sonin.mn
--- Туурвигч он жилүүдийг мөшгөхүй ---
 
Чавхдаст хөгжмийн зэмсгүүд дотор яг адилхан хос чавхдасууд бүхий хөгжмүүд байдаг. Тийм чавхдасууд яг ижил хөгтэй дуугардаг. Харин яруу найргийн хослол түүнээс шал өөр. Тийм хослол өөр, өөрийн гэсэн өвөрмөц өнгөөр илт ялгаран дуугарч, басхүү харилцан нэгнээ хөглөж байж л сая утга учир бүхий болдог. Орчин цагийн Монголын яруу найрагт тийн эгшиглэгч хос чавхдас нь яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёр юм. Тэр хоёрын тухайд нэгэн залуу шүлэгч: “Нийтийн унаанд ч, гудамжны сандал дээр ч, гэртээ ч, тэр бүү хэл, 00-ийн өрөөнд хүртэл, хаа сайгүй эхнэр, нөхөр хоёрын номыг уншсан хүмүүс...” хэмээн бахдангуй ч юм шиг, цөхрөнгүй ч юм шиг хэлж билээ. Бахдангуй гэхийн учир, залуу шүлэгч тэр хоёроор үнэхээр бахархсан байх. Харин цөхрөнгүй гэхийн учир нь, мэдээж: “Яавал тэдэн шиг болох вэ? Би тэгж чадах болов уу?” гэсэн санаашралаас үүдэлтэй. Зөвхөн үүнээс үүтгэн бодоход яруу найрагч, зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёр уншигчдын дунд ямар өндөр байр суурьтай, тэдний зүгээс ямар том хүндлэл хүлээдэг нь харагдана. Түүнтэй хамт тэд Аюур, Өлзий хоёрын шинэ бүтээлүүдийг сэтгэл догдлон хүлээдэг нь лавтай. Гэхдээ, чухам тэнд л хамгийн том АЙДАС нуугдан буй. Тэр нь уншигчдын итгэлийг алдахгүй, тэдний сэтгэлд хүрсэн, оюун санааг нь байлдан дагуулсан бүтээл туурвиж чадах, эсэх тухай эргэлзээ. Гагцхүү эл эргэлзээг даван туулж, АЙДАС-аа ялж байж туурвигч хүмүүн өөрийнхөөрөө ОРШИН ТОГТНОДОГ жамтай. Мянга, мянган жилийн турш туурвигч их мэргэдийн замнасан тэр замаар бид мөн зүдэн бэдэж явнам.
 
Л.ӨЛЗИЙТӨГС
Тэгээд... жаахан өндийгөөд
Тэмдэг төдий
Тэр одонд хүрэх сэн...
Түүнийг ЯРУУ НАЙРГИЙН СҮЙТ БҮСГҮЙ гэвэл зохилтой. Яагаад гэхээр, түүн шиг олон мянган шүтэн бишрэгчидтэй яруу найрагч бүсгүй Монголын яруу найргийн түүхэнд урьд хожид байгаагүй юм. 1990-ээд оны эхээр Л.Өлзийтөгсийн анхны шүлгүүд “Ил товчоо” сонинд бүтэн нүүр гарсан нь анхны номоо хэвлүүлсний дайтай шуугиан тарьсан билээ. Өмнөө бяцхан ярилцлага бүхий, хамгийн дуртай уран зураг нь юу болохыг асуухад: -Дегагийн “Цэнхэр бүжигчид” хэмээн итгэлтэй хариулсан Л.Өлзийтөгсийн анхны шүлгүүд одоо ч санаанд минь илхэн. Тэр шүлгүүд хэвлэгдэхийн өмнөх жилийн өвөл Л.Өлзийтөгс уран бүтээлчийн амьдрал судлах гэж дүн хүйтнээр Увс аймгийн Өндөрхангай сумыг зорин, яруу найрагч, зураач Б.Пүрэвсүрэнтэй хамт гэрт нь очсон байдаг. Дөнгөж X анги төгссөн охиноос гарамгүй том зориг шүү!! Түүний дараа Ц.Цэнд ч мөн тэнд очин, Пүүжээтэй хамт гурван сар ууланд даяанчлан сууж байв. Товч хэлэхэд, 1990-ээд он бол ид тэсрэн гарч ирж буй шинэ залуусын хувьд бүтээлч эрлийн эхэнд хөл тавьсан нөр он жилүүд байлаа. Тэр он жилүүдийн нүргээнт харанхуйгаас сугаран тодорч гялалзсан нэгэн тод од бол Л.Өлзийтөгс.
Бороо ороход уйлж, орохгүй бол гунигладаг
Босон суун гэгэлзэж, бор шувуу шиг дэрвэлздэг
Нулимс харвал цочдог, арчиж өгөх гээд алгадуулдаг
Нуруу бие нь далавчтай, далавчиндаа тэмдэгтэй
Би хэний сүнс юм бол, ээж ээ?
Хэний хүслээр ингэж хүний өмнөөс ярьж
Хэний тулд зүрхнээсээ дусаан, дусаан бичнэ вэ?
• Энэ байшинг нураагаад өөр байшин баримаар байна
Энэ замыг таглаад шинэ зам гаргамаар байна
Эгчийнхээ үсийг хусаад, ахынхаа үсийг ургуулмаар байна
Ээж ээ! Би энэ орчлонг орвонгоор нь эргүүлмээр байна
Цас орж байхад ногоохон өвс ургуулж
Цаг хугацааг гэнэт долоовор хуруугаараа зогсоож
Үхлийг жинхэнэ амьдрал гэж нэрлээд
Үлдэж буй насаа намрын навчинд өгмөөр байна...
Л.Өлзийтөгсийг ХОТЫН ШҮЛЭГЧ хэмээх нь бий. Нэрт судлаач, шүүмжлэгч Ч.Билигсайхан “Ерээд оноос утга зохиолд эрчтэй орж ирсэн хэсэг залуус хотод төрж, бага идэр нас нь хотод өнгөрч, тэдний шүлэгт суурьшмал амьдралын сэтгэлгээ хурц илрэх боллоо. ...монгол уламжлалт яруу найрагт шинэ өнгө аяс, бүр шинэ чиглэл үүсгэж, баяжуулж байгааг сайшаалтай... яруу найрагчдын дотроос Л.Өлзийтөгс ихээхэн ялгарч байна...” гээд түүний “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном” хоёрыг онцолсон нь бий. Үнэхээр ч судлаачийн онож хэлсэнчлэн, нүүдлээс суурьшил руу шилжингүүтээ хүн төрөлхтөн нэг их цухалдаж, гуньж, тэндээс декадент үзэл үүсэн, утга зохиолын нэг шинж төрх болсон юм.
 
 
 
Тэрхүү жам ёсны зөрчил дундаас өөрийгөө эрж хайсан Л.Өлзийтөгс яруу найрагчийн хувьд өөрөөсөө зөрж, бусдаас зөрж, тэгсэн мөртлөө цаагуураа бүхэнтэй эвлэрч, бүгдийг уучилж, энэрч, нэг гуньж, нэг баясан байж шүлгүүдээ бичсэн нь мэдээж. Тэгэхээр түүний шүлгүүдийг гагцхүү ДОТООД СЭТГЭЛ-ийн агуужим ай савтай зүйрлэж болно.
 
 
 
Ялангуяа түүний хүүхдийнх гэмээр гэнэн сэтгэлгээ нь хүн бүхэнд ойр байдаг. Мөн тэрбээр Б.Галсансүх шиг хэт үймүүлж, их шуугиан тарих гэсэнгүй. Зүгээр л тэрүүхэндээ, зөөлөн, ёжтой, овжин дүрсгүйтэхийг хүсчээ. Гэхдээ эл хүүхэд шиг бүсгүй өөрийн дүрсгүй үйлдлүүдээрээ хүмүүст юу эсийг ойлгуулахыг хүсэж, басхүү хүссэндээ хүрч чадсан юм. Хүмүүст тэр чухам юу ойлгуулж чадсан тухай ярих утгагүй. Яруу найрагч хүн юу ч бичиж болно. Яаж ч бичиж болно. Гол нь сайн л бичих ёстой. Өөрөөр хэлбэл, зураач хүн юу эсийг зурахдаа сэдвээ яаж сонгож, будгаа яаж хольж, өнгөө яаж сүлжиж, бийрээ яаж нийтгэдэгтэй адил. Тэгвэл тэр үнэхээр САЙН БАЙЖ ЧАДСАН УУ гэж үү?... Тийм ээ, тэр тийм байж ЧАДСАН юм.
Ахиад хавар болвол би гудамжаар нүв нүцгэн явна
Ахиад хавар болвол би орон гэрээсээ оргон зугтана
Ахиад хавар болвол би алтан бэлзгээ залгиж орхино
Ахиад хэрэв хавар болвол мод бүхэнд би нэр өгнө
Ахиад хавар болвол, хавар болохыг би ахиад үзвэл
Анхны бороо цонхон дээгүүр гэрэл татуулан урсахыг үзвэл
Ай, амьд хүнд өөр юу хэрэгтэй юм?... маргааш нь л би үхнэ!
Ахиад даанч хавар болохгүй нь шиг байна
Цантсан хотын тэнгэр дэх
Цагийн зүү мөстчихөж!
• Аяархан дохилзох шөнийн нууцлаг мөчрөөс
Цухасхан гэрэл инээмсэглэл шиг зуралзаад өнгөрнө
Арай энэ модны цаана бурхад зогсож буй юм биш байгаа?
Ай, амьдрал минь харин ингээд л, яг одоо дуусчихаасай!...
Тэрбээр ХХ зууны Найрамдлын Дархан хотод төрж өсөөд, эдүгээ ХХI зууны Улаанбаатар хотноо амьдарч буй боловч би түүнийг ХОТЫН ШҮЛЭГЧ гэмээргүй байна. Миний бодлоор тэр яруу найрагч. Яагаад гэхээр Өлзийгийн хүүрнэлүүд нь ч яруу найраг шигээ байдаг юм. Түүний “Нүдний шилэнд үлдсэн зургууд” өгүүллэгийн түүврээс би “Сохор” өгүүллэгийг уншаад Горькийн сургуулийн оюутан Г.Аюурзана нэгэнтээ Уйльям Фолкнерийн “Баавгай” туужийг уншаад гүн шоконд орсноо дурдсан шиг ойлгомжгүй хачин байдалд орж билээ. 
Намайг гэнэт эзэмдсэн тэр хачин байдал нэг биш, хоёр биш, гурав ч биш... нэлээн хэдэн жил үргэлжилсэн юм даг. Түүн шиг, яруу найрагчийг уншсаны дараа сэтгэлд ямар нэг юм торж үлдээд, тэр нь өөртөө ямар нэг юм агуулж, тэрхүү үл ойлгогдох агуулга нь тухайн хүнээс ямар нэгийг шалгааж, зай завсаргүй өдөөн хатгаж, шаналган зовоож, тэр бүхний эцэст нөгөө хүн маань нэг л өдөр тэндээс өөртөө ямар нэг юмыг шинээр нээж таньсан мэт болж байвал л би тийм яруу найрагчийг ЖИНХЭНЭ ЯРУУ НАЙРАГЧ гэдэг нь мөн байх гэж боддог.Л.Өлзийтөгсийн шүлгүүдийг уншихаасаа өмнө би оюутан байхдаа Ж.Батцэцэгийн “Арвай буудай мэт...”, “Санд мэндхэн ирж, өдөр хоногууд энгэр задгай одно...”, Уулын энгэрт бороо цайрна...” шүлэгт хэрхэн автсанаа ер мартдаггүй бөгөөд тэр шүлгүүд одоо ч миний цээжинд байдаг. Тэгэхээр он жилүүдийн уртад эгнэгт үл бүдгэрэх, үл арилах, он жилүүдийн салхинд зүлгүүлэх тусам улам тодорч, өнгөжин гялалзах эрдэнийн шигтээ мэт гайхам мөртүүд тэрлэнэ гэдэг нэн бэрхтэй. Л.Өлзийтөгс тун саявтархан хэвлүүлсэн “Хараацай зогсолт” хэмээх хоёр дэвтэр том бүтээлээ эксперименталь роман хэмээн нэрлэсэн нь уншигчдын дунд багагүй шуугиан дэгдээж буй бололтой. Тэдний зарим нь хачирхан гайхаж, зарим нь эргэлзэн тээнэгэлзэж байх шиг. Гэхдээ би нэг л юмыг мэдэж байна. Тэнд Өлзийтөгс лавтайяа байгаа. Өөр хэн ч биш. Зөвхөн ӨЛЗИЙТӨГС. Манай үеийн загалмайлсан эцэг, нэрт судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар багшийн хэлсэн: “...утга зохиолд... шуугиан дэгдээх ёстой...” хэмээх үгийн утга учир, үнэ цэн чухамдаа үүнд л байгаа юм шүү дээ. Аливаа хов жив, хэрүүл тэмцэл, атаа жөтөө, золбин үгс биш. Шуугиан. Давлагаалан түрэгч илэрхий шуугиан.
Шувуу тэнгэрт мөрөө үлдээдэггүй шиг
Загас усанд галбираа орхидоггүй шиг
Чи миний дотуур ороод л гараад явчихлаа
Шувуугүй тэнгэр...
Загасгүй гол...
Чамгүйгээр би
БИ биш болж үлдлээ
Чиний үг усан дээр бичсэн үсэг шиг бүдгэрч
Чиний үнсэлт уруулаас будагтай минь хамт арилж...
Хэний ч хүртэж, нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна
Г.АЮУРЗАНА! Эл нэрийг би 1989 онд анх сонссон юм. Тэгэхэд ОБДСийн (Орос Хэлний Багшийн Дээд сургууль) III дамжааны оюутан намайг Ш.Алтангэрэл багш яруу найргийн “Үгийн хур” тэнхмийн эрхлэгчээр томилоод байв. Чингээд тус тэнхмээс эрхлэн гаргадаг “Айсуй хурын анир” нэртэй ханын сонинд оюутнуудаас шүлэг авах үед (бичгийн цаасан дээр гараар бичсэн шүлгүүд хурааж аваад, тэндээсээ шилж сонгосон шүлгүүдтэй ханын сониноо коридорт байршуулахад багш, оюутнууд өмнө нь шавааран зогсоод уншдаг асан) Баянхонгороос ирсэн Галаа гэж нүдээрээ инээсэн жаахан бор охин л хамгийн эвтэйхэн шүлэгтэй нь байв. Тэгээд түүнтэй энэ, тэрийг ярилцан суутал тэрбээр: “Манай ангийн Аюурзана гэж хүү Горькийн сургуульд явсан. Тэр надаас сайн шүлэгтэй. Удахгүй маш том яруу найрагч болж, нэр нь дуулдах байх аа!” хэмээн тун итгэлтэй хэлж билээ. Гэтэл үнэхээр л Галаагийн хэлснээр болж, хэдэн жилийн дараа нөгөө Аюурзана гэх сайн шүлэгтэй хүүгийн нэр дуулдаж эхэлсэн төдийгүй, дуулдаж эхлэнгүүтээ буюу “Балчир шүлгүүд”, “Ганцаар цайвар навч”, “Цаг хугацаа амсхийх зуур” шүлгийн түүврүүдээрээ шууд л том яруу найрагч гэгдэх болсон юм даа. Түүний шүлгүүдийн онцлог нь баяр, гуниг хоёрын алинд ч уншсан өөрчлөгдөхгүй. Ирэх мэдрэмж нь хэзээд тогтмол хэмжигдэхүүн мэт байдаг. Гэсэн атлаа бүхнийг дэнслэгч тэр хэмжигдэхүүн сэтгэлд аядуу ч гэмээр долгио үүсгэж, гүн бясалгал, хөнгөн бодрол хоёрыг зэрэг төрүүлдэг нь гайхам. Зөвхөн Г.Аюурзанаас л гарч болох, дахин давтагдашгүй гэмээр нэг тийм нууцлаг ая дан мэдрэгддэг юм.
Тэнд, сэтгэлд минь мянган нар асч,
Тэнгэрийн цаглашгүйд нь бурхдын үгс
Түүчээ тогорууд шиг нисэлдэн, хавар болов ...
Цочсон дэлхий ханзран, яргуй нүдлээд
Миний сэтгэлийн бүхий л зайг эзэмдчихэв
Цоо шинэхэн нахиаг нь үнэрлэхэд
Мянган оны тэртээх намрын үдэш анхилав
• Хоёр навчнаа нэг, нэг шад бичээд
Хойтонг хүлээж дэвтрийн завсар хийсэн сэн
Хожим үзвээс, нэг нь навчны энгээр нэвчин балраад,
Нөгөө нь навчнаас барлагдан цаасанд буужээ
Буусан бичигт толь тусган үзвээс
Санаанд минь хэзээ ч ороогүй үгс...
Тэрбээр НЭН САЙХАН ҮЕИЙН шувтаргаар А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг амжиж төгссөн азтай эр. Тэндээс хамгийн дориун боловсрол, хамгийн өргөн мэдээллийг эх орондоо чирч ирсэн нэгэн. Түүний том гавьяа нь эзэмшсэн боловсролоо “ЧУЛУУ“ болгосон явдал юм. Яруу найрагч М.Баттөмөр ахын хэлснээр бол А.М.Горькийн сургуульд сурч байхдаа түүний хийдэг байсан хоёр үндсэн ажил: НЭГДҮГЭЭРТ, орон дээрээ завилж суугаад үг сүггүй ном унших, ХОЁРДУГААРТ, ах нарын өмнөөс дэлгүүр рүү дуулгавартай гүйх байсан гэдэг. Хүмүүжил шүү! Тэр хүмүүжил нь түүнийг өнөө хүртэл чимсээр явдаг агаад Аюурт өөрт нь тун сайхан зохидог юм.
Цонхон дээр бороо юу бичсэнийг
Тайлж унших гэсээр би залуу насаа үрлээ
Агаарт цасан юу тэрлэдэгийг
Анзаарч ойлгох гэсээр яваад энэ хүрлээ
Хаа нэгтээ, дурангийн шилэн дотор
Алхсан зам мөр минь гэрэлтэж,
Харван унах од юу бичсэнийг үсэглэн ядагч
Бурхан
Яг л над шиг эргэлзэн, эргэлзэн суугаа...
Би яг л сохор хүн шиг
Амьдралын дотуур тэмтчинэ
Сохор хүмүүст таяг байдаг
Харин надад юу ч алга
Нүдээ нээгээд ч нэмэргүй
Таг харанхуй.
Түнэр харанхуй
Нүцгэн биен дотуур чинь би сохор хүн шиг
Хаа нэгтээ, холын тэртээ
Гэрэл гялсхийхэд “Юу вэ?” гэж зөнчөөс асуув
Хариуд нь надад юу гэж хэлсэн гээч?
-Чиний зүрх!
Төгсөж ирээд тэр их юм хийсэн! Ялангуяа, түүний орчуулгууд, эмхэтгэсэн сонгомолууд өмнө нь байгаагүй далайцтай, өгөөжтэй, илүү их хүртээмжтэй болж чадсан юм. Түүн шигээ тэрбээр яруу найрагт ч, хүүрнэл зохиолд ч шинэлэг гэж болохуйц содон уур амьсгал авч ирсэн билээ. Г.Аюурзана бол: МОНГОЛД ЯРУУ НАЙРАГЧ БАЙХГҮЙ! хэмээн зоригтой хэлсэн цор ганц хүн. Гэхдээ тэр нь үймээн тарих сэдэл бус, өөрийгөө болон бусдыг голох сэтгэлээс үүдсэн байх. Яагаад гэхээр, өөрийгөө голохыг би урагшаа түрэн давшихын эхлэл гэж боддог юм. Түүнээс гадна би Г.Аюурзаныг хүүрнэл зохиолч гэхээс илүү ЯРУУ НАЙРАГЧ гэж боддог. 
 
 
 
Яруу найраг хэт үнэгүйдсэн гэмээр хачин үймээнт цаг үед жам ёсоороо бичигдсэн түүний хүүрнэл зохиолуудыг яруу найргийн үргэлжлэл гэж боддог. Тодруулбал, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөгчийн хувиар уншигчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй явдал гэж үздэг.
 
 
 
“Цасны роман”, “Хэвтрийн хүн”, “Амь тавьж буй шувууны далавч”, “Бөөгийн домог”.. гэхчлэн бодоод үзэхэд миний эл бодол нотлогдох шиг санагддаг. Нэрт судлаач, шүүмжлэгч Ч.Билигсайхан Г.Аюурзаны “Цасны роман”, “Хэвтрийн хүн” хоёрыг ПОСТМОДЕРН гэж тодотгоод “... шинэ зууны дэлхийн ийм хэлбэрийн бүтээлийн хэмжээнд бодол ухаарал, сэтгэлгээ, ур дүрслэл аль, алинаараа бүрэн хүрчээ” хэмээн дүгнэсэн байдаг. Мөн түүний “Амь тавьж буй шувууны далавч”-ыг уншсаны дараа манай нэг найзад яг тэр зохиолтой холбоотой байж таарахаас өөр аргагүй гэмээр тун хачирхалтай явдлууд тохиолдсон гэдэг. Тэгээд тэр найз маань зохиолчтой нь уулзаж (Моцарт ба хар шувууд түүнд хачин байдлаар нөлөөлсөн байдаг), тэр тухай яримаар байна гэж олон жил надаас гуйж буй боловч би өдий болтол уулзуулж амжсангүй.
Удтал сөхөөгүй номон дээр
Цаг хугацаа даржээ
Энэ тоос яваандаа
Эх үзүүргүй аалзны тор болно
Өнөөг хүртэл Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын туулан давж, туурвин бүтээж ирсэн замыг би ХОСЛОН ТУУРВИХУЙН ЗАМ гэж хэлнэ. Тийнхүү хослох замдаа тэд хос чавхдас лугаа адил хөг хоршин найрсаж, үлэмж эгшиглэнт дотоод аялгууг зүрхнээс зүрхэнд өртөөлөн хүргэсээр бүлгээ. Тэгэхдээ, эл эгнэшгүй хос чавхдас ямагт шинэ, ямагт өвөрмөгц байж, өгөөж нь арвин дэлгэр үржил шимтэй байсаар ирсэн юм. Зүйрлэбэл тэр нь, гишгэсэн мөр болгоноос цэцэг дэлбээлэхтэй адил.
Аяа, ер гайхаад баршгүй!
Ачит багш минь цэцэг зулгаатал
Зулгааж тасалсан тэр газар нь
Зулзаган цэцэг ганхаж байлаа...
Яруу найрагч, аугаа сэтгэгч Данте Алигерийн “Тэнгэрлэг туульс”-ын “Ариутгалын орчлон” хэсэгт ийм мөртүүд бий. Эртнээс наашхи хүн төрөлхтний тэмүүлэл нь чухам тийм орчлонг бүтээхүйн төлөөх нөр тэмцэл байсаар ирсэн түүхтэй. 
Тэгвэл Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын туурвилуудыг би тасар татан хаясан ч дорхноо ургах тийм цэцэгстэй зүйрлэнэм. Тэд өөрсдийн бие даасан бүтээлүүдээс гадна “Суут жаран сэтгэгч”, “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”, “Сонгомол эсээнүүд” тэргүүт орчуулгын цуврал бүтээлүүдээр уншигч олныгоо соён гэгээрүүлж, мөн “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэгүүд” тэргүүт цуврал ботиудаа хэвлүүлсэн нь эдүгээ асар үнэ цэнтэй хэвээр байна. Хойшид ч тийм байх биз ээ.Тэдэн шиг олон ном туурвисан арвин их бүтээлийн сантай, тэдэн шиг олон бүтээлээ гадаад хэлнээ хэвлүүлсэн, тэдэн шиг зохиол бүтээлүүд нь номын дэлгүүрийн лангуун дээр арилжааны бүтээлүүдтэй хүчтэй өрсөлдсөн хэвээр байгаа яруу найрагч, зохиолч 1990- ээд оныхон дотор нэгээхэн бээр үгүй гээд бодохоор би өөр юугаа ярих билээ? Зарим нь тэр хоёрыг ил, далд шүүмжилж, элдвээр гоочлох нь бий. Тэгвэл, тэдэнд хандаж миний хэлэх үг гэвэл: “Бүтээх хэцүү, шүүмжлэх амархан!” хэмээх мөнөөхөн улиг болсон хэлц л байх шив дээ! Одоо тэдэн рүү атаач, өөнтөгч сэтгэлийн хор шингээсэн зэвт сум өчнөөн тавьж болох боловч яагаад ч тэдэнд хүрэхгүй, ямар ч хөнөөл учруулж дийлэхгүй! Тэд тийм өндөрт байнам. Юу ч гэсэн, би тэгж бодном.
 
 
Д.Нацагдоржийн нэрэмжимт шагналт яруу найрагч М.УЯНСҮХ