sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Баруун нутгийнхаа Шинжаан Уйгурын ӨЗО-нд болсон хүчирхийллийн талаарх мэдээлллийг Хятадын эрх баригчид хатуу хянаж байна.
Тус улсын төрийн өмчийн мэдээний “Синхуа” агентлагийн мэдээлснээр, Шинжааны Кашгар хотын захиргааны байрууд, цагдаагийн газруудад уржигдар хутгаар зэвсэглэсэн бүлэг этгээд халдсан юм.
 
Халдлага явуулсан хүмүүсийн олонхыг цагдаа нар буудаж, устгасан аж. Энэ үеэр хэдэн арван хүн, тэдний дотор хан үндэстэн хятадууд болон лалын шашинт уйгурчууд амиа алджээ.
 
Тус улсын хэвлэл, мэдээллийн бусад хэрэгсэл “Синхуа”-гийн мэдээнээс иш татан энэ хэргийн талаар өнөөдөр мэдээлсэн юм. Гэхдээ  интернэтэд тавигдсан хүчирхийллийн талаарх мэдээллийг тун удалгүй хаасан байна.
 
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Кашгар хотын зарим хэсэгт интернэт үйлчилгээ хаагджээ. Нийгэмд эмх замбараагүй байдал тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Хятадын эрх баригчид мэдээлэлд хатуу хяналт тавьж байгаа бололтой.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг