sonin.mn
Их, дээд сургууль болон дунд сургуулийн багш нар их бага хэмжээгээр оюутан сурагчдаас авлига авдаг гэчихэд буруудахгүй л болов уу.  Гэвч цаг цагаараа байдаггүй бололтой. Оюутнуудын сул талыг ашиглан өврөө түн­тийлгэдэг байсан багш нарын хэрэг эхнээсээ илэрлээ.
 
Тухайлбал ирэх сарын 03-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болох МУИС-ийн харьяа ХҮДС-ийн авлигалч багш болон оюутнуудыг шүүх хурал болно.
 
Авлига өгсөн, авсан, зуу­чилсан гэх 54 шүүгдэгчтэй, 36 өмгөөлөгчтэй эл хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг шүүх хуралд оролцуулахад хамгийн багадаа 200-гаад хүн болоод байгаа юм.
 
Эл хэргийн гол хүн нь ХҮДС-ийн сургалтын албаны дарга асан Б.Жавхлантөгс, Н.Наранмандах нар нь 2011-2013 оны хооронд 300 гаруй оюутны дүнг засч өгнө хэмээн их хэмжээний мөнгө завшсан болох нь тогтоогдоод байгаа юм.
 
Энэхүү олон хүн хамарсан эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 268, 269, 270-д заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж шүүгдэгч тус бүрт 5-8 жилийн хорих ял төлөвлөжээ.
 
Б.Жавхлантөгс, Н.Наран­мандах нарт холбогдох шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдож байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж байсан юм. Эх сурвалжийн өгүүлснээр өмнөх шүүх ху­ралд нэг оюутныг тодорхой шалт­гаангүйгээр хуралд ирээгүй хэмээн Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
 
Хуулийн байгууллагынхан оюутнууд дүнгээ засуулах зо­рилгоор багш нартаа авлига өгсөн, харин түүнийг нь замд нь оюутнууд зуучилсан гэж үзэж буй аж. 
 
Түүнчлэн зарим оюутнууд давтан авлига өгсөн хэрэгт ч сэжиглэгдсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн Б.Жавхлантөгс оюутнуудын уна­сан хичээлийн дүн болон голч оноог ахиулж өгнө гэж мөнгө авч байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээсэн байна.
 
Б.Жавх­лан­төгс өөрийн гар хөл болсон оюутан С.Пүрэвдорж, Г.Гүнчин-Иш, Б.Батнягт, М.Мөнхбадрах, Д.Нямцоо нараар зуучлуулан 300-гаад оюутнаас их хэмжээний мөнгө авч байсан байна. 
 
Өөрөөр хэлбэл багш, оюутнууд нэг хүнээс дор хаяж 500-700 мянган төгрөгийг авч байсан нь өдгөө баримт болон үлджээ. Гэхдээ олон нийтийн зүгээс ийм олон оюутныг хоморголон шийтгэж болохгүй гэсэн өнгө аясыг илэрхийлж байна. 
 
 
Товчхондоо авлигал өгсөн хэрэгт холбогдоод байгаа оюут­нуудад багш нарынх нь зүгээс ямар нэгэн дарамт шахалт ирсэн учраас тэд ийм байдалд орсныг үгүйсгэх аргагүй гэж хэлэх эцэг эхчүүд ч байсан юм.
 
Тиймээс манай хууль шүү­хийн байгууллага энэхүү ав­лигын хэргийг маш сайн ялгаж салгаж хүний амьдралыг шийдэх хэрэгтэй. Ер нь аль ч их дээд сургуулийн багш нар оюутнуудыг дүнгээр боож тэднийг дахин шалгалт өгүүлэхэд хүргэдэг нь нууц биш. 
 
Энэ мэтчилэн олон оюутан нэг дор шүүгдэгдэх гэж байгаад сургуулийн хамт олон төдийгүй хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг эхчүүд ч ихэд санаа зовниж буй юм.
 
Түүнчлэн авлига авсан гэх багш Б.Жавхлантөгс өмнө нь ч иймэрхүү хэрэгт холбогдож байсан ч сургуулийн удирдлагууд нь нэр хүндээ бодоод түүнд зөвхөн цалингийн арга хэмжээ авсан төдий болоод өнгөрдөг байсан нь өдгөө ийнхүү олон хүнийг хөлдөө чирсэн маш том авлигалын хэрэг болоод байна.
 
Б.Жавхлантөгс энэхүү хэргээ нуухын тулд хөөрхий хэдэн ядарсан оюутнуудыг элдвээр дарамтлан үйл тамыг нь үздэг байсан тухай оюутнууд ч ярьж байсан.  Эндээс харахад боловсролын салбар хэрхэн авлига, хээл ха­хуульд идэгдсэний тод жишээг харуулж буй явдал юм. 
 
Товчхондоо авлигалч багш на­рын шуналаас болж ээж, аавын­хаа зовж олсон хэдэн төг­рөгийг тэдэнд өгснөөрөө оюутнууд шо­ронгийн хаалга татах ёсгүй юм.
 
Ямартай ч Худалдаа үйлд­вэрлэлийн дээд сургуулийн удирдлагууд дээрх хоёр багш нарынхаа толгойг илснээр ийнхүү сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл тээж ирсэн хүүх­дүү­дийг хохироочихлоо. 
 
Тиймээс ирэх сарын 03-нд болох уг хэргийн шүүх хурал олны анхааралд орж тэдэнд ямар ял ногдуулах бол гэсэн хүлээлтийг нийгэмд бий болгоод байна. Ичих булчирхайгүй авлигач багш нараас болж Мон­голын ирээдүй болсон залуучууд олноороо хохирч үлдэх ёсгүй. 
 
Р.Саруул
 
Эх сурвалж: