sonin.mn

Монголын худалдаачдын холбооны харьяа "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ноос өнөөдөр (2020.09.22) Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарт хандан шаардлага хүргүүлж байгаа бөгөөд цагдаа нарын тавьдаг торгуулийг цаашид төлж чадахгүй, үүнтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ. 

 

 

 

Монголын худалдаачдын холбооноос Нийслэлийг засаг дарга, Монгол улсын ерөнхий сайдад хандан шаардлага хүргүүлж байна. Монголын худалдаачдын холбооноос удаа дараа шаардлага хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байна. Монголын  худалдаачид бид өнөөдрийг хүртэл өнгөрсөн 30 жилд төрөөс юу ч гуйж байгаагүй. Харамсалтай нь өнөөдөр төрөөс  тэрбумтнууд төрж 30 жил худалдаа эрхэлсэн худалдаачин ядууралд нэрвэгдэж, өр зээлэндээ баригдаж байхад 3 жил дарга хийсэн эрхэмүүд ямар ч худалдаачнаас илүү орлого, хөрөнгөтэй амьдарч байна. Илэрхий шударга биш, хууль бус газар авснаас худалдаачид зөвхөн баячуудын мөнгийг хүүлж өсгөдөг, барьсан барилгыг нь түрээслэн орлого оруулдаг, ядарч туйлдаад ирэхээрээ гудамжны муухай заваан гэж ад үзэгддэг нийгмийн хог шаар болон хувирчээ.
 
 
Худалдаачдыг торго, шийтгэ, хураа, ав гэдэг л үгсээр дарамталдаг болохоос худалдаачдын өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн, нуруундаа үүрсэн ачааг шударгаар үнэлдэг  төр засаг үгүй болжээ. Өдрөөс өдөрт амьдрах баталгаагаа алдаж буй худалдаачид бид дуу хоолойгоо нэгтгэн ирээдүйнхээ төлөө тэмцэх болохоо мэдэгдэж байна.
 
 
Төрөөс санаачилсан ядуурлыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд зорилтот бүлэгтээ хүрэхгүй, хулгайч, авилгач дарга , эрхмүүдийн амар хялбар хөрөнгөжих  эх үүсвэр болж байгааг тууштай эсэргүүцэхээ илэрхийлж байна.
Хууль хяналтын байгууллагуудаар худалдаачдыг дарамталдаг, өндөр хүүтэй зээлээр мөлждөг, ажилгүйдэл, ядуурлыг улам тэлж байгаа шуналт түрэмгийлэгчидтэй тэмцэх цаг болжээ.
Монголчуудаа, худалдаа наймаа эрхлэн өөрсдийнхөө хүчээр тэмцэж буй анд нөхдөө. Та бүхнийг бидэнтэй эвлэлдэн нэгдэж баталгаатай амьдралынхаа төлөө тэмцэхийг уриалж байна. Худалдаачдын холбоондоо нэгдэн Их хурал зохион байгуулах үйл хэрэгт идэвхтэй оролцохыг урьж байна.
 
 
МОНГОЛЫН ХУДАЛДААЧДЫН ХОЛБОО