sonin.mn
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажлаар явж байгаад ор сураггүй алга болсон АМГ-ын геологичийн цогцсын эрлийн багийнхан олсон байна. Тэрээр  хяналт, шалгах хийх зорилготойгоор хамт явсан хоёр хүнээсээ төөрч, долоо хоногийн турш сураггүй байсан юм. 
 
Талийгаачийг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд АМГ-т ажиллаад нэг жил болж байгаа аж. Эрлийн баг талийгаачийн цогцсыг өнөөдөр 10.00 цагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газраас олсон гэсэн харамсалтай мэдээлэл байна.
 
Түүнтэй хамт явж байсан  АМГ-ын Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Ч.Түмэнбаяр нар нутгийн иргэдтэй таарснаар амь аврагдсан юм.
 
АМГ-ын гурван ажилтан төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллахаар энэ сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад нь машиных нь гурван дугуй хагарснаар ийн тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж, нэг нь ийнхүү амиа алджээ.  Талийгаачийн ар гэрийнхэн МАК-ийн нисдэг тэргийг хөлсөлж, эрэл хайгуул хийж байсан юм.
 
Я.Баяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг