sonin.mn

Аймаг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдэд зориулж Хууль зүйн яамнаас жил бүр мэргэжил аргазүйн сургалт явуулдаг.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд орон нутаг,нийслэлд асуудал хариуцсан мэргэжилтнүүд,нийгмийн ажилтнууд хэрхэн ажиллах талаар Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас сургалт явуулсан юм.

Сургалтаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас бармталж буй бодлогын хэрэгжилт,орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын үр дүнгийн талаар цаг үеийн мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон ахлах мэргэжилтэн Ч.Раднаабазар нар өгсөн юм.

Харин Цагдаагийн ерөнхий газраас Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,Мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал,тулгамдаж байгаа асуудлыг арилгах, Байгаль хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга замыг олох, Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт түүнийг бууруулах аргачлал зэрэг сэдвээр чиглэл хариуцсан мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэг явууллаа.

Ийнхүү орон нутгийн мэргэжилтнүүдэд бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь гэмт хэрэг гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх буюу урьдчилан сэргийлэх арга аргачлал юм гэдгийг ойлгуулах,улмаар тэднээр дамжуулж орон нутагт төлөвшүүлэх нь зохион байгуулагчдын гол зорилго юм.

Зохион байгуулагчдын дараагийн нэг том зорилт нь иргэдээ эрх зүйн мэдээлэл,мэдлэгтэй болгох явдал.Үүнд хүрэхийн тулд орон нутаг дахь хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүдээ дадлагажуулж тэднээр дамжуулан Засгийн газрын бодлого,Хууль зүйн салбарын шинэчлэлийг иргэн нэг бүрт ойлгомжтой хүргэх юм.

Яаж түүнийг хүртээмжтэй үр дүнтэй гүйцэтгэх вэ гэдэг тухайд “Эрх зүйн мэдээлэл сурталчилгааны өнөөгийн байдал хэтийн төлөв” сэдвийн дор мөн уулзалт хэлэлцүүлэг явуулсан юм

Хууль зүйн яам