sonin.mn

Ард түмнийхээ дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд ир­гэдийнхээ оролцоог нэмэгдүүлнэ хэ­­мээн гарч ирсэн Ардчил­лын лидер Хотын дарга Э.Бат-Үүл та хот төлөв­лөлтөө дахин харж, иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах бололцоог хангаж, тэдэнд хууль бусаар үйлчилж байгаа төрийн албан хаагчдаа анхаа­рах цаг аль хэдийнэ болжээ.

Ийн хэлэхийн учир нь Нийслэлийн булан то­хой бүрт ба­рилга барих зөв­шөөрөл ол­гож буй Нийслэлийн ерөн­хий төлөв­лөгөөний газар хэн нэгэн мөнгөтэй эрхмүүдийн халаасанд багт­саар удаж буйд юм.

Өнөөдөр жирийн нэг иргэн барилга барих зөвшөөрлийг ном журмынх нь дагуу хэдэн жил хөөцөлдөөд ч авч чаддаггүй. Тэгвэл халаас нь мөн­гөөр дүүрсэн хэсэг бүлэг хүмүүс Нийс­лэлийн ерөнхий төлөвлөгөөний эрх мэдэл бүхий дарга нарыг гарынхаа аясаар хөдөлгөж оршин суугчдын эрхийг алхам бүртээ зөрчиж байна.

Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн 2011 оноос хойш нэлээд ам таталж буй Солонгос эзэнтэй гэгдэх “Бэгдү” констракшни юм. Өөрөөр хэлбэл энэхүү компанийг төр хүчрэхээ байж иргэдийнхээ эсрэг турхирах болсон гэсэн үг. Тухайлбал, Солонгос захирал Ким эрх мэдэл, эд хөрөнгөөрөө далайлгаж хуулийг гууль болгож монголчуудыг нохойноос дор үзсээр даруй дөрвөн жилийн нүүрийг үзээд буй юм.

Тодруулбал тус компани өн­гөрсөн баяр наадмын үеэр оршин суугчдын амралтыг тааруулж байгаад 12 давхар орон сууцныхаа газар шорооны ажлыг эхлүүлсэн байдаг.

Хамгийн асуудалтай нь дээрх 12 давхар орон сууц нь барилга хоорондын зай талбайг зөрчөөд зогсохгүй зэргэлдээ орших 65 дугаар байранд доргилт өгч 135 айлын эрхэнд ноцтойгоор халдаад байгаа юм.

Уг нь эл 65 дугаар байр ба­ригдсан цагаасаа л эхэлж суурь болон хананд нь цууралт гарсан гэх хэл амыг дагуулж байсан. Тиймээс л оршин суугчид хүч­тэйхэн салхи шуурга гарахад хэзээ мөдгүй нурж унахад ойртсон байхад Нийслэлийн ерөнхий төлөв­лөгөөний газар тус компанид барилга барих зөвшөөрөл олгосон. Уг нь МХЕГ-ын улсын байцаагч тус компанийг барилгын ажлаа үргэлжлүүлэхийг хориглосон байна.

Гэтэл мөнгөтэй хүмүүсийн халаасанд орж хуулийг гууль болгосон төрийн албан хаагчид болон увайгүй өмгөөлөгчийн балгаар Солонгос эзэнтэн гэгдэх Ким гэгч ёстой нэг галзуурч байна аа гэх үгийг олон оршин суугчид хэлж байсан. Энэ бүх асуудлаас болж тус хотхоны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж, тус газарт барилга бус цэцэрлэгт хүрээлэн, үгүй ядахдаа тоглоомын талбай бариулах хүсэлтэй байгаагаа уламжлаад хүч хүрэхгүй байгаагаа холбогдох албаныханд дуулгахыг хүссэн юм.

Хамгийн сонирхолтой нь Монгол Улсын хуулийг үл огоорч буй тус компанийн өмгөө­лөгчөөр бидний сайн мэдэх хар тамхины хэрэгт холбогдож дуу­лиан шуугиан тариад байсан Г.Сарангэрлийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Г.Батбаяр гэгч Солонгос эзэнтэн Кимийг улаан цээжээрээ хамгаалж байв.

Оршин суугчдын гомдлын мөрөөр Баянгол дүүргийн цагдаа­гийн ахмад тус констракшний барилгын талбайд очиж инже­нерийг нь хаяг тодорхойгүй хэмээн саатуулсан аж. Гэтэл өмгөөлөгч Г.Батбаяр цагдаагийн ахмадыг заналхийлж их л дээрэнгүй байдлаар харьцсанд оршин суугчид их л бухимдангуй байснаа хэлсэн.

Д.Нямцэцэг “Г.Батбаяр өмгөөлөгч харийнхны халаасанд багтсан нэгэн юм байна билээ” гэв

Ингээд болсон явдлыг тодруулж байх явцад 65 дугаар байрны оршин суугч Д.Нямцэцэг “Мөнгөтэй хүмүүсийн өмнө бөхийж байгаа энэ мэт хүмүүсийг үнэхээр жигшиж байна. Уг нь энэ Г.Батбаяр гэдэг өмгөөлөгчийг арай дориун залуу байна гэж бодож байсан чинь зүгээр харийнхны мөнгөний өмнө бөхийсөн өөдгүй амьтан байжээ.

Улаан цайм ажлаа гүйцэтгэж явсан цагдаагийн ахмадыг хэн ч биш болгож аль муугаар нь доромжлохыг бид нүдээрээ үзлээ. Ийм юм байж болох уу. Уг нь энэ цагдаагийн ахмад залуу оршин суугчдын гомдлын мөрөөр ирээд байсан юм. Гэтэл Г.Батбаяр өмгөөлөгч түүнийг 149-д заасны дагуу Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулж чадна шүү хэмээн их л дээрэнгүй харьцаж, өөрөө ёстой заналхийлсэн. Хамгийн гол нь Г.Батбаяр өмгөөлөгч өнөөдөр ажлаа хийж явсан төрийн албан хаагчийг олон хүний өмнө хүүхдээ зандарч буй мэтээр загнаж доромжилж болохгүй биз дээ.

Ингэж л мөнгөтэй харийнхны халаасанд хэсэг бүлэг хүмүүс өөрсдөө гүйгээд орж байгаа учраас “Бэгдү” констракшны Солонгос захирал Ким биднийг дорд үзэж байгаа юм. Ер нь энэхүү байрыг баригдсан цагаас эхэлж бид их л зутруухан амьдарч байна даа.

Өөрөөр хэлбэл хэн нэгэн мөнгөтэй хүний аясыг харж дөрвөн жил шахам амьдарсан гэсэн үг. Өнгөрсөн улсын баяраар оршин суугчдыг хөдөө гадаа явсных нь дараа тус компани 12 давхар орон сууц барихаар газар шорооныхоо ажлаа эхэлсэн. Газар шорооны ажил эхэлсэн цагаас хойш бидний амьдарч буй байранд маш их доргилт өгч хананд цууралт үүссэний улмаас амьдрахад айдастайболоод байна. Та нар энэ компанийн тухай асууж сураглаад яваарай. Маш олон хууль бус үйлдэл хийж яваа.

Түүнчлэн МХЕГ-ын улсын байцаагчийн гаргасан актыг үл тоож барилгын ажлаа зогсоохгүй өнөөдрийг хүрээд байна. Яг үнэндээ УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хүү анх эл газрыг худалдаж аваад дараа нь Солонгос захирал Кимд зарсан гэдэг. Энэ бүхнээс болж өнөөдрийн энэхүү асуудал үүсээд байна шүү дээ” гэв.

Түүнчлэн тус компанийн барилгыг барьж буй гүйцэтгэгч компани нь МХЕГ-ын Улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үл ойшоож “Бид нар мэргэжлийн хяналтын байцаагч нарын актаар ажлаа зогсоодог хүмүүс биш. Бид гурван үндэслэлээр л ажлаа зогсоодог. Тэгээд ч энэхүү ба­рилгыг барих ажлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлаад өгсөн учраас ажил хэвийн явж байна” гэж хээв нэг хэлж байсан юм.

Юутай ч гүйцэтгэгч компанийн захирал гэх 55 орчим насны хүн ихэд ундууцан “Бидэнд тэр хууль дүрэм, журам чинь хамаагүй” гээд халгаагаагүй юм.

Түүний ганц хэлж буй үг нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилгыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгчихөөд байхад тэр МХЕГ-ын Улсын байцаагчийн акт ямар хамаатай юм. Бид нар тэр актаар чинь ажлаа зогсоодог хүмүүс биш” гэж омогдож байсныг холбогдох албаны хүмүүст дуулгах нь зүйтэй байх. Түүнчлэн сүүлийн үед хаана л дуулиан шуугиантай хэрэг гарна тэнд үсэрч явдаг өмгөөлөгч Г.Батбаяр хүртэл учрыг нь олоогүй хэрнээ ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ахмадыг нохой­ноос дор үзэх нь түүнийг хэн бэ гэдгийг харуулаад өгч буй юм.

Эцэст нь хэлэхэд ашиг олж, баяжиж байвал иргэд ямар орчинд амьдрах хэрхэх нь хамаагүй гэдэг гадаад дотоодын бэртэгчин зантай хүмүүст газраа өгсөөр байтал монголчууд өөрсдөө гишгэх газар­гүй болчих вий.

Улаанбаатарт газар хөдлөлт болбол шахаж барьсан барилгууд бие биенээ дэрлэн нурж олон хүний амь нас сүйрэхэд ойрхон дүр зураг харагдаж байна шүү, Хотын дарга аа.

Р.Саруул

Эх сурвалж: