sonin.mn

АТГ нь нийгэмд байгаа авилгал, албан тушаалын гэмт хэргийг багасган, Монгол улсад шударга ёс, хууль дүрмийг сахиулах ариун зорилготой билээ. Гэтэл энэ ариун сайхан зорилгыг муу бохир аргаар, гэм зэмгүй хүмүүсийг айлгаж ичээж, цагдан хорих нэрээр эрүүл мэндийг нь муутгаж, амь насыг нь хохироон хар цагааныг ялгахгүй төрийн хүчийг хэрэглэн, сүрээр далайлган хийнэ гэвэл нэн бэрх юм.

Ариун зорилго тавиад муйхар аргаар гүйцэтгэх гэсэн жишээ түүхэнд их олон байдаг. Үүний нэг нь 1917-оноос ЗХУ-д бүгд тэгш эрхэт сайхан нийгмийг байгуулах ариун зорилго тавиад КГБ-ын хар хүчээр хийх гэж зүтгэж байсан явдал юм. КГБ-ын ажлын арга технологи нь нэн бохир, хүчирхийлэл, эрүүдэн тамлах дээр суурилсан байсан.

Манай АТГ-ын ажилтанууд нь коммунизмийн үеийн КГБ-ын арга барилаасаа салаагүй байгаа нь илэрхий байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн эхнэр хүүхдийг нь хорино цагдана гэж айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэх байдал байдаг гэнэ. Монгол эрчүүд гэр бүлээн хайрлахын эрхэнд өөрт хамаагүй хэрэг хүлээхээс аргагүй болсон гэж ХЭҮК-т олон бичиг гомдол ирсэн байдаг байна.

Мөн Н.Энхбаярыг баривчлах үед, хөрш айлынх нь хаалгыг андуурч лантуудаж ороод гэрийн эзнийг босоод ирэхээр цохиж унагааж байсан гэнэ. Дараа нь уучлаарай андуурчээ гэж байсан байна.

Хууль сахиулах гэж байгаа төрийн байгууллагын ажилтанууд өөрсдөө бохир аргаар ажиллах юм бол хэзээч ариун шударга ёс тогтохгүй гэдэг нь хүн төрлөхтөний түүхээр батлагдсан аксиом юм. Энэ аксиомыг 21-р зуунд Ардчилсан Монгол улсад иргэдийнхээ цус нулимсаар дахин шалгах хэрэг байна уу даа.

АТГ-г шударга ариун хууль дүрмийнх нь дагуу ажилладаг болгохгүй бол Монгол улсад шударга ёс тогтохгүй гэдэг нь илэрхий байна. Прокурорийн дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байхад иргэд цагдаа ба АТГ-ын комиссаруудын үйл ажилгааны тухай гомдолоо өгч шалгуулдаг байжээ. Одоо ийм байгууллага нэгэнт үгүй болсон тул эдэнд хяналт тавих систем бараг байхгүй болсон байна.

Г.Баян