sonin.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/714 тоот захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу замын хязгаар тавьсан бүсэд автомашиныг улсын дугаарын сүүлчийн тоог тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.

Хязгаарлалт нь Нисэх, Сонсголонгийн аюулгүйн тойрог, Моносын уулзвар, Орбит, Толгойтын салдаг уулзвар, 21-р хорооллын уулзвар, ЭХЭМҮТөвийн зүүн хойд уулзвар, 7-н буудлын салдаг уулзвар, Дамбадаржаа, Бэлх салдаг уулзвар, Шархад, Улаан-хуарангийн уулзвар, ХСИС-ийн уулзвар хүртэлх гудамж замуудад үйлчлэх юм. Энэ талаар мэдээлэл өгч нийслэлийн вэб сайт дээр зургийг нь тавьсан.

Гэвч Дэнжийн 1000-аас Баянхошуу орох зам буюу Хувьсгалчдын гудамжны шинэ тавигдсан замд Чингэлтэй дүүргийн замын цагдаа нар иргэдийг торгож байна. Зурагт заасан болон журамд бичсэнээр энэ зам хязгаарлалтын бүсэд байгаагүйг харж болно.

Гэвч Чингэлтэй дүүргийн хэв журмын ахлах байцаагч гэх нэгэн "Сүүлд А/714 тоот захирамжид наад зам чинь орсон" гэж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн газар "Зураг нь бичигтээ дарагдаад энэ хэсгийн замыг оруулаагүй байна" гэсэн тайлбар хэлсэн гэнэ.

Үүнээс болоод олон иргэд гэр хороолол дунд байдаг засмал зам дээр эгнээд торгуулж байна. Гарьд магнай кинон дээр хэн наадамд түрүүлэх бол гэхэд Равсал панз "Тамшаалж мэддэг тарлан бух биш. Тааж мэддэг тангад зайран биш би яаж мэдэхэв" гэдэг шиг иргэд зурагт байгаагүй газрыг яаж мэдэхэв дээ. Энэ одоо дээрэм үү, торгууль уу.

Ж.Баяр

Эх сурвалж: