sonin.mn

Өнөөдөр “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, НЭМГ, Мари Стопс Олон улсын байгууллага хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Залуучуудад жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнддээ зөв шийдвэр гаргах, жирэмслэлт бүр хүссэн байх учиртай гэдгийг ойлгуулах зорилготой уг өдрийг "Хүүхэд бүр хүссэн байх ёстой" гэсэн уриан дор тэмдэглэж байгаа юм. Тус өдрийг угтан оюутан, залуучуудын дунд жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн талаарх мэдээлэл сургалтыг энэ сарын 10-22-ны хооронд 1000 оюутны байр I, II, БХИС, ШУТИС, МУБИС-ийн дотуур байр болон хичээлийн байранд зохион байгуулжээ. Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг хэрэглээгүйгээс гарах сөрөг үр дагаварууд нь хүсээгүй жирэмслэлт болон бэлгийн замаар дамжих халдварт өртөх явдал юм. Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 41 хувь буюу 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байна. Мөн жилд 15-19 насны охидын 16 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаа юм. Мөн энэ насны бүлэг дэх нас баралтын зонхилох хувийг жирэмслэлттэй холбоотой шалтгаан эзэлж байгаа аж.

Манай улсад өнгөрсөн оны байдлаар үр хөндөлтийн 15,628 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 195, нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйд 18.4 үр хөндөлт ногдож байгаа юм. Мөн 1000 эмэгтэй тутмын 552 буюу 55,2 хувь нь жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслээс сонгон хэрэглэдэг байна. Энэ хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Мари Стопс Олон улсын байгууллага нь 2007 оноос эхлэн манай улсад тус өдрийг тэмдэглэн, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах талаар идэвх санаачилга гарган ажиллаж , өнгөрсөн онд 160 мянган хосыг жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслээр хангажээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг