sonin.mn

ВЕНА. /OSCE/. Нийгмийн сүлжээгээр улс төрийн дээд албан тушаалтныг гүтгэсэн хэргээр Монголын шүүх блогчинд шоронд хорих ял шийтгэсэн нь санаа зовохгүй байхын аргагүй хэрэг гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ хэвлэлийн эрх чөлөөний талаарх асуудал хариуцсан төлөөлөгч Дунья Миятович мэдэгдлээ.

“Гүтгэж гүжирдсэн гэж үзэн хорих ял шийтгэсэн нь шударга бус, байж боломгүй арга хэмжээ” гэж Миятович хэлэв. Энэ сарын 19-нд блогчин, нисэхийн инженер Ц.Бат нь нийгмийн сүлжээгээр гүтгэсэн гэм буруутай нь тогтоогдсон Монголын анхны хүн болсон юм. Өнгөрсөн онд Зам, тээврийн сайдыг “Твиттер”-ээр гүтгэсэн хэргээр түүнд гурван сар шоронд хоригдох ял шийтгэсэн билээ.

 “Монгол бол хэвлэлийн эрх чөлөөний хөгжлөөрөө бүс нутагтаа жишиг болсон улс. Харин сүүлийн үед тус улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдөх хандлагатай болж байгаад маш их санаа зовж байна” гэж ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний талаарх асуудал хариуцсан төлөөлөгч хэлсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг