sonin.mn

 

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2007 оны арванхоёрдугаар сард “Азийн чоно” ХХК- ийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн амь насаа алдаж, мөн цөөнгүй иргэд эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирсон харамсалтай хэрэг гарсан.
 
 
Тэдний нэг болох иргэн Б.Батбаяр төр засгийн бүх шатны байгууллагад эрүүл мэндээрээ хохирсны нөхөн төлбөр авах гэж хандсан ч нааштай хариу сонсолгүй өнөөдрийг хүрч буй талаар манай сонинд хандсан юм. Эл хэргээс болж хоёр нүд нь хараагүй болжээ.
 
 
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Намайг Б.Батбаяр гэдэг. “Азийн чоно” ХХК-ийн хохирогчдын нэг. Би надтай адил эрүүл мэнд, бие сэтгэл, амь насаараа хохирсон 10-аад хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч. Энэ төр засгаас гэм хорын нөхөн төлбөрөө авах гэж төдийгөөс өдийг хүртэл бүх шатны байгууллагад хандсан.
 
 
Хүлээж авдаг нэг ч байгууллага алга. Ер нь ч тэгээд бидний хохь болоод үлдэж байх шиг байна. Хэрэг хуучирдаггүй гэдгийг сануулах үүднээс танай сонинд хандаж байна. 
 
 
-Энэ хэрэг аль хэдийнээ олонд мартагдсан байх. Нэхэн сануулах үүднээс хэдэн зүйл асууя. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хаана, хэнд хандав?
 
-Өө зөндөө л явж байна. Одоо ч хаана, хэнд хандахаа мэдэхээ байлаа. Ах нь чадахаасаа чадахгүйгээ хүртэл хууль шүүхийн байгууллагаар явна гэж боддог. Гэхдээ хоёр нүд минь юм харахгүй болохоор тэр болгон хөөцөлдөөд байж чадахгүй юм.
 
 
Бүгдийг эхнээс ярья. Багануур дүүргийн 2008 оны нэгдүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутай нэр бүхий есөн хүн ял шийтгүүлж, хохирогчдын хохирлыг иргэний журмаар шийдвэрлэх тухай шийдвэр гарсан юм.
 
 
Үүнийг Улсын дээд шүүхийн тогтоол, Нийслэлийн шүүхийн магадлалаар хэвээр нь үлдээсэн. Энэ шийдвэрийн дагуу миний бие болон иргэн Ганцэцэг, Рэгзэдмаа, Алтанцэцэг, Янжмаа зэрэг 10-аад хохирогч нөхөн төлбөрөө авах гээд өнөөдриийг хүртэл хөөцөлдөөд барахгүй байна.
 
 
“Азийн чоно” ХХК- ийн гүйцэтгэх захирал Ц.Сэлэнгэ, үүсгэн байгуулагч Ш.Мөнхбат зэрэг хүмүүсийг хариуцагчаар татаад гэм хорын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж өгөөч ээ гээд Сүхбаатар, Багануур дүүргийн шүүхэд удаа дараа хандсан.
 
 
Гэтэл шүүх тэдгээр хүмүүсийг олж чаддаггүй. Хаана, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй. Бодвол хаа нэг тийшээ зугтаагаад яваа байлгүй. Уг нь олон хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироосон эдгээр хүмүүс ялаа эдлээд хоригдож байх ёстой.
 
 
Гэтэл Өршөөлийн хууль гэгч юм гарч ирээд бүгдээрээ энэ хуульд хамрагдаад суллагдчихсан. Тухайлбал, гүйцэтгэх захирал Ц.Сэлэнгэ гэхэд л 2009 оны Өршөөлийн хуулиар гурван жилээ хасуулсан. Мөн дараа жил нь дахиад гурван жилээ хасуулсан байдаг.
 
 
Ингээд ердөө л нэг жил гаруйн хугацаанд хоригдож байгаад суллагдсан гэсэн үг. Бодит байдал ийм л байна. Мөн гаалийн улсын байцаагч байсан Х.Цэрэндолгор бусдаас авлига авч химийн хортой бодис оруулж ирсэн гэдэг нь тогтоогдсон.
 
 
Энэ эмэгтэйг хариуцагчаар татаад нөхөн төлбөрөө гаргуулья гэхэд ямар ч төлбөрийн чадваргүй гэсэн. Тийм л юм бол яах гэж анхнаасаа авлига авч улсын хилээр химийн хортой бодис оруулж ирсэн юм. Энэ эмэгтэйг хамгийн их буруутай хүн гэж би боддог.
 
 
Бас л ялгаагүй Сэлэнгэ шиг ялаас чөлөөлөгдсөн. Ял шийтгэл авсан нэртэй хэрнээ шийтгэлээ эдлээгүй Өршөөлийн хуулиар суллагдчихсан хүмүүс. Тэгээд “Азийн чоно” компаниас гэм хорын нөхөн төлбөр гаргуулахаар Сүхбаатар, Багануур дүүргийн шүүхэд хандсан боловч удирдлагууд нь дангаараа гэм хорын нөхөн төлбөрийг хариуцахгүй.
 
 
Энэ хэрэгт есөн хүн холбоотой. Хариуцахаар бол бүгдээрээ хариуцна. Нас барсан болон эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст манай байгууллага нөхөн төлбөр олгосон гэсэн юм билээ. Ийм увайгүй хүмүүс хохирсон бидэнд гэм хорын нөхөн төлбөр олгохгүй нь ойлгомжтой байгаа биз дээ.
 
 
Тэгээд энэ хүмүүсийг хариуцагчаар татахаас татгалзаад Гаалийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан. Үүний үндсэн дээр 2011 оны есдүгээр сарын 19-нд болсон Сүхбаатар дүүргийн шүүх хурлын шийдвэрээр халамжийн тэтгэмжийн зөрүү гэж нэг сая таван зуун мянган төгрөгийг олгох шийдвэр гарсан.
 
 
Өмнөх Засгийн газрын үед гэм хорын нөхөн төлбөрийн асуудал иргэний шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдсон л бол нөхөн төлбөр төлөх боломжтой гэж үзсэн. Гэтэл өнөөдрийн төр засгийнхан бидний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэхгүй байна.
 
 
Шинэчлэлийн Засгийн газар шударга ёсыг тогтооно гэж гарч ирсэн, тэр нь хаана байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж гарч ирэхдээ ард түмэнтэйгээ амь нэг байна, шударга ёсыг тогтооно гэж мөн л чихэнд улиг болтол ярьсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчид хоёр удаа хандахад нэг ч удаа хариу өгөөгүй.
 
 
Шударга ёсыг тогтооно гэж ард түмэн бидний саналаар төрийн өндөрлөг болчихоод хэлсэн, ярьснаа мартчихдаг юм байлгүй. Би л хувьдаа шударга ёсыг нь дөрөв ,таван жил хүлээлээ. Харин хуулийн зөвлөх Сосормаа ”Манайд гэм хорын нөхөн төлбөр олгох тухай хуулийн заалт байхгүй.
 
 
Тийм болохоор шийдэх боломжгүй” гэсэн. Яг үнэндээ цаазын ялыг түтгэлзүүлчихсэн Ерөнхийлөгч дээрээс нь янз бүрийн хуулийн заалтыг боловсруулдаг байж энэ хэдэн хохирсон иргэдийнхээ асууд лыг шийдчихэж чадахгүй байгаад үнэхээр хэлэх үг олдохгүй юм. 
 
 
-Тухайн үед “Азийн чоно” ХХК- ийн архийг ямар бодисоор найруулсан байсан юм бэ?
 
-Техникийн бохирдлыг цэвэрлэдэг метинолийн спиртээр найруулсан байсан. Энэ бодис хүний уураг тархины төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ялангуяа нүдэнд хамгийн их нөөлөөлдөг. Амь насаа алдсан хүмүүс бүгдээрээ хараагүй болж өнгөрсөн шүү дээ.
 
 
Хамгийн сүүлд бид Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандсан. Бидний материалтай танилцаад “Азийн чоно” компаниас болж хохирсон бүх хүмүүсийн нөхөн төлбөрийн асуудлыг одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шийдвэрлэж өг гэсэн 432 тоот бүхий албан бичгийг Хууль зүйн яаманд хүргүүлсэн.
 
 
Харин сайд Тэмүүжин энэ асуудлыг хэлтсийн дарга Ганболд гэгчид хариуцуулсан байсан. Нөгөөдөх нь бас л хэлтсийн ажилтан Үнэнбат гэгчид хариуцуулчихсан байгаа юм. Нөгөө Үнэнбат нь надад “Бид нар энэ асуудлыг хууль тогтоомжийнх нь дагуу шийднэ.
 
 
Түүнээс биш та нарын энэ хүсэлтэд нийцүүлж, тусгайлсан хуулийн заалт гаргана гэж байхгүй” гэсэн хариултыг өгч байгаа байхгүй юу. Өнөөдөр Хууль зүйн яам ямар үүрэгтэй байгууллага юм бэ. Үүнийг бид ойлгохгүй байна.
 
 
Биднээс өөрөөр эд, хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах гээд тусгайлсан заалт гаргаад хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, долдугаар сарын нэгний үйл явдал, хадгаламж зээлийн хоршоодын хэргийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нөхөн олговор олгосон шүү дээ.
 
 
Гэтэл бид “Азийн чоно” гэдэг ХХК-ийн химийн хортой бодисоор үйлдвэрлэсэн архийг хэрэглэснээрээ эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Над шиг хорвоог харах нүдгүй болсон олон хүн бий.
 
 
Бид нар эд материалын нөхөн төлбөр авах гээгүй, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирсны нөхөн төлбөр авах гээд энэ олон жил хөө- цөлдөөд явж байна. Яахав, тухайн үед нас барсан хүмүүст оршуулгын зардал гэж 700 мянган төгрөг өгсөн.
 
 
Би ч гэсэн эмчилгээний мөнгө хоёр, гурван сая төгрөг авсан. Гэхдээ эцсийн эцэст би өнөөдөр ажил хийж амьдралаа авч явах ёстой хүн хоёр нүдгүй болчихоод хүний гарт орчихоод л байна. 
 
 
-Уучлаарай таны нүд “Азийн чоно”-ын архийг хэрэглэсний улмаас хараагүй болсон гэсэн үг үү. Эмчилгээ хийлгээд хараа орох боломжгүй юу?
 
-Тэгэлгүй яахав. Би 2007 оны арванхоёрдугаар сарын 29-нд “Азийн чоно” компанийн архийг хэрэглэсэн. Удаа ч үгүй амнаас цагаан хөөс сахраад, нүд харанхуйлаад эхэлсэн. Тэрнээс хойш хоёр хоногийн дараанаас эхлээд юм харахаа больсон.
 
 
Миний нүдийг зуун хувь юм харахгүй бас эмчилгээ хийлгээд ч хараа орохгүй гэж хэлсэн. Гэхдээ энд нэг зүйлийг хэлье. “Азийн чоно” компанийн архийг хэрэглэж хордсон хамгийн эхний хүн нь Ганцэцэгийн нөхөр /хамт явж байсан эмэгтэй/ 26-нд хордож нас барсан.
 
 
Мөн л нүд нь харанхуйлаад, цагаан хөөс сахраад эмнэлгийн тусламж аваад хоёр цагийн дараа өнгөрсөн. Гэтэл Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл ходоодны хорт хавдар гэж оношилсон. Энэ өдрөөс хойш олон хүн хордож нас барсны дараа архинаас гэдгийг нь тогтоож байгаа байхгүй юу.
 
 
Хэрэв зөв оношлоод тухайн үед нь цаг алдалгүй архинд шинжилгээ хийсэн бол энэ олон хүмүүс амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан. Тийм болохоор л төр засаг гэж байдаг юм бол ард иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.
 
 
Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс морь унаач хүүхдүүдийн амь насыг хамгаалах тухай хууль боловсруулж байна. Үнэндээ нэг баян эрх мэдэлтэн хэдэн зуун саяар нь хурдан морь худалдаж авна. Нөгөө морийг нь унасан хүүхэд хэрэв амь насаа алдвал төр хариуцаж, нөхөн төлбөр олгоно гэсэн үг.
 
 
Яагаад ийм шударга бус байгааг би хэлж мэдэхгүй байна. Миний хувьд ганц нүд юм харахаа байхаас гадна элэг өөрчлөлттэй, ходоод шархтай, бөөр шохойжилттой гээд бүх эрхтэн хордсон. Хохирсон гэр бүлийн хоёр ч бий. Нөхөр нь өнгөрч, эхнэрийнх нь нэг нүд юм харахаа больчихсон л байна.
 
 
Тухайн үед шүүх эмнэлгийн дүгнэлтээр эрүүл гарсан эд эрхтэн цаг хугацаа өнгөрөөд ирэхээр бүгд өвчилж байна. Төр буруутай болохоор амь насаа алдсан хүмүүст оршуулгын зардал гэж дээр дурдсан тооны мөнгийг өгсөн.
 
 
Харин өнөөдөр гэм хорын нөхөн төлбөр олгох тухай хуулийн заалт байхгүй гээд төр иргэдээ өөрөөсөө түлхэж байна. Гэхдээ бид бууж өгөхгүй, шударга үнэн гэж байдаг л юм бол эцсийг нь үзнэ.
 
 
Эх сурвалж: