руу явдаг шороон зам байдаг юм билээ. Гэмт этгээд тэгэхээр Налайхын төвөөр ороогүй байх. Мөн л Баянзүрхийн товчоо шиг Налайхын зам камергүй юм билээ.

Гэхдээ цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид үнэхээр хүнд байдалтай байна. Ёстой хорхойд хоргүй ах маань ингээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэхэд итгэхгүй л байна даа /уйлав/.

-Айлын ганц хүү гэсэн үү. Ээж нь өндөр настай хүн байдаг гэсэн. Сүхбаатар аймагт байдаг уу?

-Талийгаач маань айлын ганц хүү. Гурван эмэгтэй дүүтэй. Харин гурван хөөрхөн хүүтэй. Хамгийн том нь 13 настай, бага нь нэг ой гурван сартай бяцхан хүүхэд өнчирч хоцорлоо.

Ээж нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан СТА Д.Доржсүрэн гэж өндөр настай хүн бий. Хүүгийнхээ хашаанд тусдаа гэр бариад амьдардаг байсан юм. Цэл залуухан ганц хүүгээ алдчихаад их л шаналж байна.

-Машиных нь талаар сураг гараагүй юу. Ямар нэгэн сэжиг байна уу?

-Машины талаар ямар ч сураг байхгүй байна. Цагдаагийн байгууллага цогцос олдсон газарт үзлэг, шалгалт хийж байгаа. Тэндээс ямар нэгэн сэжүүр гарах болов уу.

Тэр бүрийг ар гэрт нь мэдээлэх боломжгүй байдаг юм шиг байна лээ. Талийгаачийн цогцос тухайн амны ирмэгээс 15 метрийн гүнд байсан гэсэн. Мөрдөн байцаалтын ажил ч үргэлжилж байна.

Б.Дэлгэр

Эх сурвалж: