sonin.mn
Жо Байдены удирдсан АНУ-ын гадаад бодлогын өнгө аяс, хэв маяг өөрчлөгдөх боловч “Трампизм”-ын улс төрийн өв уламжлал Вашингтоны гадаад бодлогод нөлөөлнө гэж “Тайхэ” судалгааны төвийн ахлах зөвлөх Цянь Фэн ярьжээ. Тэрбээр “Ардчилсан намын гишүүн Жо Байден тангараг өргөж, Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдлоо. Шинэ Засгийн газар дотоодын хямралаа эн тэргүүнд тавьж ажиллахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд шинэ коронавирусийн тархалтыг тогтоон барихад илүү нухацтай, шинжлэх ухаанч хандаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэхэд Трампын засаг захиргаанаас өөр бодлого хэрэгжүүлнэ. Мөн эдийн засгийг сэргээх бодлогын шинэ чиглэл боловсруулна” гэсэн юм. Дэлхийн ардчилсан улс орнуудаас хамгийн хүчирхэг ерөнхийлөгчийн засаглалтай гэж тооцогддог АНУ-ын дэлхийн тавцан дахь байр суурь нь ерөнхийлөгчийн гадаад бодлогын үндсэн дээр тодорхойлогддог. Трамп АНУ-ыг олон улсын нэлээд олон гэрээ, тохиролцооноос гаргасан. Учир нь, эдгээр гэрээ, хэлэлцээрүүд АНУ-д ашиггүй, нөөцийг үр дүнгүй зарцуулахад хүргэсэн гэж үздэг юм. Мөн Трампаас болж АНУ батлан хамгаалах салбараас эхлэн худалдааны асуудлаар урт хугацааны холбоотнуудтай сөргөөцөлдөх болсон. Трамп олон улсын байгууллагууд, тэр дундаа НҮБ-ыг шүүмжилдэг. АНУ-ын хилийн чанадад үзүүлдэг тусламжийг танах ёстой гэж үздэг. Дэлхийн бусад төрийн тэргүүнүүдээс ялгаатай нь Трамп уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг, үүнд хүний үйл ажиллагаа буруутай гэдэгт итгэдэггүй. Утаа ялгаруулагч түлш үйлдвэрлэхийг дэмждэг, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан. Байдены хувьд уур амьсгалын өөрчлөлт бол бидний аюулгүй байдалд учирч буй хамгийн том аюул занал гэж үздэг. Үүнийг шийдэхийн тулд хувьсгал хэрэгтэй гэж уриалдаг. Трамп түлшний бохирдол, утаа зэргийг бууруулах, шинэ технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулах үндэсний төлөвлөгөөг сонгуулийн үеэр олон нийтэд танилцуулсан. Тэрбээр хүлэмжийн хийн талаар түгшиж буйгаа илэрхийлдэг бөгөөд цэвэр нүүрс гэх зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрийг дэмждэг юм. Үүрэгт албаа хүлээн авсан эхний өдрөө Жо Байден сонгуулийн кампанит ажлын үеэр Америкийн сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлээд зогсохгүй Трампын “Америк нэгдүгээрт” бодлогоос үүдэн олон улсад унасан АНУ-ын нэр хүндийг сэргээхээ мэдэгдсэн. Цагаан ордны шинэ захиргаа “Ирэх дөрвөн жилд АНУ-ын гадаад бодлогыг эрс өөрчилнө” хэмээжээ. Байдены засаг захиргааны гадаад бодлогын гол шинж чанарууд нь оновчтой, тогтвортой байдал, урьдчилан таамаглах чадвар, өрсөлдөөний орчинд хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэх, хүний эрх, үзэл суртал байх болов уу гэж шинжээчид таамаглаж байна.
 
ВАШИНГТОНЫ ИМИЖИЙГ СЭРГЭЭНЭ
 
Жо Байдены удирдлага дор АНУ олон талт гэрээ хэлэлцээрүүд болон олон улсын байгууллагуудад эргэн нэгдэх нь тодорхой болсон. Трампын эрин үед АНУ бүх талаараа дайрч давшилж, бусад улс орнуудыг сэтгэлзүйн дарамтанд оруулах тактик ашигласан. Улс төрийн шинжээч Цянь Фэн “Өнгөрсөн жилээс хойш АНУ-д болсон улс төрийн цуврал үйл явдлууд, Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан эсвэл Конгрессын байрны үймээн самуун нийгэмд илт ан цав үүсгэсэн. “Трампизм”-ын улс төрийн өв АНУ-ын гадаад бодлогод үргэлжлэн нөлөөлнө. АНУ хичээсэн ч дэлхийн бусад орнуудын харилцаа өмнөх шигээ болохгүй” гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр, Байдены засаг захиргаа дэлхий нийтэд ардчиллын үнэт зүйлсийг сурталчлахыг тэргүүн зорилгоо болгожээ. Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд олон улсын тавцанд Вашингтоны нэр хүндийг унагаасныг АНУ-ын шинжээчид ч хүлээн зөвшөөрдөг. Жон Хопкинсийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Стивен Дэвид “Ерөнхийлөгч асан Дональд Трамп хүн төрөлхтний хамгийн их дайнаас хол байсан. Тэрбээр гадаадад байгаа Америкийн цэргийн тоог цөөрүүлсэн. Магадгүй хэн нэгэн үүнийг ололт гэж нэрлэж болох юм. Мөн Арабын хэд хэдэн оронтой дипломат харилцаагаа сэргээсэн нь сайшаалтай. Гэхдээ би түүнийг АНУ-д хор хөнөөлтэй гадаад бодлого баримталсан гэж боддог. Америкийн итгэл үнэмшил, ардчиллын загвар болох Вашингтоны имиж алдагдсан. Крымын талаар илүү хатуу байр суурь баримталж, Украинд зэвсэг нийлүүлсэн Обамагийн засаг захиргаанаас ч дор бодлого хэрэгжүүлсэн. Харин Байден холбоотнууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллахгүйгээр АНУ шинэ сорилтыг давж чадахгүй гэж үздэг. Трамптай харьцуулахад Байден Оросын талаар илүү хатуу байр суурьтай. Путиний удирдаж буй ОХУ бол НАТО-г сулруулж, Европын холбоог хувааж, АНУ-ын сонгуулийн тогтолцоог сулруулж, Өрнөдийн ардчиллын суурь үнэт зүйл рүү халдаж байна гэж Байден үздэг юм. ОХУ Барууны санхүүгийн байгууллагыг ашиглан тэрбум тэрбум долларын мөнгө угаалт хийж, улс төрчдөд нөлөөлж байна гэдэг.Олон улсын гэрээнүүдээс гарсан нь АНУ-ын дэлхий дахинд амласан амлалтаасаа буцахад хүргэсэн. Байден бол олон улсын худалдааны либералчлалыг тууштай дэмжигч, Трампын тарифын бодлогыг шүүмжлэгч нэгэн. АНУ олон улсын дүрэм журмыг тэргүүлэгч, тарифыг бууруулж, дэлхийн худалдааг дэмжих ёстой гэсэн байр суурь баримталдаг” хэмээжээ. Трамп өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаад бодлогоо Ойрхи Дорнод руу чиглүүлсэн Палестин Израилийн мөргөлдөөнийг зохицуулахыг хичээсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй. Мөн радикал үзэлт талибуудтай хэлэлцээр хийснийг Америкийн дипломат ажиллагааны томоохон ялалтад тооцдоггүй. Учир нь энэ хэлэлцээрийн дагуу Америкийн цэргүүд Афганистаныг орхиж, бүс нутаг “Талибан”- ы мэдэлд үлдэх болно.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин