sonin.mn

"Дэлхийн Монгол -Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ-ууд уран болон хайгуулын үйл ажиллагаанаас үүдсэн хор уршгийн эсрэг тэмцсээр ирсэн. Хамгийн сүүлд тус байгууллагууд АНУ-ын Нью Мексико мужийн Судалгаа мэдээллийн төвийн захирал, уул уурхайн нөхөн сэргээлтээр мэргэшсэн эрдэмтэн Пол Робинсоны хамт ураны эсрэг хөтөлбөрийн дагуу Дорноговь, Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн байна. Энэ талаар "Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжинтэй ярилцлаа.

-АНУ-ын эрдэмтэнтэй уран олборлож байгаа Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт очиж судалгаа хийсэн гэсэн. Тэнд ажиллаж байгаа "Кожеговь" компани уусган баяжуулах аргаар хайгуул, олборлолт хийж байгаа гэлцдэг. Баримталж байгаа горим, стандарт нь зөв байна уу?
-"Арева" корпорацийн охин компани болох "Кожеговь" нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул, туршилтын олборлолт хийдэг. Хайгуулын ажлыг хийхдээ мөрдөж байгаа ямар ч стандарт алга. Ерөөсөө дураараа дургиж байдаг юм байна. Уусган баяжуулах технологи гэж ярьдаг.

Газрын гүнд хүхрийн хүчил шахаж, олборлолт хийж байгааг тэгж нэрлэдэг. Зөвхөн манайд ч тэгж олборлоогүй. Дэлхийн 20 гаруй оронд тийм аргаар олборлолт хийсэн байдаг. Үндсэндээ хүхрийн хүчил бол хор шүү дээ. Тийм аргаар олборлолт хийсний эцэст газрын гүнийг тэд хэзээ ч цэвэршүүлж чадаагүй, чадах ч үгүй. Цэвэршүүлсэн нэг ч түүх үгүй. Тэнд байгаа хүн, мал хордож, амьдрах аргагүй болно гэсэн үг.

Үүнийг бидэнтэй хамт хөдөө орон нутагт ажилласан АНУ-ын эрдэмтэн Пол Робинсон хэлсэн. "Та нар хаанаас ч асууж сураглаад, газрын гүнийг бүрэн цэвэршүүлсэн мэдээ сонсохгүй, тийм түүх дэлхийд үгүй. Одоогоор тэгж чадахгүй байгаа" гэсэн. Газрын гүний ус хордчихоор өвс ургамал, хүн амьтан хордохгүй байхын аргагүй. Хортой ус үхлийн ус болно гэсэн үг.

-Улаанбадрах суманд үүссэн нөхцөл байдал, одоогоор ямар байна вэ?
- Улаанбадрах суманд хайгуул, олборлолт хийснээр байгаль орчин сүйдэж, мал олноороо үхэж, гаж хөгжилтэй хурга, ишиг гарч аюул нүүрлэснийг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр тэр нутагт хүн амьдрахын аргагүй, дүр зурагтай байна. Шар нунтаг олборлосон орчин үхлийн бүс болдог.

Тус суманд хэдэн зуун хүн ороход харагдахааргүй өтгөн, шигүү заган ой байсан. Гэвч өнөөдөр заган ой дотор өрөмдлөг, хайгуулын ажлыг хийж Заган ойг устгаж сэглэсэн байдалтай байна. Ажил хийж байгаа нэрээр том оврын машинаар дайрч сүйтгэснээр заган ой устаад дууссан.

Түүнээс гадна Улаанбадрах суманд зөвшөөрөлгүй зам тавьж байгаль орчныг сүйтгэсэн. Ийм нөхцөл байдал үүсээд байхад аймаг сумын дарга нар тоохгүй байна.

-Сүхбаатар аймгийн Онгон суманд "Кожеговь" компани хэзээнээс эхлэн ураны өрөмдлөг хийж эхэлсэн юм бэ. Нөхөн сэргээлт хийсэн үү?
-Онгон сумын хувьд "Кожеговь" компани 2011 онд өремдлөг хийж хоёр ч цооног гаргасан. Гэтэл газрын гүний усыг эл задгай урсч, их хэмжээний шавар үүсч, дархан цаазат амьтан болон мал урсаж, шигдэж үхсэн байдалтай байна. Газрын гүний усыг үр ашиггүй урсгаснаар Онгон сумын иргэдийн ундны усны ганц эх үүсвэр болсон Хавиргын булаг ширгэж, ундарга нь арав дахин багассан.

"Кожеговь" компани үйл ажиллагааныхаа явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, байгаль орчин, хүн. малыг хордуулж. амьдрах нутаг, уух усыг үгүй хийж байна. Гэвч нөхөн сэргээлт хийлгүй өнөөдрийг хүргэсэн. ТББ-ын зүгээс нөхөн сэргээлт хий гэсэн албан шаардлага хүргүүлсэн ч "Кожеговь" компани тоодоггүй.

-Сүхбаатар аймагт ураны нийт 16 лицензтэй гэсэн мэдээлэл бий. Танай ТББ тэнд хэдэн удаа очиж ажиллав. Аймгийн Засаг даргатай хэл амаа ололцохгүй байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Сүхбаатар аймаг 13 сумтай. Одоогийн байдлаар нэгээс бусад бүх сум нь ураны лиценз олгогдсон. Бидний хувьд 4-5 удаа энэ аймаг руу явж газар дээр нь очиж ажилласан. Ер нь Сүхбаатар аймагт одоогоор Дорноговийн Улаанбадрах сум шиг ураны хор хөнөөлд нэрвэгдэхийн даваан дээр байгаа.

Өөрөөр хэлбэл, аюул арай ч нүүрлэчихээгүй, гэхдээ дохио өгөөд эхэлсэн. Онгон суманд л гэхэд ундны усны нөөц ширгэж байна. Улаанбадрах сумын аюулыг Сүхбаатар аймагт нүүрлүүлэхгүй гэсэндээ бид ухуулга суртачилгаа их хийсэн. Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчид ч бидэнтэй холбогдоогүй. Ураны мэдлэггүй хүмүүс л  ажилладаг юм билээ.

-Аймгийн Засаг дарга нь уурлаж, таньд гар хүрсэн гэсэн мэдээлэл гарч байсан. Та гомдол гаргасан уу. Таниас уучлалт гуйсан уу?
-Хамгийн сүүлд аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай орж уулзсан юм. Гэтэл ураны асуудлаар явж байгаа гэдгийг бидний өгсөн бичиг дээрээс хараад, маш их уурлаж таны асуусан тэр явдал болсон.Намайг шанаадсанд нь юм санаагүй, харин эх нутгаа гэх сэтгэлгүйг нь л гайхаж байгаа.

-Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь "Хүн, нохой нь мэдэгдэхгүй хүзүүндээ гинж зүүсэн хүмүүсийг нутгийнхаа хилээр оруулахгүй. Би нутгаа хамгаалж чадна" гэж мэдэгдсэн. ТББ-уудыг шантааж хийж явдаг гэсэн утгатай зүйл ярьсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Хэлсэн үгийг нь сонсоод үнэхээр их гайхсан. Ихэнх хүмүүсийн хүзүүнд гинж байж л байдаг. Тэгэхээр манай улсын хуульд "Хүн гинж зүүж болохгүй, зөвхөн нохойд л зүүнэ" гэсэн заалт байхгүй. Амьдарч байгаа аймаг нь ураны аюулд орох гээд байхад ийм юм яриад сууж байгааг нь харахад ямар хүн бэ гэдэг нь тодорхой шүү дээ.

Өнөөдөр уусган баяжуулах технологи нь газрын гүнд хүхрийн хүчил шахдаг, тэр нь эргэж цэвэршдэггүй, нөхөн сэргээгддэггүй тэр чигээрээ амьд бүхнийг хордуулах үхлийн хор болдог гэдгийг өмнөх туршлагууд нотолж, эрдэмтэд баталсан.

Гэтэл манай улсын зүүн бүс нутагт 58 лиценз байгаа. Монгол Улсын зүүн тал тэр чигээрээ бохирдчихоор тэнд хүн амьдрах амьдралгүй болно. Тухайлбал, Дорноговийн Улаанбадрах суманд юу болсныг монголчууд бүгд мэдэж байгаа.

Тиймээс тэр аюулыг Сүхбаатарт бий болгочихгүй юмсан, хор хөнөөл нүүрлүүлчихгүй юмсан гэхдээ бид тэнд ажиллаж, ураны хор хөнөөлийг ард иргэдэд нь, ТББ-уудад нь суртачлах, таниулах ажлыг хийж явсан. Цаашид ч тэр чиглэлээрээ ажиллана, шаардлага тавина. Бид зорилгоосоо буцахгүй.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: