sonin.mn

“АПУ” компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуягийг ар гэрийнхэн нь болон цагдаагийн албан хаагчид 15 хоногийн турш хайсан ч олоогүй. Харин өчигдөр түүний ар гэрийнхэн нь олон нийтэд хандахдаа “Б.Алтанхуягыг ойрын танил хүн нь барьцаалсан. Амьд мэнд гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх юм бол цагдаад гомдол гаргахгүй” хэмээн мэдэгдээд байсан юм.

Гэвч өчигдөр орой 18:00 цагийн үед цагдаагийнхан Налайхын уурхайгаас эрэгтэй хүний цогцос олж ар гэрийнхэнд нь таниулахад эдэлж хэрэглэж байсан зүйл нь мөн байж гэжээ. Гэхдээ задлан шинжилгээгээр яг Б.Алтанхуяг мөн үгүй нь тогтоогдох юм байна.  

Б.Алтанхуяг есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед “УНК 2983” дугаарын ачааны саарал микро автобустай гэрээсээ гарч Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон юм.

Алга болох үедээ ганцаараа явсан гэх бөгөөд 6-7 сая орчим төгрөгийн бараатай, биедээ 3-4 сая орчим бэлэн мөнгөтэй явж байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр эхний гурван дэлгүүрээр ганцаараа явсан мөртлөө дөрөв дэх дэлгүүрт хар шилтэй, хар малгайтай сэжиг бүхий хүнтэй хамт явсныг гэрчүүд ярьжээ.

Хамгийн сүүлд түүний гар утаснаас тухайн өдрийн 16.00 цагийн орчимд эхнэрийнхээ утсанд "Одоохон" гэсэн ганцхан үгтэй мессеж бичсэн аж. Мессеж бараг бичдэггүй, шууд залгаж ярьдаг хүн ийнхүү учир битүүлэг мессеж бичсэн нь гэрийнхнийх нь сэжгийг төрүүлсэн гэдэг.

 С.Саруул

Эх сурвалж: