sonin.mn

Манай улс парламентын засаглалтай. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллага нь Улсын их хурал буюу ард түмний дэмжлэг хүлээсэн 76 гишүүн. Эдгээр хүмүүс улсын нууцын зэрэглэлээс авахуулаад ард түмний амьдралд шууд нөлөөлөхүйц амин чухал асуудлаа Төрийн ордонд ширээ тойрон суугаад хэлэлцдэг. Нэгэн цагт саарал байсан Төрийн ордон өдгөө шаргал болж өнгөө зассан.

Мянгаад хүн ажилладаг энэ ордонд Монгол Улсын өчигдөр, өнөөдөр багтдаг гэхэд болохгүй зүйлгүй. Ирээдүйг ч мөн энд л бичнэ, шинэ байртай болтлоо. Товчхондоо, Төрийн ордон бол Монгол Улсын онц чухал объект. Гэтэл маш өндөр харуул хамгаалалтад байх учиртай Төрийн ордон гадныхны "гар"-т байна.

Хэдийгээр "Тийм ч өндөр авахуулах хэрэг биш" гэж зарим хүн үзэж байгаа ч улсын бодлогыг зангидаж, ил далд бүх зүйлээ хэлэлцэж суудаг Төрийн ордон бүхэл бүтэн хоёр сарын хугацаанд солонгосчуудын "мэдэл"-д байх нь. Тэр дундаа шийдвэр гаргагчдын цугладаг чуулганы хуралдааны танхим болон байнгын хороод хуралддаг танхимуудыг ч тэд энэ өдрүүдэд эзэгнэх нь.

БНСУ-ын арваад хүн манай улсын Төрийн ордонд засвар үйпчилгэаний ажил хийж байна. Ингэхдээ тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг хариуцаж байгаа аж. Гадаадын компаниар ийнхүү завсар үйлчилгээгээ хийлгэж байгаад олон нийт ихээхэн дургүйцэж байгаа ч албаныхан ийнхүү тайлбарлаж байна. УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага / КОИКА/-ЫН хооронд 2012 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу солонгосчууд Төрийн ордонд засварын ажил хийж байгаа аж.

Түүнчлэн уг засварын ажил нийт 3.5 сая ам.долларын өртөгтэй гэнэ. Ингэхдээ БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2013-2015 онд хэрэгжүүлэх "Цахим парламент" төслийг УИХ хэрэгжүүлж байгаа нь энэ аж. Түүнчлэн төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны систем болон LED дэлгэцээр тоноглох, дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна.

Мөн парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэх, шаардлагатай техник хэрэгслээр тоноглох ажлуудыг хийх аж. Төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү техник технологийн шинэчлэлийн ажлыг УИХ-ын Тамгын газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, БНСУ-ын "КТНет" компани болон манай улсын программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Мизорн" ХХК-ийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж байгаа гэнэ.

Харин тэдний ажилд ТЕГ болон төрийн холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Ийнхүү төхник технологи, систөмийн шинэчлэлийн ажлыг солонгосчууд хариуцаж байгаагийн учир нь гэрээнд заасны дагуу санхүүжүүлэгч тал ажил хийх компаниа сонгон шалгаруулсантай холбоотой. Харин төслийн хүрээнд Төрийн ордонд хийгдэх кабель, сувагчлалын ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газрын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Мөн байнгын хороодын хуралдааны танхимд картаар ажиллах санал хураалтын системийг шинээр хийж эхэлжээ. Нэг ёсондоо Төрийн ордны дотоод шинэчлэлийн ажлыг гадныхан хариуцаж байгаа нь хөрөнгө мөнгөний гачаалтай холбоотой гэж ойлгож болохоор юм. Хэдийгээр манай улс буцалтгүй тусламж авах эрхтэй ч урсгал зардалд зориулах төсвийн хөрөнгө зөв эүйлд зарцуулагдсан бол ингэж гадны компанийн мэдэлд орж, системийн шинэчлэлээ хүртэл өөрсдийн мэдлээсээ алдахгүй байлаа.

Гэтэл Засгийн газар зөвхөн хоол унаа, идэж уух гэх мэтэд төсвийн хөрөнгөнөөс 5,3 их наядыг зарцуулж байгаа. Харин яг аминд тулсан ажлаа ийнхүү мөнгөний барьцаан дор гадныхнаар хийлгэж байна. Гэтэл солонгосчуудын хийгээд байгаа систөмийн ажлын хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим дахь бүх системийн шинэчлэлийг хийж байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд монголчуудаасаа нуун байж "Улсын нууцад хамаарах асуудал хэлэлцэнэ" гэх нэрийдлээр хаалттай хуралддаг. Нэг ёсондоо өөр хоорондоо асуудлыг та биднээс далд хэлэлцэж шийддэг атал энэ санал хураалтыг хэрхэн хийхийг гадныхан шийдэж байна. Хэдийгээр манай улсаас тодорхой хэмжээгээр хяналт тавьж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа ч муугаар бодоход нууцын зэрэглэлтэй мэдээллииг хэрхэн чагнах түлхүүр нь Солонгосчуудын тархинд байна гэхэд хилсдэхгүй.

Учир нь тэд нууцаар санал хураах, хурууны хээгээр санал өгөх гэх мэт системийг боловсруулан, суурилуулж байна. Хүсвэл өөрсдийн зохиосон программыг хэрхэн тайлж мэдээлэл авахаа тэд мэднэ гэсэн үг. Нөгөө талаас солонгосчуудыг ийнхүү ажиллах явцад манай улсын зүгээс хяналт тавьж, хамгаалалтад авсан гэж байгаа ч солонгосчуудын хэрхэн ажиллаж байгаа талаарх гэрэл зураг олон нийтийн цахим сүлжээгээр тарсан нь гадныхан ямар байдалтайгаар ажил хийж байгааг бэлхнээ илчилнэ.

М.Өнөржаргал

Эх сурвалж: