sonin.mn

 

Нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч, улс эх орны үндэс суурь нь болж өгдөг гэр бүлийн хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблейн 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг.
 
 
Гэр бүл гэдэг өөрөө улс орны нэгэн чухал хэсэг хийгээд эндээс улс орны нүүр царай харагддаг учраас анхаарал татах асуудал яах аргагүй мөн. Энэхүү уламжлал олон улсад тогтоод хэдийнэ 18 жилийг ардаа орхисон бол манайд тэмдэглэдэг болсноор найм дах жилтэйгээ золгож байна.
 
 
Энэ өдрөөр улс орнуудын шийдвэр гаргах төвшний хүмүүс гэр бүлд тулгамддаг гол асуудлуудын талаар ярилцаж, хүчирхийллээс ангид гэр бүлийг хэрхэн цогцлоох талаар санал бодлоо хуваалцаж, хэтийн зорилгоо тодорхойлдог. Нийгэмд хамгийн үнэт, чухал зүйл бол яах аргагүй гэр бүл.
 
 
Гэр бүлийн тогтвортой, бат бөх байдлыг хангахад төрөөс анхаарч, хууль дүрмээ чангатгахгүй бол гэр бүлийн үнэ цэнэ алдагдаж, хүчирхийлэл газар авах боллоо. Хүчирхийлэгчээс хүчирхийлэл төрдөг гэдэг.
 
 
Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх далд хэрнээ “дархан” гэмт хэргийн буруутан нь гэр бүлийн гишүүн, хохирогч нь ч гэр бүлийн гишүүн байдаг учраас хэргийг шийдвэрлэхэд хүнд байдаг гэж хууль хяналтын байгууллагынхан хэлдэг юм билээ.
 
 
Гэр бүлийн хүчирхийлэгч нь гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгний амь насыг хохироосон, гэмтэл учруулсан, дагавар болон төрсөн хүүхэд, эмэгтэй дүү, төрөл садангийн хүмүүсийг хүчиндсэн зодсон, танхайрч, эрүүл мэндэд нь халдсан зэрэг гэмт хэрэг үйлддэг бөгөөд өнөөдөр энэ асуудал буурахгүй өссөөр байгаа нь эмгэнэл.
 
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн хүчирхийлэгчийг насны байдлаар авч үзвэл, ихэнх буюу 68 хувийг 18- 35 насныхан, 27 хувийг 35-аас дээш насныхан, үлдсэн дөрвөн хувь нь 14-18 насныханд хамаардаг байна.
 
 
Тэгэхээр энэ бүх насныхныг хамарсан хүчирхийлэгчдийг төрүүлэхгүй байх, тухайн гэр бүлийг тайван амгалан байлгахад нөлөөлөх эерэг хүчин зүйлүүдийг гэр бүлүүд тэр дундаа амьдралын төвшин доогуур хамгийн эрсдэлтэй бүлгийн гэр бүлүүдэд ойлгуулах ухуулга сургалт явуулж, зөвлөгөө өгдөг төрийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай.
 
 
Аймаг, нийслэлийн хороо бүрт иймэрхүү сургалтын төвүүд, сэтгэлзүйн туслалцаа үзүүлдэг газруудыг байгуулах нь өнөөгийн нийгэмд дутагдаж байна. Хүн өөрөө сэтгэлээр хөллөж, түүнээсээ амьдрах итгэл олж амьдардаг амьтан.
 
 
Иймд гэр бүлийн хүчирхийлэгчийг хорьж шийтгэхээс өмнө сэтгэлзүй талаас нь эмчилбэл үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Хоёр хоног дөрвөн хананы дунд саатуулагдсан хүчирхийлэгч ар гэрийнхэндээ өс санаж, дахиад л хүчирхийлэл бий болдог.
 
 
Харин хоёр хоног сэтгэлзүйн талаас нь хандвал “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдгийн адил нэгийг бодох буй за. Саяхны нэгэн жишээг дурьдахад, таван настай хүүгээ аав нь заазуурдсан тухай мэдээлэл хаа сайгүй хөвөрч, хөөрхий хүүхдийн зураг бүх л сайтаар тархаж орхив.
 
 
Чухам үнэндээ түүний шархадсан зургийг сайтаар тарааж буй нь эргээд л түүнийг бид хүчирхийлээд байгаа юм биш үү. Мэдээж шархадсан хүүгийн зургийг хараад элэгтэй бүхэн эмтэрч байсан. Харин хүчирхийлэгчийн зураг яагаад харагдсангүй вэ.
 
 
Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртөгсөд л хэвлэлийн бай боллоо. Нийгэмд янз бүрийн сэтгэхүйтэй хүмүүс бий. Магадгүй цусаа гоожуулсан хүүгийн зургийг хараад харгис дарангуйлагч нарын инээд нь хүрч, бусармаг этгээдүүд энэ явдлыг давтахгүй гэх газар үгүй.
 
 
Иймд хуулийн байгууллагынхан хүчирхийлэгчийг олон нийтэд харуулж, түүнд шийтгэл хүлээлгэсэн бол нөгөө “далд хүчирхийлэгчид” жаахан ч гэсэн сэрдхийх байв. Энэ байдал алдагдсанаас л гэр бүлийн хүчирхийлэгчид газар аваад буй хэрэг.
 
 
Ер нь гэр бүлийн үнэ цэнийг ой тойнд нь хүртэл сургалт явуулж, зааж зөвлөөд байвал энэ гэмт хэрэг буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгчдийг сэтгэлзүйгээр нь эмчлэх шаардлагатай.
 
 
Гэхдээ дээр дурьдсанчлан хүүгээ заазуурдсаны дараа бол ямар ч үр дүн гарахгүй. Ийм харгис бодлыг тээж яваа хэн нэгэнд урьдчилан ойлгуулж, тэр харгис бодлыг хөөх үүднээс л энэ ажлыг хийвэл зохилтой.
 
 
Б.Дэлгэр
 
Эх сурвалж: