sonin.mn

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн  гэх хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон ч, шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Г.Алтанхүүгийн өмгөөлөгч өнөөдөр өөр шүүх хуралд түүний оролцож байгаа аж. Түүнд Эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн зүйл ангиар прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ оны гуравдугаар сарын 5-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ уг хэргийн талаар  "Бүсгүйн нас барсан шалтгаан нь цусны сувгийн гэмтлийн улмаас шингэн бодис шүүрч, хэвлийд их хэмжээний шингэн хуримтлагдах замаар хэвлий, дотор эрхтнүүдэд нөлөөлснөөс болсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа.

Харин Г.Алтанхүү нь талийгаачийг 48 цагийн турш тасралтгүй зодсоор байж аминд нь хүрсэн зүйл болоогүй. Гэхдээ бүсгүй гадны нөлөөтэй нас барсан гэдэг нь тодорхой байна. Өмнө нь талийгаачийг Г.Алтанхүү зоддог байсан нь үнэн" гэсэн тайлбар хийсэн юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг