sonin.mn
АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн төрийн тэргүүн Дональд Трамп Оросын хакеруудыг хөлслөн хувийн, албан ажилдаа ашигладаг цахим шууданд нь нэвтэрч мэдээлэл хулгайлсан талаар Хью Хандиттын ток шоунд өнгөрсөн лхагва гарагт оролцохдоо ярьжээ. Трампын энэ увайгүй үйлдэл нь дотоодын аюулгүй байдлын дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдол гэж хатагтай Хиллари мэдэгдлээ. Дональд Трамп болон түүний дэмжигчид өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байх үеийг удаа дараа шүүмжилж байсан юм. “Батлан хамгаалах яам, Цагаан ордноос бусад Засгийн газрын байгууллагын серверт хакерууд чөлөөтэй нэвтэрч байна" хэмээн Хиллари Клинтон ярьсан байна.
 
АРДЧИЛАГЧДЫН ЦАХИМ ШУУДАН БА WIKILEAKS
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад ОХУ-ын тал хөндлөнгөөс оролцож, хакерын ажиллагаа явуулж буй мэдээлэл 2016 оны долоодугаар сард шуугиан дэгдээсэн билээ. Ялангуяа АНУ-ын Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн нууц мэдээллийг wikileaks сайтад анхлан нийтэлсэн юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа Хиллари Клинтон Обамагийн зөвлөх Жон Подестатай хэрхэн харилцаж байсан нь wikileaks-ийн нийтлэлээр ил болсон юм. Тухайлбал, Жон Подестад 2014 онд илгээсэн шуудандаа “Исламын улс” зэрэг бусад радикал суннит бүлэглэлүүдэд санхүүгийн болон логистикийн дэмжлэг үзүүлж байгаа Катар, Саудын Арабын эрх баригчдад шахалт үзүүлэхийг шаарджээ. Ардчилсан намыг баримтлагч АНУ- ын хэвлэлүүд тухайн үед Оросын хакеруудыг буруутгасан бол Жулиан Ассанж “Эдгээр баримт бичгийг Ардчилсан намын гишүүдээс авсан” хэмээн зарласан. Харин энэ хэргийг мөрдөн шалгасан АНУ-ын Үндэсний тагнуулын газраас "АНУ-ын иргэдийн ардчилалд итгэх итгэлийг сулруулахын тулд Кремлийн тушаалаар хакерын ажиллагаа явуулсан. Хиллари Клинтоны нэр хүндийг унагаснаар Д.Трампын сонгуульд ялах магадлалыг нэмэгдүүлсэн” гэх дүгнэлтийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан билээ. Харин Цагаан ордны одоогийн тэргүүн болон түүний туслахууд кампанит ажлынхаа үеэр Оросын албан тушаалтнуудтай ямар нэг байдлаар холбоо тогтоогоогүй гэжээ.
Москвагийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад нөлөөлөхийг завдаагүй болохоо удаа дараа мэдэгдсэн.
 
БАРАК ОБАМАГИЙН ШИЙДВЭРТЭЙ САНАЛ НИЙЛДЭГГҮЙ
 
Хиллари Клинтон “Өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр тохиолдсон бусармаг үйлдлүүд манай улс төрд тулгарсан том сорилт юм. Би Б.Обамагийн захиргаанд ажиллаж байснаараа бахархдаг. Тэр улс орныхоо дотоод бодлогыг хойш тавьсан ч дипломат бодлогод чухал шийдвэр гаргасан. Гэхдээ би Барак Обамагийн гаргасан эдийн засгийн талаарх шийдвэртэй санал нийлдэггүй” хэмээжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин