sonin.mn

Баасан гарагт Төрийн ордонд болсон “Хуулийн засаглал ба шударга ёс” Үндэсний чуулганы үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.


-Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна?

-Манай хуулийн байгуул­лагууд авлигатай тэмцэх хү­сэл эрмэлзлэлгүй явж ирлээ. Нөгөө­тэйгүүр ойл­голц­­­лол бай­гаа­гүй. Бид за­луу­хан байж. Одоо Улсын Ерөнхий Прокурорын ор­логч Г.Эрдэнэбат, Ерөнхий­лөгчийн хуу­лийн зөвлөх Ч.Өнөрбаяр зэрэг бидний хэсэг залуус хуулийн сал­барт хийх шинэчлэл дээр их ярьдаг, маргадаг, үзэл бодлоо урал­дуулдаг байлаа. Тэр үедээ үнэхээр шүүмжлэлтэй ханддаг бай­сан. Холоос шүүмж­лээд суух амархан. Дотор нь ороод өөрчлөх маш хэцүү гэдгийг одоо сайн ойлгож байна.

Үнэхээр бодитойгоор асуудлыг хараад өөрчилж болох тийм бодлого байна уу гэж томоохон хуульчид асуудаг байв. Тэр үед хангалттай сайн судалгаа байгаагүй. Бидэнд тэр үед 6-7 жилийн судалгаа хийсэн туршлага л байсан. Бид­ний хуримтлуулсан туршлага хуу­лийн шинэчлэл хийх хэмжээнд бэлт­гэгдсэн эсэхэд эргэлзэж байсан үе бий.

-Одоо та өөрийгөө Монгол Улсад хууль зүйн шинэтгэл хийх хэм­жээнд туршлагажиж, болов­сорсон гэж дүгнэж байна уу?

-2006 онд судалгааны баг гаргаад хуулийн байгууллагууд, хуу­лийн тогтолцоо, шударга ёсыг хамгаалдаг тогтолцоог шинэчлэх ямар бодлого байж болох вэ гэж олон талын судалгаа хийж байлаа. Түүнээс хойш үндсэндээ долоон жил өнгөрсөн байна. Тэр хугацаанд маш олон судалгаа хийсэн. Олон мянган хүнтэй уулзаж, асар олон бэрхшээлийг олж харж бодлогын хувилбаруудыг гаргаж ирсэн. Энэ олон бодлогын хувилбаруудынхаа хүрээнд эрх зүйн хоёр дахь шинэтгэлийг хийвэл яах вэ гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Энэ санал, санаачлагын маань хүрээнд өнгөрсөн онуудад хэд хэдэн томоохон хурал, зөвлөлгөөн хийгдсэн. Тэрний нэг нь шүүх байгууллагын шинэтгэлтэй холбоотой “Шударга ёсны форум” байв.

-Хууль, эрхзүйн шинэтгэл өнөө­дөр ямархуу байдалтай байгаа вэ?

-Өнөөдөр үндсэндээ энэ бүх бодлогын хүрээнд гурван зүйл их чухал байгаа. Нэгдүгээрт хууль тогтоомжийг шинэтгэх болно. Хууль тогтоомжоо дагаад боловсон хүчнээ шинэчлэх ёстой. Гэхдээ хүн болгоныг өөрчилнө гэсэн үг биш. Таны толгойд байгаа бодлого, ур чадвар, хандлагыг тодорхой хэмжээнд давтан болон, урьдчилсан сургалтаар өөрч­лөх шаардлага гарна. Гурав дахь нь дэд бүтэцтэй холбоотой асуудал. Ажил­лаж байгаа ажлын байр, хэрэглэж байгаа арга барил, механизм зэрэг олон зүйл дээр шинэтгэл хэрэгтэй байгаа юм. Энэ гурван ши­нэтгэлийн хүрээнд бид хууль тогтоомжуудынхаа шинэтгэлийг илүү эрчимтэй эхлүүлээд байна.

-Хууль зүйн салбарын шинэт­гэлийн амин зүрх нь одоо мөр­дөг­дөж байгаа хууль эрх зүйн актыг ши­нэч­лэхээс эхлэх болов уу?

-Тийм шүү. Өнгөрсөн онд шүү­хийн багц зургаан хууль бат­лагдсан. Одоо араас нь 39 хууль өргөн баригдах гээд судалгааныхаа хүрээнд бэлэн болоод бодлогын эцсийн хувилбаруудаараа хууль тогтоомжийн хэлбэрт орж байна. Энэ форум дээр дөрвөн асуудал хөндөж тавина. Эрх зүйт ёс, хуульд захирагдах ёсны хамгийн гол амин сүнс нь болсон хараат бус, бие даасан шүүх­гүйгээр бид алхам ч урагшилж чадахгүй. Тийм учраас шүүхийн шинэтгэл хэрхэн хийгдэж байна вэ гэдэг яриа энэ хурлын томоохон сэдэв байх учиртай. Гэхдээ шударга ёсыг хамгийн ихээр жадлан сүйтгэдэг авилгалтай тэмцэхгүйгээр энэ систем ажиллахгүй.

-Хууль зүйн салбарын шинэчлэлд иргэдийн оролцоо маш чухал гэж ихээхэн ярих бол­лоо?

-Иргэдийг чадавхижуулдаг иргэний боловс­ролын тухай яриа энэ чуулга уулзалтын хамгийн онцгой сэдэв байх учиртай. Эцэст нь шударга ёсыг хамгаалдаг хуулийн тогтолцоог ярихгүйгээр бид шударга ёсыг энэ нийгмээс олж харж чадахгүй. Шударга ёсыг хамгаалдаг тогтолцоо гэж юу вэ гэдэг нь өөрөө маш том ухагдахуун юм. Авилга, шүүх, иргэн гурвын уулзах хамгийн чухал процесс нь шударга ёсыг хамгаалах тогтолцоо. Бид хуучин Эрүүгийн эрхзүйн тогтолцоо гэж нэрлэдэг байсан.

-Шударга ёсыг тогтоох гол зангилаа нь юу юм бэ дээ?

-Шударга ёсыг хамгаалах тогтолцоонд гурван зүйл маш чухал үүрэгтэй. Хуульч­дын өдөр тутмын ажилдаа хэрэглэж байгаа материаллаг хэм хэмжээний шинэтгэлийг хийхгүйгээр бид шударга ёсыг хамгаалж чадахгүй. Өнөөдөр бидний гэмт хэргийн тухай хууль гэж томьёолж байгаа Монгол Улсын Эрүүгийн хууль нь социализмын үед гардаг байсан гэмт хэрэгтэй социализмын үеийн үнэт зүйлийг хамгаалах арга механизмаар тэмцдэг бай­сан хууль. Бид ийм хуультайгаар хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд шударга ёсыг хамгаалж, хуулийн энэрэнгүй хэмжиг­дэхүүнүүдийг хангаж чадахгүй.

-Ингэхээр Эрүүгийн хуу­лийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай юм аа даа?

-Тэгэлгүй яах вэ. Эрүү­гийн хуулиа шинээр ха­рахаас өөр арга байхгүй. Нөгөө­­­тэйгүүр Эрүүгийн хуул­ь­­тайгаа зөрчилдөж, давхарддаг Захиргааны ха­риуцлагын тухай хуулийг өөрчлөхгүйгээр хуульчдын авилгал, хуульчдын зүй бус ханд­лагыг өөрчилж чадахгүй. Тийм ч учраас бид Захиргааны хариуц­лагын тухай хуулийг Зөрчлийн тухай хууль гээд Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль гэж нэрлээд нэг систем дээр шударга ёсыг хамгаалдаг, хариуцлага тооцдог бүхэл бүтэн уялдаа бүхий механизм болгон хувиргаж байгаа юм. Энэ тухай бид маш сайн дэлгэрэнгүй ярилцах ёстой.

Дараа нь хуульчдын өөрс­дийнх нь ажил­ладаг, хууль сахиулагчдын өөрс­дийнх нь үйл ажиллагааг то­дорхойлдог процессын хуулиудыг янзлахгүйгээр асуудлыг шийдэж чадахгүй.

-Өмгөөлөгчдийн яриа­наас ан­заарч байхад гэр­чүүд зарим үед хэрэг зөрч­лийг гэрчилж, үнэнийг өчсөнөөрөө бие махбодь, сэтгэл санаагаар хохироод үлдэх нь олон байдаг юм билээ?

-Шударга ёсыг бэх­жүү­­лэхийн тулд гэрч, хохирогчийг хамгаа­лахгүйгээр, төлбөрийн чадваргүй яллагдагсдад хууль зүйн туслалцаа үзүүлэхгүйгээр шүүхийн өмнө тэгш эрхийг хангана, шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь бэхжүүлнэ гэж байхгүй. Нөгөөтэйгүүр бодит байдлыг тогтоох хамгийн чухал субьект нь гэрч. Гэрчийг айлган сүрдүүлж, мэдүүлгийг өөрчилж байгаа цагт шүүхийн шийдвэр хэзээ ч бодитой гарч чадахгүй. Шүүхийн шийдвэр бодитой гарахгүй бол шударга ёс хэзээ ч шүүхээр хамгаалагдаж, шүүх өөрөө хүний эрхийг хангагч байж чадахгүй.

-Ер нь хуульч гэдэг нь өөрөө хэн юм бэ?

-Социализмын үед хуулийн сургууль төгссөн болгоныг хуульч гэдэг байсан. Энэ нэрийн дор хүн болгон л янз бүрийн ажил хийдэг байлаа. Одоогийн хууль засаг­ладаг нийгэм хуульчдыг илүү на­рийвчлагдаж, мэргэшихийг шаар­даж байгаа. Хөдөлмөрийн хуваарь тодорхой байхыг шаардаж байна. Хууль зүйн салбар өнөөдөр жинхэнэ холион бантан байна. Бид зохих өөрчлөлт хийсэн. Хуульчдыг нь хуульчийн эрхзүйн байдлаар, хууль сахиулагчдыг нь хууль са­хиулагчдын эрхзүйн байдлаар тодорхойлох болно. Хуульч нь хэн юм, хууль сахиулагч нь хэн юм гэдгийг ялгаж өгсөн. Урьд нь аль нэг өмгөөлөгч цагдаагийн байгууллага дээр очоод суудал ярихаар өмнөөс нь “Би адилхан хуульч” гээд цээжээ дэлдээд загнадаг байсан бол өнөөдөр эмчийнхээ өөдөөс загнадаг сувилагч байдаггүй шиг асуудлыг зохицуулах болно.

-Хуульч, хууль сахиулагч хоёрын ялгааг би нэг л сайн ойлгохгүй л байна?

-Шүүгч, прокурор, өмгөөлөгч бол хуульч. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, мөрдөн байцаагч нар бол хууль сахиулагчид. Бид ялгаагаа зөв гаргана. Хууль сахиулагчид маань өнөөдөр амиараа дэнчин тавин явж асуудлыг шийдэж байгаа. Хуульчид бол маргааныг шийдвэрлэж, шүүн таслах үйл ажил­лагааг мэргэжлийн түвшинд явуулж шударга ёсыг бэхжүүлж байгаа.

Хууль сахиулагчдын өдөр тутмын үйл ажиллагаа шүүх дээр нотлох баримт болж байгаа юм. Тэдний үйл ажиллагааны үндсэн дээр хуульчид аль нь зөв юм, аль нь буруу юм гэдгийг хэмжиж, энэ нийгэмд ухаалаг шийдлүүдийг гаргаж ирэх ёстой. Ухаан зарж, ур чадвартай ажилладаг хүмүүс ялгараад ирнэ.

-Тэгвэл тэдгээрийг бэлтгэх аргачилал, ядаж л сурдаг сургууль нь өөр байх шаардлага амьдралаас урган гарах байх даа?

-Хуульчдыг хуулийн сургуу­лиудаар, хууль сахиулагчдыг хууль сахиулах их сургуулиар бэлт­гэнэ. Аль ч улс оронд хууль сахиулагчдыг зөвхөн төрийн мөн­гөөр бэлддэг. Харин хуульчид бол өрсөлдөөн дунд өөрсдөө босч ирэх ёстой. Зөвхөн энэ ялгааг хийхийн тулд л нэлээн хэдэн жил бүтцийн шинэтгэл хийж байна.

-Хууль зүйн салбарыг толгойлж байгаагийн хувьд хуулийн шинэч­лэл жирийн иргэдэд хэрхэн, яаж тусна гэж харж байгаа вэ?

-Яг үнэндээ цаасан дээр сайн хууль хийх нь нэг асуудал. Харин цаасан дээрх тэр хууль бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь л хамгийн гол чухал үзүүлэлт. Үнэндээ хэрэгжилт нь муу байх юм бол хэчнээн олон хууль гаргаад ч үнэ цэнгүй болж хувирна. Нөгөө талаас хуулийн засаглалыг тогтооход хуульчдын өөрсдийнх нь хандлага, мэдлэг чадвар, ёс зүй, үүрэг оролцоо хамгийн чухал.


Дээрээс нь манай иргэдийн оролцоо, хяналт хамгийн гол хөшүүрэг болох учиртай юм. Бид шинээр гаргасан шүүхийн тухай хуульд иргэдийн оролцоог маш их нэмэгдүүлж өгсөн. Шүүхэд хяналт тавих ихээхэн өргөн бо­ломж нээгдсэн байгаа. Дээрээс нь хэвлэл мэдээлэл буюу дөрөв дэх засаглалын оролцоо ч ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Шүүхийн байр, шүүх, ил тод нээлттэй, хүртээмжтэй байх хамгийн сайн стандартуудыг хууль­чилж өгсөн. Одоо тэр хуулийн заал­туудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт мэдээжийн хэрэг манай иргэдийн оролцоо, шүүхийн өөрийнх нь менежмент, хуульчдын орол­цоо зэрэг олон зүйлээс хамаарна.

Гэхдээ хууль зүйн салбарын шинэтгэл өөрөө маш их далайцтай томоохон ажил болохоор тодорхой цаг хугацаа шаардагдана. Хоёр тогтолцооны хооронд хоёр ч том шинэтгэл хийгдэж байгаа болохоор хандлагын зөрүү, ойлголтын зөрүү, зарим нэг хуульчдынх нь шинжлэх ухааны мэдлэг, онол хандлага нь хоцрогдсон юм байгаа учир тодорхой хэмжээний хүлээлт, цаг хугацаа шаардагдах нь ойл­гомжтой.


Гэхдээ бидэнд гэрэл гэгээ, тодорхой амжилт хэдийнэ хараг­даад эхэлсэн. Бид хууль зүйн салбарын шинэтгэлийг амжилттай явуулах боломж, бололцоо байна. Хуулийн засаглал гэдэг маань тэн­гэрийн дор нэг хуульд үг дуугүй захирагдаж амьдрахыг л хэлээд байгаа юм шүү дээ.

Д.Түвшин

Эх сурвалж: