sonin.mn
-Намрын улс төр хэлмэгдүүлэлтээр эхэлчихлээ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна-
 
АТГ-аас өнгөрсөн шөнө Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт баривчлан саатуулжээ. Шинэчлэлийн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хоёр жил дараалан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил энэ хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажиллажээ. АТГ-аас түүнийг дээрх хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Харин Л.Гансүх зөвлөхийн хувьд дээрх хөтөлбөрт ямар ч хамааралгүй гэдгээ хэвлэлээр дамжуулан мэдэгдэж байсан удаатай.
 
Ерөнхий сайдын зөвлөхийн хамт тус хөтөлбөрт гүйцэтгэгчээр ажиллаж байсан гурван хүнийг хорьжээ. Ерөнхий сайдын зөвлөхийг баривчилсан тухай мэдээлэл улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байгаа бөгөөд намрын улс төр хэлмэгдүүлэлтээр эхэллээ гэж дүгнэх хүмүүс ч цөөнгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн ойр дотны хүмүүсийг хэрэгт холбогдуулж, баривчлах замаар МАНАН байгуулах том улс төр зуны халуун, хүмүүсийн амралт зугаалгатай зэрэгцэн сэмхэн эхлэв үү гэх яриа ч байна.
 
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллынхон ам сайтай байсан. Энэ хөтөлбөрийн ачаар өвлийн өвөлд тэнгэрт хадчихдаг нүүрсний үнэ буурч, гэр хорооллынхон халуун, дулаан өвөлжсөн гэж иргэд магтдаг.  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан учраас зүй нь АТГ бодлого шийдвэр гаргасан байгууллагыг нь шалгах ёстой гэж зарим улстөрч үзэж байгаа юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөхийг АТГ-аас хорьж саатуулсан нь  улс төрийн зорилготой, цаана МАНАН байгуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэж  улс төрийн хүрээнийхэн харж байгаа бололтой.
 
Наадмын дараа намар гэгчээр зуны халуунаар эхэлсэн намрын улс төр хэр халуурахыг цаг хугацаа харуулах биз ээ.
 
Эх сурвалж: "news.mn"