sonin.mn

Одоогоос долоон өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд дэгдсэн цианит, натрийн хордлогын хэрэг Монгол Улсыг цочирдуулсан билээ. Тухайн үед гарсан хордлогын шуугиан өнөөдөр ч намжаагүй байна.

Энэхүү шуугианы улмаас Хонгор сумын иргэдийг нийгмээс гадуурхаж, амьжиргааны үндэс болсон газар тариалангаас нь хөндийрүүлэх болсон нь хувийн ашиг сонирхолтой холбоотой гэж нутгийн иргэд үзэж байна.

Энэ сумын төлөөлөл цаг үеийн байдлын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Олны дунд тархсан худал цуурхал хонгорчуудын нэр хүндэд хэрхэн нөлөөлсөн болон өнөөдөр энэ суманд амьдрал хэвийн үргэлжилж байгаа эсэхийг нутгийн иргэдээс тодрууллаа.

А.Хишигбаатар: Биднээс уучлалт гуйх ёстой
Дархан-Уул аймгийн Хонгор сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан А.Хишигбаатартай 2007 онд тус суманд гарсан хордлогын тухай болон өнөөдөр Хонгор суманд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа.

-Та хордлого дэгдсэн 2007 онд Хонгор суманд амьдарч байв уу?
-Тэр жил би Хонгор сумын дунд сургуульд сурч байсан. Цианит, натри гэх бодис нь сургуулийн ойролцоох байрнаас алдагдсан юм. Мэргэжилтнүүд сургуулийн засварын ажилд ашигласан шороог тэр газраас авсан гэж үзсэн.

-Одоо нутагтаа амьдарч буй оршин суугчийн хувьд амьдрал ямар байна вэ?
-Хорт бодсыг алдагдсаны дараа улсаас яаралтай арга хэмжээ авсан. Агаарт дэгдэмхий бодисыг түргэн хугацаанд саармагжуулсан тохиодолд хор хөнөөлгүй болдог.

Манай нутаг бусад сумдын адил амьдрал үргэлж байна. Хэвийн амьдрах орчинтой сумын нэр хүндийг уландаа гишгэснийнхээ төлөө А.Саруул биднээс уучлал гуйх ёстой.

-Хонгор суманд 80 гаруй хүн цианитын хордлогоор нас барж 60 гаруй эмэгтэйн хүүхэд зулбасан гэсэн мэдээлэл тархсан. Үнэхээр цианит натрийн хор хөнөөл нь одоо ч хэвээр байна уу?
-Хонгор суманд амьдарч буй хүний хувьд нас баралтын шалтгаан, төрөлтийн хувийг хэнээс ч илүү мэднэ. Хүний нас барах эрсдэл бүрийг цианит натритай холбох юм бол өрөөсгөл үзүүлэлт гарна.

Хүн ямар ч шалтгаанаар нас барж болно. Гадуур Хонгор сум гамшгийн хэмжээнд хүрсэн мэт яриа тархсанд эмзэглэж байна.

-Ер нь дээрх тоо баримтыг ямар судалгаанд үндэслэж гаргасан хэр бодитой үзүүлэлт вэ?
- А.Саруул гэгч хүн ямар судалгааг үндэслэн энэ тоо баримт дурдсаныг мэдэхгүй. Яагаад ийнхүү зарлах болсныг нь гайхаж байна. Биднййг доромжилсон, өрөвдсөн нь мэдэгдэхгүй энэ ярианы ард ямар зорилго нуугдаж буйг мэдэхгүй.

-Энэ ярианаас үүдээд Хонгор сумын иргэдэд нийгмийн зүгээс ямар нэгэн сөрөг хандлага гарсан уу?
-Монгол Улсын хэмжээнд Хонгорын иргэдийг хүлээж авахад бэрхшээлтэй болсон. Нөгөө л хордлогын улмаас биднийг хордсон хүмүүс мэтээр нийгмээс тусгаарлаж байна. Оюутан залуусыг өвчтэй, зовлонтой, гажигтай хүн мэтээр хүлээн авдаг нь нууц биш.

Х.Алагаа: Ургац хураалтыг тааруулж улс төрийн зорилготой мэдээлэл тараасан
Цианит натрийн хордлогод орсон гэх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нөхцөл байдлын талаар тус сумын оршин суугч Х.Алагаатай ярилцлаа.

-Та ямар шалтгаанаар өнөөдөр хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн бэ?
-Би Хонгор сумын оршин суугчийн хувьд олон нийтэд тархсан мэдээллийн үнэн худлын тухай ард түмэнд бодит ойлголт төрүүлэхээр хурал хийж байна. Энэ нутгийн иргэний төлөөлөл учраас тэдний эрх ашгийг хамгаалахыг хүссэн юм.

Манай сум улсдаа ургац хураалтаараа тэргүүлдэг тариалангийн бүс нутаг. Гэтэл бидний амьдралын эх сурвалж болсон ургац хураалтын үеэр Хонгор сум цианит, натрийн гүн хордлогод орсон гэсэн сөрөг мэдээлэл ард түмэнд тараасанд сэтгэл дундуур байна.

Хэрвээ үнэхээр хордсон бол эрт хэлж болно шүү дээ. Гэтэл ургац хураалтын үеийг тааруулж мэдээлэл тараасан нь цаанаа зорилготой гэж бодож байна.

-Хонгор суманд хүн, мал төдийгүй хөрс шороо хүртлээ хордсон гэсэн цуурхалын зорилго нь юу юм бол?
-Одоогоос долоон жилийн өмнө гарсан хэргийг өнөөдөр сөхөж ярих болсон хувийн ашиг сонирхолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, жирийн нэгэн сум, иргэдээр улс төр хийж буй нь бодит жишээ юм. Хонгор сум цианит натригаар хордсон гэх яриа 2007 оноос үүдэлтэй. Цианит, натри бол агаарт дэгдэмхий бодис.

Тухайн үед ОБЕГ-ын ажилтнууд хордлогыг бүрэн саармагжуулсан гэдэг. Хоргүйжүүлсэн гэдгийг олон улсын байгууллагаас баталгаа дүгнэлт гаргасан. Энэ яриаг гаргасан хүмүүсийг эх орноо гэх сэтгэлгүй, ашиг хонжоо хайгчид гэж хэлье.

-Тэгэхээр Хонгор сумын хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс хоргүй гэж ойлгож болох уу?
-Олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлтийг өнөөдрийг хүртэл нутагтаа амьдарч, үр шимийн хүртэж буй Хонгор сумын оршин суугчид давхар батална.

-Хонгор сум мянга гаруй оршин суугчтай байснаас 450 нь үлдсэн гэсэн. Энэ суманд амьдарч буй иргэний хувьд асуухад энэ яриа үнэн үү?
-Ямар ч үндэслэлгүй худлаа цуурхал гэж хэлье. Хонгор сум 4500 оршин суугчтай байсан. Одоо сумын гурван багт 6000 орчим хүн амьдарч байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: