sonin.mn

"Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн" аяны хүрээнд дэн буудал, зочид буудлууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон саун, алжаал тайлах төвүүдэд Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн I, II хэлтэс хамтран хяналт шалгалт хийв.

Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй байгууллагыг шалгалтад хамруулаад байгаа бөгөөд угтах үйлчилгээний ажилтан ажлын хувцасгүй, буудлын өрөөнд архидан согтуурсан, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн, цагаар өрөө олгосон, архи, тамхи зарсан зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Шалгалтаар “Космос Сондор” ХХК-ний “Космос” буудал, “Моранбон” ХХК-ийн цайны газар, “Ноён капитал” ХХК-ийн“Леадерс” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоолоо. Мөн зарим зөрчил дутагдал илэрсэн газруудыг 250-540 хүртэл мянган төгрөгөөр торгосон байна.

Түүнчлэн “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран 51 байгууллага, аж ахуйн нэгжид “Архи, согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, зочид буудал, интернэт үйлчилгээ, саун зэрэг алжаал тайлах төвүүдэд болон иргэдэд холбогдох хууль дүрэм журмыг танилцуулах сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, архи тамхины эсрэг сурталчилгааны материал, гарын авлага тараалаа.

Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлээд байгаа юм.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг