sonin.mn

Нийслэл хот хаяа тэлэн өргөжиж байна. Зөвхөн хаяа тэлэхээс гадна хотын төв орчмоор өчүүхэн зай олдоход л оффис, орон сууц барьчихдаг болоод байгаа. Үр дүнд нь хүүхэд, хөгшид тоглож нарлах талбайгүй, машинтай хүн унаагаа тавих зайгүй болсон доо.

Ойр орчмынхоо тав тухыг алдагдуулдаг нь яахав гэхэд бусад барилгад хэт ойрхон, аваарь осолтой ажилласан ч чигээрээ зүтгэсээр барилгаа дуусгадаг. Тэр байтугай зүй бусаар олсон газартаа хууль бусаар барилга барьчихаж л байна шүү дээ. Хууль, зохицуулалт муутай бол хэн ч байсан юу дуртайгаа хийж болдог ажээ.

Тодруулбал, саяхан гурван оюутан зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгаас унаж амиа алдсан харамсалтай явдал болсон. Хүүхэд хойт эцгийнхээ гарт, аль эсвэл мориноос унаж эндвэл хүүхдийн төлөө байгууллагууд, барилга, уурхайн ослоор олон хүн хохирвол Мэргэжлийн хяналт, цагдаагийнхан мэдээлэл хийгээд эхэлдэг. Энэ жишгээр нийслэлийн МХГ, Цагдаагийн газар хамтарч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Яг одоогоор нийслэлд зөвшөөрөлгүй 26 барилга баригдаж байгаа гэнэ. Сэтгүүлч Мэргэжлийн хяналтынхнаас зөвшөөрөлгүй барилгын ажлыг бүр мөсөн зогсоож болдоггүй юм уу гэж асуухад "Бид хуулийн хүрээнд акт тавьж үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Түүнээс бусад арга хэмжээг шүүх, цагдаагийн байгууллага хариуцах ёстой" гэсэн утгатай юм ярьсан байна.

Харин цагдаа нь "Зөвхөн шүүхээр шийдвэрлэж байж л бид арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай" гэжээ. Манай хэрэг заргын тогтолцоо ямар билээ. Гурван шатны шүүх дамжина.

Түүний дээр хойшлуулж, удаашруулах түмэн арга бий. Гэтэл барилгыг өнөөгийн технологиор нэг зуны дотор л барьчихдаг болоод байгаа шүү дээ. Ийм болохоор зөвшөөрөлгүй барилга барина гэдэг тийм ч хэцүү зүйл биш байх нь.

Үүнийг төрийн хариуцсан институт нь тодорхой хууль дүрэм гаргаж зохицуулах шаардлага байна. Иймэрхүү бусармаг явдлыг мэдсээр байж таслан зогсоохгүй байх нь "эс үйлдэл" гэдэг гэмт хэрэг бус уу.

Ж.Энх

Эх сурвалж: