sonin.mn

Нийслэлчүүд баярын өдрүүдэд амгалан тайван, элдэв осол гэмтлийн дуудлага багатай өнжсөн ч өнгөрсөн даваа гаригт буюу долдугаар сарын 14-нд Улаанбаатарт хоёр ч томоохон гал гарлаа. Галын шалтгааны талаао ОБЕГ-аас одоогоор тодорхой тайлбар хийгээгүй байна.

Баянгол дүүрэг, “Модны 2”-т байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэшнэл” компанийн байранд өнөөдөр 12:40 цагийн үед гал гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид таван машинтайгаар ажиллан галыг унтраах гэсэн боловч нэмэлт хүч шаардлагатай болсон тул дахин нэг машин нэмж ажиллажээ.

Азаар уг барилгад хүн байгаагүй байна. Тус компанийн ажилчид галын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон байж болзошгүй гэж ярьж байв.

Онцгой байдлынхан Баянгол дүүрэгт гарсан уг галыг дөнгөж унтрааж, аюулгүй болгохтой зэрэгцэн хотын төвд буюу  олны нэрлэж заншсанаар 40 мянгатын 40-р байранд /ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын байр/ гал гарсан тухай дуудлага иржээ.

Гал 40-р байрны дээврийн зүүн хэсгээс эхэлсэн бөгөөд оршин суугчид “Дуудлага өгснөөс хойш 30 орчим минутын дараа гал сөнөөгчид ирсэн” гэх тайлбар өгч байлаа. 40-р байрны дээврийн гал улмаар 42 дугаар байрны дээвэр хэсгийг бүхэлд нь хамарч, гал сөнөөгчид болоод оршин суугчдыг нилээд сандаргалаа.

Онцгой байдлын гал сөнөөгчид Баянгол дүүрэгт гарсан гал дээр ажиллаж байгаад шууд Дөчин мянгатад гарсан эл гал дээр ирж ажилласан бөгөөд иргэд том хэмжээний ноцтой гал гарсан тохиолдолд манай аврах алба, гал сөнөөгчдийн тоног төхөөрөмж, хүчин чадал сул байгааг шүүмжилж байв.

Онцгой байдлынхан дээврийн галыг унтраах явцдаа 40, 42 дугаар байрны дээд давхрын бүх оршин суугчдыг гадагш гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна. Иргэд галын шалтгааны талаар ярихдаа цахилгааны хэлбэлзлээс болсон байж болзошгүй хэмээн ярьж буй. Ямартай ч төв замын хөдөлгөөнийг хаан, гурван цаг гаруй хугацаанд ажилласны дүнд 40, 42 дугаар байранд гарсан галыг бүрэн унтраасан юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг