sonin.mn

Өнгөрөгч баасан гарагийн орой Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Замын Цагдаагийн газрын зүүн талд байрлах S-OUTLETS дэлгүүрийн хашаанд хураасан төмрийг нөгөө тал руу нь зөөж байгаад кран унасан хэрэг гарсан. Энэхүү хэргийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Өргөх машин механизмын хяналтын улсын байцаагч П.Дашдаваатай ярилцлаа.

-Кран ямар шалтгаанаас болж унасан бол. Ослын дүгнэлт гарсан уу?

-Энэхүү краны асуудал шалгагдаж байгаа. Краныг байрлуулахдаа буруу суурилууснаас болж баруун тал руугаа суулт өгч, тэнцвэр алдагдаж унасан гэдгийг тогтоосон. Хүний амь нас өртөөгүй ч гэсэн маш эрсдэлтэй осол гарсан. Краныг байрлуулахдаа дүрэм журмын дагуу зөв байрлуулах хэрэгтэй юм.

-Кранаар үйл ажиллагаа явуулахад ямар дүрэм журмыг мөрдөх ёстой вэ?

-Тодорхой хэмжээнд дүрэм журам байгаа. Гол дүрэм нь аюулгүй ажиллагаа хангаж, мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай юм. Ингэж ажилвал осол аваар гаргахгүй.

-Тэгэхээр кранист тооцоололгүй, кранаа буруу байруулснаас болж осол гарсан гэсэн үг үү?

-Кранист өөрөө кранаа байрлуулах газраа сонгож тулгуураа бүрэн тавих ёстой. Ингэхдээ хөрсөн дээр байрлуулахад доошоо шигдэх өргөх үед хазайлт үүсэх зэргийг мэдэж байх хэрэгтэй. Ийм тооцоог хийгээгүйгээс буюу хөрсийг буруу судалж кранаа байрлуулснаас болж осол гарсан.

-Тухайн краныг жолоодож байсан хүн мэргэжлийнх байсан уу?

-Кранистын үнэмлэхийг шалгахад цамхагт краны машинчин мэргэжилтэй байсан. Мөн мэргэжлээрээ 2-3 жил ажилласан юм байна лээ.

-Кран дотроо өөр өөр байдаг гэсэн. Энэ унасан кран нь ямар төрлийнх вэ?

- Ер нь сумт, гүүрэн, цамхаг гэсэн үндсэн гурван чиглэлтэй байдаг. Харин унасан кран сумтын төрлийнх байсан юм. Эдгээр краны үндсэн дүрэм журам нэг байдаг. Ер нь кран ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд бүгд журмыг баримталж ажиллах ёстой. Өргөгч механизмын аюулгүй байдлыг хангаж ажиллах үндсэн хоёр зүйлтэй байдаг.

Тухайлбал, аж ахуйн нэгжүүд өргөгч кранаа мэргэжлийн байгууллагаар техник үйлчилгээ тогтмол хийлгэх ёстой. Техникийн магадлалын шалгалтанд хамруулж, аюулгүй ажиллагаа нь байнга шалгах хэрэгтэй. Мөн бүрэн, ээлжит магадлалууд хийгдэж байх ёстой.

Нөгөөтэйгээр барилгын ажил явагдаж байгаа үед техник талаас мэргэжлийн байгууллагатай гэрээтэй ажиллаж, техникийн үзлэгт оруулах шаардлагатай. Гэтэл аж ахуйн нэгж байгууллагууд техник үйлчилгээг явуулахгүй байна. Эвдрэл гарсан үед л засвар үйлчилгээ хийлгэдэг. Эвдрэл гаргахаас өмнө үзлэг оношилгоо хийлгэж, аюулгүй ажиллагаа хангах хэрэгтэй.

Түүнийгээ байнга хангаж ажлаад байвал осол аваар гарахгүй шүүдээ. Нөгөөтэйгээр ажиллах боловсон хүчин асуудалтай байна. Краныг ажиллуулахад 3-4 субьект байдаг. Тухайлбал, түүнийг хариуцан ажиллаж байгаа жолооч болон удирдаж байгаа кранчин, оосорлогч дохиочин гэсэн нийлмэл цогцоор барилга дээр ажилладаг юм. Алдаа гаргахгүй байхын тулд краныг мэргэжлийн хүн барих хэрэгтэй.

-Мэргэжлийн хяналтын газраас барилга дээр ажиллаж байгаа кранд шалгалт хийдэг үү?

-Тодорхой хэмжээнд шалгалт хийдэг. Шинэ кран угсарсан үед мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авдаг. Бид бүх ажиллагаанд нь хяналт тавьж, шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрлийг өгдөг. Зөвшөөрөл олгосноос хойш тухайн аж ахуйн нэгж дотоод хяналтаар аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой.

-Шалгалтын явцад зөрчил гарвал ямар арга хэмжээ авдаг вэ?

-Өргөх мехнизм дээр ноцтой зөрчил гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байцаагчид үйл ажиллагаа зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Мөн торгууль болон бусад арга хэмжээг ч авч ажилладаг юм.

-Сая унасан кран ажиллах зөвшөөрөлтэй байсан болов уу. Ямар компанийн кран байсан вэ?

- "S-OUTLETS" дэлгүүрийн зүгээс манай кран гэсэн. Манайд бичиг баримт ирээгүй болохоор хэлж мэдэхгүй байна.

-Танайх ийм төрлийн осол аваар гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Энэ сард бүх барилгын компаниудад хөдөлмөрийн ажиллагааны сарын аяныг зохион байгуулж, сургалтыг явуулсан. Аж ахуйн нэгж байгууллага хууль дүрмээ өөрсдөө сайн судалж, мөрдөж ажиллах хэрэгтэй байна. Мөн өргөх мехнизмын аюулгүй ажиллагааг хангахын тулд аж ахуйн нэгж байгууллага үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай юм.

-Нийслэлийн хэмжээнд нийт хичнээн кран ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар 200-гаад кран ажиллаж байгаа. Краныг зөвхөн барилга дээр биш олон салбарт ажиллуулдаг. Ер нь ахуйн хэрэглээний краныг ашиглаж байгаа. Иймээс тухайн кранчин бүх аюулгүй ажиллагаагаа хангаж ажиллах шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: