sonin.mn

 

Энэ оны гуравдугаар сард Төрийн өмчийн хорооноос төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудад шалгалт хийсэн билээ.
 
 
Шалгалтаар цөөнгүй хувьцаат компаниуд алдагдалтай ажиллаж байна гэсэн судалгаа гаргасан. Харин алдагдалтай ажиллаж байгаа гол шалтгааныг Төрийн өмчийн хорооныхон удирдлагын буруу менежменттэй холбон тайлбарлаж байсан.
 
 
Үүний томоохон жишээ нь "Улаанбаатар АЗЗА" гэх төрийн өмчит компани байна. Уг комлани нь 350 сая төгрөгийн алдагдалтай ажилласан нь тогтоогдсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр тус компанид 2005 оноос хойш удирдах албан тушаалтны ашиг, сонирхлын үйл ажиллагаа давамгайлах болжээ.
 
 
2005 онд "Улаанбаатар АЗЗА" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Батмөнх гэгч нь томилогдон очжээ. Үүнийхээ дараагаар арван жилийн сургуулиа хамт төгссөн, ангийн найз Ц.Баттулгыг тус компанийн хангамжийн менежер болгон томилсон гэнэ.
 
 
Харин Б.Батмөнх нь 2012 онд ЗТБХБ-ын сайдын замын салбар хариуцсан зөвлөх болсон аж. Улмаар "Улаанбаатар АЗЗА" ХК-ийн захирлын албан тушаалд ТӨХ-гоор уламжлуулан найз Ц.Баттулгыгаа томилсон гэх мэдээлэл бий.
 
 
Ингээд Ц.Баттулга нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард "Улаанбаатар АЗЗА" ХК-ийн захирлаар албан ёсоор ажлаа хүлээн авчээ. "Улаанбаатар АЗЗА" ХК нь "Баянхонгор-Нарийн тээл" чиглэлийн 50 км зам барилгын ажлын тендерт шалгарч 2008-2011 онд 44 км зам, 2012 онд үлдсэн зургаан км замыг тавьсан аж.
 
 
Захирал Ц.Баттулгыг удирдах албан тушаал хашиж байх хугацаанд уг зургаан км замыг тавьсан гэнэ. Үлдсэн зургаан км замыг үнэн хэрэгтээ "Улаанбаатар АЗЗА" ХК нь өөрийн хүн, хүч, хөрөнгөөр хийлгүй туслан гүйцэтгэгч нэрийн доор Б.Батмөнхийн хувийн компани болох (эхнэрийнх нэр дээр байдаг) "Их Монгол" ХХК-иар гүйцэтгүүлсэн байна.
 
 
Гэхдээ уг ажил нь одоо болтол дуусаагүй байгаа бөгөөд чанаргүй болж зарим ажлыг ахин дахин хийхэд хүрээд байгаа аж. Ингээд захиалагчтай байгуулсан гэрээний хугацаанд ажлаа дуусаагүй гэх шалтгаанаар 2012 оны аравдугаар сарын 31-ний өдрөөс хойш ажлаа дуусгах хүртэл хүү, торгууль ногдуулсаар байгаа аж.
 
 
Мөн "Улаанбаатар АЗЗА" ХК нь уг замын ажлаас ашиг олоогүй бөгөөд үлдсэн зургаан км замын ажлын ашгийг "Их Монгол" ХХК-д шилжүүлэн өгсөн гэнэ. Ийм учраас Ц.Баттулга нь өөрийн найз Б.Батмөнхийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус компанийн захирал болсон гэсэн хардлага үүсч байгаа юм.
 
 
Үүгээр ч зогсохгүй Ц.Баттулга нь дээд сургууль төгссөн гэх хуурамч дипломтой гэж Авлигатай тэмцэх газар шалгагдаж байсан удаатай гэнэ. Мөн тэрээр удирдах албан тушаалд томигдон ажилласан нэг жилийн хугацаанд тус компанийг 350 сая төгрөгийн алдагдалтай ажиллуулсан гэнэ.
 
 
Иймээс одоо төрийн өмчит тус компани нь бараг дампуурсан компани болчихоод байгаа ажээ. 2012 оны эхээр ТӨХ-ны шийдвэрээр "Эрдэнэсант" ХК болон "Бага-нуур" ХК-ийг "Улаанбаатар АЗЗА" ХК-аас салгаж тусад нь Төрийн өмчит компани болгосон ажээ.
 
 
Харин хүн хүч, техник болон төсөв мөнгө хуваагдсан тухайн нөхцөл байдалд менежмент явуулж бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн ажиллаж чадаагүйгээс уг алдагдалд хүргэсэн гэнэ. Одоогоор түүний ТӨХ-той байгуулсан "Хөлсөөр ажиллах гэрээ"-ний хугацаа нь дууссан байгаа аж.
 
 
Холбогдох албаныхан энэ мэт удирдлагуудын Төрийн өмчит компанийг дампууралд хүргэж, нөгөө талаараа ашиг сонирхлын үүднээс танил талынхаа үйл ажиллагааг дэмжиж улсын хөрөнгийг завшиж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцохоор зэхэж байгаа аж.
 
 
Г.Булганаа
 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин