sonin.mn

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатар хүн зодож танхайрчээ. Тэрбээр тус сумын Азийн хөгжлийн сангийн зохицуулагч Р.Цолмонбаатарыг албан өрөөндөө согтуугаар зодсоны улмаас зүүн нүд нь харааны чадвараа алдсан байна.

Р.Цолмонбаатар дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ИТХ-ын дарга П.Амгаланбаатарт үүрэгт ажлаа танилцуулахаар өрөөнд нь ороход нэгэн эрхэмтэй архи уугаад сууж байжээ. Ингээд хоёр цагийн дараа дахин Тамгын газрын даргатайгаа орж ажлаа танилцуулж эхэлтэл "Чи миний мэддэг зүйлийг ярилаа. Би чамаас илүү мэднэ" хэмээн танилцуулж байсан баримт материалыг урж тасдан, багалзуурдаж аваад нүд рүү нь цохижээ.

Энэ үед Р.Цолмонбаатарын харааны шил хагарч, зүүн нүдний дээд, доод зовхийг нь 2*2 см хэмжээтэй зүссэн байна. Ингээд сумынхаа эмнэлэгт хандсан боловч "Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй" гэжээ. Тэрбээр аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн нүдний эмчээр зүүн нүдний дээд, доод зовхиндоо зургаан оёдол тавиулан боолгосон аж.

Гэвч маргаашнаас нь зүүн нүд нь юм харахгүй сүүмэлзэн харагдаж, цагдаад хандан шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад "Хөнгөн гэмтэл байна" гэж гаргажээ. Иймд иргэн Р.Цолмонбаатарын зүгээс, албан өрөөндөө архи ууж танхайран, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэж үзээд ИТХ-ын дарга П.Амгаланбаатарын эсрэг гомдол гаргаж өмгөөлөгч аван хууль журмын дагуу шийдвэрлүүлэхээр нийслэлд ирээд байгаа аж.



Харин мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс П.Амгаланбаатар даргатай утсаар холбогдож хэргийн талаар тодруулахад "Би нүд рүү цохиогүй. Түлхчихсэн чинь унах үед нь нүдний шилнийх нь хүрээ хугарч нүдийг нь зүссэн. Өрөөнөөс гаргах гэхэд төвөг удсан учраас түлхэж гаргах гэж байгаад ийм зүйл болсон. Одоогоор аймгийн цагдаагийн газраас эрүү үүсээд явж байна. Асуудлыг хуулийн байгууллага эцэслэн шийдээгүй байхад би тайлбар хиймээргүй байна" гэв.

"Та согтуу байсан юм биш үү" гэхэд "Би энэ талаар хэлэхгүй байж болох уу" гэж учирлав. Р.Цолмонбаатарыг ажлаа танилцуулж байхад П.Амгаланбаатар дарга нам, улс төрж ярьж Р.Цолмонбаатар руу давшилсан аж. Угтаа бол тэр хоёр ямар ч нам, улс төрийн ажил яриагүй гэдгийг хэлж байгаа юм.

Энэ байдлаас харахад орон нутагт төрийн ажлыг явуулахаас наана намын ажил илүү өрнөөд байна уу гэж харахад хүргэж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын орон нутаг дахь дарга нар доод албан тушаалтнуудаа дарамтлах, намаар гадуурхаж халж сэлгэх үйл явц хуульгүй өрнөж байгаа шүү дээ.

Түүний нэг жишээ энэ болов уу. Учир нь Р.Цолмонбаатарын хувьд өмнө нь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Гэтэл АН-ын хүнийг түүний оронд томилсон юм. Ингээд тэрбээр Азийн сангийн орон нутаг дахь зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

АН-ын орон нутгийн дарга нар гэлтгүй Хотын дарга Э.Бат-Үүл хүртэл нударган зодоон хийж, асуудлаа хүчээр шийдвэрлүүлсэн тохиолдол гарсныг санаж байгаа байх. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хотын дарга алганы амт үзүүлсэн асуудал гарч нэг хэсэг хэвлэлийн бай болсон.

Хотын даргын төслийг санхүүжүүлэх боломжгүй гэснийхээ төлөө сайд Н.Батбаяр Э.Бат-Үүлээс ухаарлын шанаа хүртсэн гэдэг. Тэгвэл энэ асуудал намжиж амжаагүй байтал хэрэг дахин мандлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын нударган зодоон "цэргүүдэд" нь халдварлаж байна гэж харагдахаар байна.

Албан өрөөндөө танхайрч хүнийг гэмтээчихээд "Хангалттай мөнгө өгье. Өргөдлөө татаад авчих" гэж байгаа аж. П.Амгаланбаатар даргын хувьд хүн зодож танхайрсан хэрэг анхных биш гэнэ. Тэрбээр 2010, 2012 онд хоёр ч эмэгтэйд гар хүрч мөнгө төлөөд салж байжээ.

Хэрэг явдал юунаас үүссэнийг тодруулахад мөн л намын асуудлаас үүдсэн гэж байх юм. Одоогийн Засгийн газар МАН-ынхныг бүх зүйлийг улстөржүүлээд байна
гэдэг. Тэгвэл энэ үгээ орон нутаг дахь хурган дарга нартаа хэлж, хариуцлага тооцох цаг нь болжээ.

Ингээд Р.Цолмонбаатарыг нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байх үеэр цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Р.Цолмонбаатар: Төрийн ажлыг намын ажил болгож байна

-Хэрэг явдал хэзээ болсон юм бэ. Дарга чинь танд хүч хэрэглэх болсон шалтгаан нь юу байв?

-Дөрөвдүгээр сарын 10-ны 10.00 цагийн үед ажил танилцуулахаар ИТХ-ын дарга П.Амгаланбаатарын өрөөнд ортол нэг хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь буцаж гараад эргээд 11.30 цагт орохдоо Тамгын газрын даргаа мөн дуудаад хоёр даргадаа ажлаа танилцуулаад сууж байтал миний яриаг тасдаад "Чиний ярьж байгаа зүйлийг би бүгдийг нь мэднэ. Миний мэддэг юмыг яриад байна" гэхээр нь "Уучлаарай дарга аа, би эхлээд энэ ажлаа танилцуулаад дуусгая" гэтэл "Би үүнийг чамаас илүү мэднэ" гээд намын асуудал яриад эхэлсэн.

Тухайлбал, "Азийн сан бол Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхэд чи МАН-д ажиллаад, штаб ахлаад сонгуульд орж байсан учраас энэ албанд ажиллах ёсгүй. Чамайг ажиллуулахгүй" гэсэн. Тэгэхээр нь "Энэ бол намын ажил биш. Сум орон нутгийн ажил учраас би үүнийг хийж байна" гэтэл шууд багалзуурдаад авсан.

Би танилцуулж байсан ажлаа бичгийн цаасан дээр тэмдэглэж ирээд танилцуулгын самбар дээр байрлуулсан байсан. Бүгдийг нь урж шидээд, "Энэ сумаас зайл. Чамайг зайлуулах болно" гээд нүдний шил рүү гараараа савсан. Хүчтэй цохисноос болж нүдний шил хагарч нүд зүсэгдсэн.



-Таны нүдэнд харааны өөрчлөлт орсон талаар мэдээлсэн байсан. Анх ямар эмнэлэгт үзүүлсэн бэ?

-Сумынхаа эмнэлэгт эхлээд хандсан. Сумын эмнэлэг "Бид энэ гэмтлийг эмчилж чадахгүй. Мэргэжлийн эмчид ханд" гэхээр нь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж оёо тавиулсан. Цагдаад мөн хандсан. Тэгээд нүдээ оёулж байхад цагдаа хүрээд ирсэн. Мэдүүлэг аваад маргааш нь цагдаагийн газраас дуудсан.

Тэгтэл "Чиний гэмтэл хөнгөн байна" гэсэн. Иймээс би дүгнэлтийг эсэргүүцэж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр Улаанбаатарт ирсэн. Ингээд нүднийхээ оёог авахуулсан чинь аймгийн мэргэжпийн эмч утсыг нь дотор нь хийгээд оёчихсон байна. Эмч "Утсыг татаад авч болохгүй байна. Ямар ч байсан ил байгаа хэсгийг нь авъя. Болохгүй бол дахин хагалгаа хийж утсыг нь авна" гэсэн хариу хэлж байна.

Миний зүүн талын нүд хажууд байгаа хүнийг танихгүй, үзэгдэх орчноо мэдрэхгүй байна. Тэр байтугай нөгөө талын нүдэнд нөлөөлдөг юм шиг байна. Сая хараагаа шалгуулахад баруун нүд -2 үзүүлэлттэй шил зүүдэг байсан бол -2.75 болсон байна.

-Нийслэлд ирээд шүүх эмнэлэгт хандав уу?

-Одоохондоо хандаагүй байна.

-П.Амгаланбаатар дарга энэ хэргийн дараа тантай холбоо барьж биеийн байдлыг тань асуусан уу?

-Холбогдоогүй. Хүмүүсээр дам яриулаад байна. Өөрөө уулзаагүй.

-Хүмүүсээр яриулахдаа юу гэж байх юм?

-"Өргөдөл гомдлоо буцаагаад авчихаач. Эмчилгээний зардлыг хангалттай өгье" гэсэн. Аймгийн цагдаад мэдүүлэг өгөхөд хэрэг бүртгэгч нь "Чи ер нь хэдийг авах гээд байгаа юм" гээд шууд асууж байна лээ. Энэ байдлаас харахад цаад хүний талд ажиллаад байгаа юм уу гэж харагдахаар байсан.

-Өмнө нь та хоёр ямар нэгэн байдлаар зөрчилдөх, өс санах явдал гарч байв уу?

-Маргалдаж ийм байдалд хүрэх хэмжээний зүйл гарч байгаагүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сурталчилгааны хугацаа дуусчихаад байхад самбараа буулгахгүй болохоор нь хэлэхэд "Чамд ямар хамаатай юм" гээд уурлаж байсан. Бусдаар бол бид маргалдаж, муудсан зүйл огт байгаагүй.

-Та яг ямар ажил танилцуулсан юм бэ.

-Азийн сангаас хэрэгжүүлж буй Нутгийн удирдлагын төвшинд иргэдийн оролцоог дэмжих нь гэсэн төсөл өнгөрсөн жилээс эхлээд хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл Монгол Улс даяар нийт долоон суманд 2.5 жил хэрэгжиж байна. Манай аймгаас Дэлгэрцогт суманд хэрэгжүүлэх боломж олдсон.

Энэ чиглэлээр ажилчид нь хоёр сарын давтамжтай сургалтад суугаад ажлаа орон нутгийн удирдлагуудад танилцуулах үүрэг авсан. Иймээс би дарга нартаа аваачиж танилцуулсан.

Очиход Засаг дарга байгаагүй. Тамгын даргад танилцуулчих гэхээр нь ИТХ-ын дарга, Тамгын газрын дарга нартаа танилцуулахаар ороход миний танилцуулгыг сонссон ч юм байхгүй ийм зүйл болсон. Ер нь манай сумын хувьд төрийн ажлыг намын ажил болгодог дарга нар л байна шүү дээ.

-Аймгийн цагдаагийн газрын мэдүүлгээс харахад иргэний журмаар шийдвэрлэх аястай байх шиг байна. Цаашид ямар байдпаар хохирлоо барагдуулна гэж бодож байна вэ?

-Ажлын байр, албан өрөөндөө согтуугаар танхайрсан гэдэг заалтаар энэ хэргийг шийдэх ёстой. Аймгийн цагдаагийнхан өөр байдлаар л шийдвэрлэх янзтай байна.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: