sonin.mn

"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хэргийг дээд шүүх хэлэлцэж өнгөрөгч тавдугаар сард Өвөрхангай аймгийн Хорхорин суман дахь 423 дугаар хорих анги руу ачсан. Тэгвэл Ц.Мөнхбаярыг долдугаар сарын 19-ний өдөр буюу бямба гаригт шилжих шөнө Зайсан дахь 401 дүгээр хорих ангид авчирчээ.

Ийнхүү хорих анги шилжүүлэх болсон шалтгааныг хүмүүжигч тодруулах гэхэд тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Иймд явахгүй гэж эсэргүүцэхэд "Дээрээс ирсэн шийдвэр, хотод аваачиж эмчилгээ хийнэ" гэж хэлсэн байна. Тэрбээр хорих ангид очсоноос хойш нэг ч удаа эмнэлгийн тусламж авахыг хүсээгүй бөгөөд биеийн байдал хэвийн байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Иймд холбооны гишүүд нь "Эрүүл хүнийг шинжилгээнд хамруулна гэж байгаа нь цаанаа сэжигтэй байна" хэмээн ХЭҮК-т хандаад байгаа юм байна. Түүнийг ар гэрийнхэнтэйгээ уулзах гэж байтал уулзуулахгүйгээр шууд авч явсан байна. Энэ талаар "Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн" ТББ-ын ерөнхий зохицуулагч, тэргүүн Я.Цэрэнхандаас тодрууллаа.

-Дээрээс эмчлүүлэх шийдвэр гаргасан гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Хэн ийм үүрэг даалгавар өгсөн юм бэ?

-"Шүүхээс эмчлүүлэх үүрэг даалгавар өгсөн" гэх мэдээллээр ШШГЕГ-ын дарга С.Баяндалайтай Ц.Мөнхбаяр утсаар холбогдож энэ талаар тодруулахад "Ангийг нь солихоор авчирсан. Ямар нэгэн эмчилгээ хийх юм байхгүй" гэж хэлсэн.

Харин Х.Тэмүүжин сайд болохоор "Хуулийн дагуу олон cap хоригдсон хүнийг заавал шинжилгээнд хамруулдаг. Энэ дагуу авчирсан" гэсэн албан бичиг өгсөн байна. Хуулийн байгууллагын удирдлагууд ийм хоёр өөр байрь суурьтай байгааг гайхаж байна. Өөрөө бол бие өвдсөн ямар ч зүйл байхгүй гэдгийг хэлж байгаа.

-"Гал үндэстэн" холбооны бусад гишүүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Дарь-Эхэд хоригдож байгаа Ж.Ганболдын хаван эцэстээ тулчихсан байгаа. Энэ хүн "Эмнэлгийн үйлчилгээ авъя" гэж гуйгаад байхад эмч үзэхгүй байгаа. Гэтэл эрүүл, эмнэлгийн үйлчилгээ авахгүй гээд татгалзаж байхад нь шахаад байгаа нь сонин байна.

-Ц.Мөнхбаяр ганцаараа ирсэн үү. Хамт хоригдож байгаа Г.Болдбаатарын биеийн байдал тааруухан байгаа сураг байсан. Одоо яаж байна вэ?

-Ганцаараа ирсэн. Д.Төмөрбаатарыг хамт авчрах гэж байснаа больсон гэсэн, Г.Болдбаатарын сахар ихдээд бие нь хүнд байхад мөн л харж хайхрахгүй байсан. Үүний цаана ямар нэгэн зүйл байгаа байх. Яагаад эрүүл хүнийг эмчлэх талаар ярьж эхлэв гээд бодох зүйл байна.

-Ц.Мөнбаяр өөрөө юу гэж байх юм. Энд шилжиж хүмүүжихийг ямар байдлаар хүлээж авч байгаа вэ?

-"Би хурдан буцмаар байна. Эмчилгээнээс татгалзсан" гэж хэлсэн. Угаасаа хуульдаа өөрөө хүсээгүй бол албадангаар шинжилгээ авч, эмчилгээ хийх нь хориотой юм билеэ. Хүний эрхэнд халдаж байгаа нэг хэлбэр гэж үздэг.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: