sonin.mn

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2012 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 17.00 цагийн үед Г.Гантөмөр, Б.Дашням, Б.Саранхүү, Д.Болд, Б.Буянтэгш, О.Батмөнх нар нь Баянгол дүүргийн V хороо, Нэгдсэн III эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомп байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэрэг гарсан билээ.

Тус хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Б.Саранхүү, Д.Болд, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүлийн 183.1-т зааснаар гэм буруутайд шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт тус тус 1.6 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Болдын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ял ногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болсон.

Харин шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ялыг тус тус ногдуулсан байна.

С.Хорлоо

Эх сурвалж: