sonin.mn

Том алаг нүдэндээ харааны шил зүүсэн, илэн далангүй яриатай, өндөр туранхай энэ хүнийг Б.Базаржав гэдэг. Тэр 70 настай бөгөөд амьдралынхаа хагас зуун жилийг архи ууж өнгөрөөсөн нэгэн. Харин Д.Базаржав архинаас гараад гурван жил болж байгаа. Тэрбээр:

-"Гоё амьдрал” төрийн бус байгууллагаар дамжин архинаас гарлаа, ах нь гээд инээд алдан ярилаа. Д.Базаржав сурч боловсорч байх үедээ архийг сонирхон амсаж эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам уух нь нэмэгдсээр, нэг л мэдэхэд архи уухгүй бол байж сууж чадахгүй болсон байж.

-Архи уудаг хүмүүс өөрийгөө архинд донтож байгаа гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Би бусдын адил л ууж байгаа. Надад илүү уусан юм байхгүй гэх мэтээр гэр бүлийнхэндээ уурлаж, хэрүүл хийж, хүчирхийлэл үүсгэж эхэлсэн дээ. Архи уусан 50 жилд нийгэм их өөрчлөгдсөн. Дорой буурай орон үсрэнгүй хөгжилтэй болтлоо хөгжсөн байна.

Энэ хугацаанд архи уугаагүй байсан бол хичнээн их зүйлийг бүтээх байсан бэ гэдгийг л сайн ойлгосон. Их харамсч явдаг даа гэж тэр яриагаа үргэлжлүүлэв.

Түүнийг олон жил архи уух хугацаанд гэр бүлийнхэн нь архинаас гаргадаг гэх бүхий л газраар дагуулан явж эмчилгээнд хамруулжээ. Гадаад улсад хүртэл очсон эмчилгээ хийлгэсэн. Лам, үзмэрч, албадан эмчилгээ гээд бүхий л газраар дагуулж явсан.

Шар хадны эмнэлгийн Наркологийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Архинаас гаргах эмчилгээ нь тухайн хүнд таарах, таарахгүй гэж байдаг юм билээ гэж Д.Базаржав тодотгож хэлсэн юм.

Аль нь ч тус нэмэр 5олсонгүй. Архинаас гарч чадахгүи явсаар тэрээр Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотод сэтгэцийн эмгэг судлалын төвийн зөвлөх эмч А.Л.Воронцовоор эмчүүлэх бодол тээсээр очтол тэр эмч нь Монгол руу явсан гэсэн мэдээг сонсчээ.

Буцан ирээд “Гоё амьдрал” хэмээх ТББ-тай хамтарч ажиллаж байгааг нь олж мэдээд энэ байгууллагад хандсанаар архинаас гарсан байна. “Гоё амьдрал" ТББ нь архинаас гарах дургүй хүнийг албадан эмчилдэггүй. Учир нь албадуулсан хүнийг эргээд л архи ууна гэж үздэг. Харин хүссэн хүн нэг өдрийн дотор ч архинаас гарах боломжтой.

Архинаас гаргахын тулд хүний сэтгэхүйд нөлөөлдөг кодлох эмчилгээ хийдэг байна. Өөрөөр хэлбэл бие нь цэвэр, ой ухаан нь эрүүл саруул байхад эмчилгээ тухайн хүнд шууд нөлөөлж, үр дүнгээ өгдөг аж. Хоёр, гурав түүнээс дээш сар архи уухгүй байж байгаад энэ эмчилгээнд хамрагдвал илүү сайн нөлөө үзүүлдэг.

Энэ хугацаандаа биеэ сайн бэлтгээд, архи уухгүй, сэтгэл санаагаа тайван байлгаад, ой ухаанаа цэгцэлдэг байна. Энэ нь архи уух дуршлыг үгүй хийж байна гэсэн үг. Энэ эмчилгээний үр дүнг харуулсан бодит жишээ бол Д.Базаржав өөрөө юм. Хамгийн гол нь тухайн хүн өөрөө л хичээх хэрэгтэй болдог.

Одоо Д.Базаржав энэ төрийн бус байгууллага дээрээ архинаас гарсан тухай туршлагаасаа ярьж хүмүүсийг архинаас гаргаж нэг хүнд ч гэсэн сайхан амьдрал бэлэглэхийн тулд ажилладаг.

-Тэр “Архи уудаг хүмүүсийн дунд эх орноо гэх сэтгэлтэй олон хүн байдаг юм шүү” гэж дандаа хэлдэг гэж “Гоё амьдрал” төрийн бус байгууллагад ажилладаг ажлын хамтрагч З.Тунгалаг инээмсэглэн Д.Базаржавыг дэргэд нь магтсан юм.

Д.Базаржав өдөр болгон гадуур явж, архинд орсон хүмүүстэй ярилцаж, тэднийг урин авчирч архинаас гаргахад нь тусалдаг. Тэр ч байтугай архинаас гаргасан нэг хүнийг хүүхдүүдтэй нь уулзуулж өгч тус болжээ. Одоо болтол тэр хүн нь архи уугаагүй бөгөөд сайхан амьдарч, байнга холбоотой байдаг аж. Ийнхүү түүний хийсэн болгон хүний төлөө чиглэдэг болжээ.

Б.Золзаяа

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин