sonin.mn

 

Бид амьдрал баян гэж нэг талын сайрхдаг. Гэтэл энэ баян дотор саарал гэхээс илүүтэй хар бараан сүүдэр их байна.  Энэ бараан сүүдрийг үгүй дээ цагаан болгож үзээч хэмээн УИХ-ын эрхэм эмэгтэй гишүүдэд хандаж доорх баримтыг илгээлээ.
 
 
Хэрхэн хүлээж авах эсэх нь та бүхний мэлмий мэдэх хэрэг. Үрдээ эрлэг болсон зарим аав, ээжийг яалтай билээ. Элэг эмтэрч байна, эрхэм гишүүдээ.  Саяхан даа, хоёр гурав хоногийн өмнө төрсөн эцэг нь таван настай хүүгээ заазуурджээ. Бүүр амыг нь боож байгаад шүү.
 
 
Түүний яргалал үүгээр дуусаагүй. 72 цаг сахилгын арга хэмжээ авахуулсан нөгөө эрлэг гарч ирэнгүүтээ хоёрхон настай охиноо зодож гэнэ. Бүр Гэмтлийн эмнэлэгт илгээтэл шүү. Түүний том хүү зургаан настай удаах нь тавтай, бага нь хоёртой. Эхнэр гэх эмэгтэй ийм амьдралыг яаж тэсч байгааг төсөөлөхөд бэрх. 
 
 
Түүнд очих газар хол, хандах хүн цөөн байх. Монгол Улсын хуулиар хэд хэдэн тохиолдолд эцэг эх байх эрхийг хасдаг заалт бий. Архичин байхаас эхлээд дараалал үргэлжилнэ.
 
 
Хүн ер нь энэ хорвоод үр удмаа үлдээх гэж, өөрөөрөө овоглох хэн нэгнийг орхих гэдэг нь жам юм. Тэгвэл та өөрөө хүн шиг байж чадаагүйн төлөө таны эцэг байх эрхийг хасах асуудал бас байна цаана чинь. Насаараа эр хүн шиг, эцэг шиг яваагүй гээд өөрийгөө бод доо. 
 
 
Монгол эрчүүд ээ. Та нарын нөгөө омогшил хаана гээгдэж орхио вэ. Ичмээр биш үү. Уг нь би та нарыг өмөөрөөд л, өмрөөд л байна. Гэхдээ та нарт бас учир шалтгаан байна. Өөрөөрөө овоглуулж байгаа бяцхан үрсдээ юуны өмнө хайртай баймаар байна. Энэ чинь чиний үргэлжлэл шүү дээ. Яаж ч бодсон. 
 
 
Эр хүн өөрийгөө эцэг гэж бодохоор омогшил төрдөг гэдэгт би итгэдэг. Тэгвэл эцэг байх эрхийг чинь хуулиар хасаад өгөхөөр чи хэнийг өөрөөрөө овоглуулах вэ. Нөгөө монгол эр хүний бахархал чинь хаана очиж дуусах юм бол. Харамсмаар санагдахгүй байна гэж үү. Тавхан настай хүүгээ тарчлаан зовоосон тэр эр хүн мөн үү. 
 
 
Нөгөө бяцхан охин нь эцгээс хамааралтай асуудалд олон удаа орсон гэж байгаа. Тэгэхээр тэр хэн бэ? Эхнэрээсээ эхлээд үр хүүхдээ хаздаг, тэр тоолондоо шүднийхээ ормыг гүн гүнзгий үлдээдэг 40 настай эр вампир уу? Үүнд хамаардаг хууль гэж байхгүй юу? Яагаад түүнийг сар баривчилж болохгүй гэж. Захын архичин ийм шийтгэлийг эдлэх ёстой. 
 
 
Тэр тусмаа 2-6 насны бяцхан үрсээ тааваараа, тарчлааж байгаа тэр маньяк ийм шийтгэл амсах л ёстой. Өөрөөрөө овоглуулах эрхгүй болно гэдэг эр хүний хувьд бэлэг эрхтнээсээ салсан мэт гашуун ойлголт биш гэж үү. Чамаар, чамайг эр хүн байснаар харах арай өөр л дөө.
 
 
Үгүй ядахад эр хүн болж төрсний чинь төлөө хэн нэгэн чамд ёсолдог байх нь сонин биш үү. Хөөе цаана чинь, хүн царайлаг төрснийхөө төлөө нутгаасаа жийгдээд байна. XXI зуун ингэж харж байна. Тэгвэл бид балмад аавтай баймааргүй байна. 
 
 
Өдөр бүр аавдаа зодуулж, хазуулмааргүй байна. Миний мөрөн дээр найз охины минь хайрын дурсамж байхаас, хамгийн харгис аавын шүдний ором баймааргүй байна. Хүүхдүүд ингэж хүсч байна. Яагаад болохгүй гэж. Тэд тэнгэр шиг өөдөө сэтгэдэг дээ.
 
 
С.Наранчимэг 
 
Эх сурвалж: