sonin.mn

Н.Чулуунбаатар: Ч.Баттуул амьд үлдэхийн тулд өөрт нь хүчээр тулгасан хэргийг хүлээсэн

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Монголд хуурч авчраад хөнөөсөн хэрэгт яллагдаад буй Ч.Баттуул өдгөө 407 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа юм. Тэгвэл саяхан хар тамхины хэргээр ял сонссон С.Цогт нар Ч.Баттуулын хэрэгт холбоотой талаар мэдээлэл гарах болов. Энэ талаар түүний аав Н.Чулуунбаатартай ярилцлаа.

-Охины тань биеийн байдал нь ямар байна вэ. Эргэлтээр уулзаж байгаа биз дээ?

-Биеийн байдал нэг үеэ бодвол харьцангуй гайгүй байна. Чанга дэглэмтэй гэсэн зүйл ангитай учраас сард нэг удаа л түр уулзуулдаг. Хоригдоод хоёр жил болоход гурван удаа өлсгөлөн зарласан. Эхний удаа тухайн хорих ангидаа мэдэгдэхгүй өлсгөлөн зарласнаас болж ухаан алдаж унасан.

Тэнд ажилладаг хүмүүс хоригдож буй хүмүүстэй хамтарч сэтгэл зүйн дарамт үзүүлсэн учраас өлсгөлөн зарласан. Ингээд удаа дараа биеийн байдал нь муудсан учраас би эсэргүүцэл бичиж ангийн удирдлагад нь өгсөн. Эмчийн үзлэгт оруулаад сахилгад оруулах эсэхийг шийддэг.

Гэтэл хамгийн их өвдөж байсан ходоодыг нь авч үзэхгүйгээр "Хоёр уушги хэвийн амьсгалтай" гэсэн дүгнэлт эмч хийж өгсөн учраас захирагч нь сахилгад хийх тушаал гаргасан байсан. Тэгээд би "Наад хүнийхээ ходоод, бөөрийг яагаад дурандахгүй байгаа юм бэ. Би хүний амь нэхнэ шүү" гэж хэлсний дагуу хоёр хоногийн дараа сахилгаас гаргасан.

-Жон Мартин Кийнийг удаа дараа хар тамхи хэрэглэж байсан тухай Ч.Баттуул мэдүүлэг өгч байсан. Тэгэхээр тэр хүн улс орондоо болон манайд ирээд хар тамхи хэрэглэж байсан талаар мөрдөн байцаалт явуулсан уу?

-Энэ асуудлыг би удаа дараа тавьж байгаа. Жил гаруйн өмнө Мөрдөн байцаах хэлтсийн даргад өөрийн биеэр бичиг өгч байсан. Ямар учир утгатай бичиг вэ гэхээр хар тамхины бүлгийг илрүүлж ажиллах ёстой гэсэн үүднээс хандсан. Харамсалтай нь үүний мөрөөр огт ажиллаагүй. Хар тамхины эргэн тойронд байцаагч, прокурор ерөөсөө хөдлөөгүй.

Тэр байтугай мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн сэжүүр гарвал мэдүүлгийг хав дарж байцаагчийг өөрчилдөг. Прокурор нь огт гэмгүй үйлдэл болгож шийддэг. Тэгэхээр энэ бол том дарга, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдтэй холбоотой хэрэг гэж би ойлгож байгаа. Тийм учраас хуулийнханд дээрээс үүрэг даалгавар өгч уг хэргийн эзэн холбогдогчдыг хав дарчихаад болж өгвөл Ч.Баттуулыг устгах бодлого барин ажиллаж байна.

-Саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү Цогт, нарт холбогдох хар тамхины хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж тэдэнд 2-3.6 жилийн ял өглөө. Шүүх хурлын үеэр Ч.Баттуулын хэрэгт тэднийг холбоотой гэх мэлээлэл гарсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-С.Цогт нарын 10 гаруй залууг тус бүрт нь цагдан хорьж байгаад, эсвэл манай охинтой нүүрэлдүүлээд байцааж ажилласан бол Ч.Баттуулын хэргийн холбогдогчид тодорхой болох байлаа. Ядаж нэг нь ч болов хэргийн талаар хэлэх байсан. Дор хаяж бие биенээ таньдаг байж таарна.

Тэднээс хэргийн учир зангилаа тайлагдах боломж байлаа. Харамсалтай нь прокурор, өмгөөлөгч нар нь "Ч.Баттуулын хэрэгт холбоогүй" гэсэн хариулт өгч шүүх хурал өндөрлөсөн. Тэдний нэгийг нь ч цагдан хориогүй бүгдийг нь гадуур байцаасан.

-С.Цогтын шүүх хурлын үеэр та охинтойгоо очиж уулзсан сурагтай. Тэдэнтэй холбоотой байх сэжүүр танд хэлэв үү?

-Би охиноосоо үнэнийг хэлэхийг цаг ямагт шаардаж байсан. Манай охин өөрийнхөө хийсэн хэрэгт таарсан ял авбал би гомдолгүй. Хэсэг танхай залуусын өмнөөс гүтгэгдээд амь насаараа дэнчин тавьж байгаа нь харамсалтай байна. Би үүнийг илрүүлэх гээд үнэний төлөө явахаар хад мөргөөд цааш явахгүй байна.

-Ч.Баттуулыг Эрүүгийн хуулийн хэд дүгээр зүйл заалтаар ялласан бэ?

-Нийслэлийн прокурор Б.Эрхэмбаяр зургаан зүйл ангиар ялласан. "Хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн" гээд Эрүүгийн хуулийн 90.1, 90.2 эүйл заалтаар шүүсэн. Шунахай, онц хэрцгий зэрэг олон заалт орсон. Анхан шатандаа гурван удаа буцсан. Гурав дахь шүүх хурал дээр гарцаагүй тулгаж ялласан.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4-нд нэг хуралдаад буцсан. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн шүүгч Ганзориг шударга ажиллаж, тодорхой даалгавруудыг мөрдөн байцаагч, прокурорт өгсөн. Дахиад наймдугаар сарын19-нд хуралдсан. Тэр хуралд байцаагч Уянга бараг юм хийгээгүй.

Маш чадвар муутай мөрдөн байцаагчид байх юм. Хэрэг илрүүлэхээсээ өмнө хүний бэл бэнчинг хардаг юм уу гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, төрийн албыг мөнгө олох бизнесийн хэрэгсэл болгож давхар ашиглаж байна. Ингэхээр ард иргэд хохирч байна гэсэн үг.

-Та дээр "Эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд уг хэрэгт холбоотой учраас хэрэгт мөрдөн байцаалт явуулахгүй байна"гэж хэлсэн. Тухайлбал,ямар хүмүүс байгаа гэж бодож байна вэ?

-Д.Сугарын хүү С.Цогт бол яах аргагүй холбоотой. Ер нь хар тамхины хэрэгт бүгд л томчуудын хүүхэд оролцож байна шүү дээ. Тэгээд байцаагч нар нь анхнаасаа
хэвлэлүүдэд бидний эсрэг мэдээлэл өгсөн учраас Ч.Баттуулыг алуурчин, гэмт хэрэгтэн гэдэг өнцгөөр бичиж байна. Үнэхээр байр суурийг харахгүй ингэж байгаад гомдолтой байна.

-Тухайн хэрэг Налайх дүүрэгт гарсан гэдэг. Хэргийг Ч.Баттуул хийгээгүй гээд байгаа. Тэгэхээр хэн үйлдсэн байж таарах вэ?

-Багануур дүүрэг рүү очдог замын хажуу талд талийгаачийг булсан байсан шүү дээ. Хэрэг Налайх дүүрэгт болсон. Багануураас хүмүүс ирсэн байдаг. Мөн хотоос ч хүмүүс очсон. Тэгээд ууж идэж байгаад хоорондоо муудалцсан юм билээ. Би бодохдоо хэргийг Багануур дүүргээс ирсэн хүмүүс үйлдээд замдаа булж орхиод цааш явсан гэж боддог. Харамсалтай нь үүнийг мөрдөн байцаалтаар нотолж чадахгүй юм.

-Тэгэхээр талийгаачийг булсан газарт хэрэг үйлдэгдээгүй гэсэн үг үү?

-Талийгаач өөр газар танхай залуучуудын гарт алагдсан гэж боддог.

-Ч.Баттуул сүүлчийн мэдүүлэгтээ "Би хэргийг өөрөө хийсэн гэж хэлсэн нь ар гэрээ хамгаалахын тулд хийсэн үйлдэл" гэж мэдүүлсэн байна лээ. Энэ юу гэсэн үг вэ?

-Тухайн үед нөгөө танхай нөхөд "Чи бүх хэргийг хүлээнэ гэвэл амийг чинь аваръя" гэж сүрдүүлсэн юм билээ. Тэгээд л бүх хэргийг өөрөө хийсэн мэт мэдүүлсэн. Одоо ч гэсэн дарамталж байгаа хүмүүсийнхээ нэрийг хэлбэл таныг ч, намайг ч ална гэсэн. Тэгэхээр хэлж болохгүй" гэдэг. Би бол "Чи хэл. Хуультай улс учраас үнэн мөнийг шийднэ" гэхээр айгаад хэлж өгдөггүй.

Анхны мөрдөн байцаагчийн байцаалтад юу ч хэлж чадахгүй хүнд байдалд орсон байсан. "Тэгсэн үү, тэгсэн" гэдэг мэдүүлэг болсон. Тэр нь яллах үндэслэл болсон гэсэн үг. Хэзээ хаана юу болсныг мэдэхгүй байсан. Тэгээд ч амь хэлтрүүлбэл, би бүх хэргээ үүрье гэж ам өчгөө өгсөн учраас ийм байдалд орсон байх.

-Та хамгийн сүүлд охинтойгоо хэзээ уулзсан бэ.

-Манай охины хэрэгт Д.Сугарын хүү С.Цогт холбоотой талаарх мэдээлэл цахим сайтад гарсан. Тэдний шүүх хурлын эхний өдөр гэсэн үг. Тэгэхээр нь дөрөвдүгээр сарын 10-нд охинтойгоо очиж уулзахдаа шууд тулгаж асуусан. "Тухайн хэрэг болоход та нартай Д.Сугарын хүү хамт байсан юм байна шүү дээ" гэсэн чинь Ч.Баттуулын царай нь хачин болоод "Тийм. Та яаж мэдсэн юм. Тантай өөрөө ирж уулзсан юм уу" гэсэн.

Тэгээд би С.Цогтыг Ч.Баттуултай хэрэг гарах үед хамт байсан. Тухайн хэрэгтэй холбоотой гэсэн хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт тэдний шүүх хурлыг дуусаагүй байхад аваачиж өгсөн.

Тэгтэл прокурор нь "Энэ бол тусгай хэрэг. Үнэхээр нотлогдвол хэрэг дахиад сөхөгдөнө. Одоогоор миний энэ яллаж байгаа дүгнэлтээр явна" гэж хэлсэн. Тэгээд Ч.Баттуулыг ялласан Оргил-Очирт миний хүсэлт очоод надаас баримтжуулах мэдүүлэг авсан.

-Хар тамхины хэргээр ял сонссон С.Цогт нарын бүлэгтэй Ч.Баттуул яаж холбогдсон юм бол?

-Уг нь Жон Мартин Кийн уул уурхайн компанид ажиллах гэж манай охиноос гуйсаар байгаад ирсэн юм билээ. Ч.Баттуул 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд надтай утсаар ярихдаа "Манай америк багш Монголд ирье гээд байна. Гэр бүлээрээ очих юм шиг байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь "Жуулчлах маягаар ирэх юм уу" гэхэд "Бараг тийм юм шиг байна аа" гэсэн.

Тэгээд Жон Мартин Кийн ээжээсээ мөнгө зээлэх болсон юм билээ. Тэгэхдээ Ч.Баттуулд "Монголд очиж ресторан барьж ажиллуулах талаар материал бэлтгэ" гэж хэлсэн гэсэн. Ээжээсээ мөнгө зээлэхийн тулд тийм зүйл сэдсэн хэрэг. Ингээд Ч.Баттуул түүний хэлсэнчлэн хуурамч баримт материал бэлтгэж өгсөн.

Тэгээд ээжээсээ 10 сая ам.доллар авч Ч.Баттуулын дансанд хийсэн. Ээж нь яагаад Ч.Баттуулын дансанд хийж байгааг асуухад "Тэр Монголд миний амьдрах байр, ажил гээд бүх зүйлийг бүтээх учраас түүний дансанд миний хэрэглээний мөнгийг хийчих" гэсэн байгаа юм. Тухайн үедээ Жон Мартин Кийн Тайвань эхнэртэй байсан юм билээ.

Тэр эхнэр нь ээжтэй нь таарамж муутай байсан гэдэг. Тиймээс 10 гаруй жил Жон Мартин ээжтэйгээ уулзаагүй гэсэн. Өмнө нь Солонгос улсад байхдаа мөн өөр эхнэртэй байсан. Тэгээд Тайванийн сургуульд цагийн багш хийдэг байсан гэсэн. Цэргийн мэргэжилтэй тэтгэвэрт гарсан хүн юм билээ.

-Та талийгаачийн ар гэрт захиа бичсэн шүү дээ. Ямар агуулгатай юм бэ?

-Миний захианы утга "Танай хүү хар тамхи худалддаг байжээ. Энэ нь түүний аминд хүрч манай охиныг ялд унагалаа. Танд буруу мэдээлэл очиж байгаад харамсалтай байна. Бид үнэн мөнийг илрүүлэхийн тулд хамтарч ажиллах ёстой" гэсэн агуулгатай захиа явуулсан. Захианы хариуд "Миний хүүг доромжилж байна" гэсэн агуулгатай хэрнээ төгсгөл рүүгээ их гэмшсэн маягийн захиа ирсэн. Түүнээс хойш дахиж харилцаа холбоо тогтоогоогүй.

-Тэгэхээр Жон Мартин Кийн хар тамхи Монголд авчирсан гэсэн үг үү?

-Тийм. "Тэр хар тамхийг нь манай охин яаж борлуулдаг юм бол" гээд зарим таньж мэддэг хүмүүсээсээ асууж сурагласан шиг байгаа юм. Тэгсэн энд, тэндээс хүмүүс утасдаад нэлээд олон хүн цугласан. Тэд архи ууж зарим нь нөгөө хар тамхинаасаа ч татаж мансуурсан хэрэг. Өөрийн мэдрэлгүй хүмүүс болсон гэсэн үг.

Манай охинд хар тамхи тарьсан ч юм уу мэдэх арга байхгүй. Гэнэт сэргэтэл "Чи ийм хэрэг үйлдсэн байна" гээд тулгаж шаардсан гэсэн. Үнэхээр шүүх, прокурор үнэн шударга ажилладаг бол энэ хэргийн зангилааг олох хугацаа их байлаа. Даанч төрийн алба төрлийн алба болсны илрэл юм уу даа. Түүнээс гадна энэ хэргийн цаана мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд байгаа нь илэрхий.

-Хорихын ажилчид дарамтлаад хэцүү байгаа талаар захиа бичсэн байсан. Ямар учиртай юм бол?

-Тэр дарамтаас өнөөх нууц дарамтлагч этгээд хэн байна вэ гэдэг нь тодорхой боллоо гэж бодож байгаа. Таван тэрбум төгрөг завшсан хэргээр хоригдож байгаа "Цэвэр агаар" сангийн нягтлан М.Хулангийн төрсөн дүү М.Жаргалан гэдэг айхавтар хүний захиалгаар Ч.Баттуулыг байх суух аргагүй болтол нь дарамталж сэтгэл зүйн дарамтад оруулж байсан.

Үнэхээр үнэний төлөө тэмцэх итгэлгүй болтол нь дарамталсан. Төлөөлөгч ажилтай ахмад цолтой тухайн ангид ажилладаг төрийн албан хаагч Алтантамирт дээрээс их хэмжээний мөнгө өгсөн. Аптантамир хоригдож. "байгаа хоригдлуудтай эвсээд дарамталж байгаа байдлаас жинхэнэ гэмт хэрэгтэн илчлэгдэж байна гэж бодож байгаа.

-М.Хулангийн дүү М.Жаргалан гэж хэн бэ?

-М.Жаргалан нь чинээлэг нэгэн гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа. Тэрбээр Заамарт алтны орд газартай. Налайхад нүүрсний амтай, хотод өчнөөн олон орон сууцтай өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн мэдээллийг олж уншсан. Хүүхэд байхдаа гэмт хэрэгт холбогдоод хүүхдийн колонид хүмүүжиж байсан гэсэн. Дараа нь 2010 онд Төв аймагт хүн дайрч алсан зэрэг гэмт хэргүүд байдаг гэнэ лээ.

-Заамарт алтны орд газартай гэхээр Жон Мартин Кийнг тэднийд ажилд орсон юм биш биз дээ...

-Угаасаа тэнд ажилд орохоор тохироод байх орон сууцыг нь М.Жаргалан бэлтгэж өгсөн. Тэгэхээр М.Жаргалан тэр хүний аминд хүрээгүй ч энэ хэргийг сайн мэдэж байгаа хүн байхгүй юу. Тийм учраас би "М.Жаргаланд мөрдөн байцаалт явуулаад өгөөч" гэж гуйхаар ажил явахгүй байна. Учир нь М.Жаргалангийн хамаатнууд хуулийн байгууллагуудад олон байдаг.

-Танай охин "М.Жаргалан миний хэргийг мэдэж байгаа учраас түүнээс мэдүүлэг авах хэрэгтэй" гэж хэлсэн байна лээ. М.Жаргалан хаана байгаа вэ?

-Зүгээр сул чөлөөтэй байгаа. Гагцхүү түүний эгч М.Хулан тухайн хорих ангид очсон учраас Ч.Баттуулыг хэргийн талаар олон юм ярих вий гэхээс айж элдвээр дарамталж байсан.

Манай охин энэ М.Жаргаланг яаж таньдаг юм гэхээр Дарханаас хот явах унаанд нэг удаа суусан нь М.Жаргалан байсан юм билээ. Тэгээд манай охин зуныхаа амралтаар Заамарт очиж хэд хоног нэг найзтайгаа ажилласан. Тэр үеэс түүнийг таньдаг байж байгаад Жон Мартин Кийнг түүний уурхайд ажиллах гэсэн байх.

-М.Жаргалангаас энэ хэргийн талаар мэдүүлэг авсан уу?

-Ч.Баттуулын хэрэгт М.Жаргалангаас гэрчийн мэдүүлэг авахад "М.Жаргалан гэртээ байсан гэж мэдүүлж байхад авгай нь Дарханаас ирж байсан" гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Үүнийг шүүх, цагдаа огт тоохгүй өнгөрүүлсэн.

-М.Жаргалан М.Хулангаар дамжуулж Ч.Баттуулыг яаж дарамталсан бэ?

-Дарамтлах хэлбэр нь үнэхээр олон төрөл байдаг юм билээ. Камерт бичигдэхгүйгээр буюу камер тусдаггүй газарт дарамталдаг гэсэн. Харин манай охины хариу үйлдэл болгоод өөдөөс нь түлхэж байгаа дүрс бол камерт нь үлддэг. Өөрөөр хэлбэл, дарамталж байгаа хүмүүсийн бичлэгийг төлөөлөгч нь арчаад сууж байдаг гэсэн үг.

-Одоо танай охин М.Хулантай хамт хоригдож байгаа юм уу?

-М.Хулан 2013 оны аравдугаар сард Төв аймгийн мөрдөнгөөс 461 дүгээр хорих ангид ирсэн гэсэн. Тэгээд 11, 12 дугаар сард манай охиныг маш ноцтой дарамталсан. Түүнээс болж биеийн байдал нь муудаад хүнд байдалд орсон. Тэгэхээр нь тогтоол биелүүлэх хүмүүст хандаж охиноо өөр ангид шилжүүлж болох талаар асуусан.

Хоёр жил нэг ангид хоригдсон учраас давж заалдах шүүх хурлын үеэр "Өөр анги руу шилжүүлж болно" гэж шийдвэр гарсан. Одоо 407 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа.

-Дээд шүүхэд гомдол гаргасан. Шүүх гомдлыг хэзээ хэлэлцэх бол?

-Одоогоор тов гараагүй байна. Өмгөөлөгч Дээд шүүхэд дөрөвдүгээр сард гомдол гаргасан гэж хэлсэн. Хариу хүлээгээд байж байна.

-Дээд шүүх ялыг хэвээр үлдээвэл та цаашид яах бодолтой байна вэ?

-Олон улсын шүүхэд хандана гэж бодож байгаа. Цаг хугацаа өнгөрөх тутам хэрэг дарагдах байдалтай болдог юм байна. Үүний цаана хэрэгт холбогдогч хүмүүс сууж үлддэг аюултай. Манайд ийм хэлмэгдүүлэлт өмнө нь 1960-аад онд гарч байсан шүү дээ. Би энэ байдал давтагдах вий гэх үүднээс нийслэлийн прокурорт хоёр удаа хандаж хүсэлт гаргаж байсан. Үнэхээр хариу өгөхгүй юм. Ялангуяа нийслэлийн прокурорын орлогч Батболд, прокурор Эрхэмбаяр нар хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс юм билээ.

-Та саяхан "Шүүгчийн солиорол" гэсэн нийтлэл бичсэн байсан. Уг нийтлэлээр юу хэлэхийг хүссэн бэ?

-Шүүгчдийн талаар эргэцүүлэл бичсэн. Шүүгчид шударга бус, үнэнийг олох чадваргүй туйлын хариуцлагагүй ажиллаж байна. Үүнийг шүүмжилж бичсэн. Тухайлбал, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг ч дурдсан. Өнөөгийн нийгмийн шүүхийн өнгө төрхийг зовлон туулсан хүний хувьд бичсэн юм.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин