sonin.mn
УИХ-ын гишүүн нэгэн эрхэм саяхан “… сайд болох хүн Монголоос олдохгүй, гадаадаас сангийн сайд авчирдаг ч юм уу...” гэсэн зүйл ярьсан талаар хэвлэлээр шуугисан. Нэлээд шүүмжлэл дагуулсан энэ үг зарим талаар ортой байж болох юм. Гэхдээ асуудал юу вэ гэвэл, сангийн яамны удирдлага аль хэдийн гадныхны гарт орчихсон юм биш уу? Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын санхүү, эдийн засагт болж өнгөрсөн үйл явдлууд болоод одоо үүссэн нөхцөл байдлыг хархад үнэхээр сангийн яам маань яам мөн үү, хэний удирдлага дор, хэний бодлогыг хэрэгжүүлдэг юм бэ, гэж асуумаар.
Ямартай ч 2018 оны төсвөө хугацаанд нь баталж бөөн баяр болов. Арга ч гүй биз дээ нэгэн улс төрчийн хэлснээр 45 хоногт арай ядан баталдаг төсвийг 14 хоногт амжуулан баталсан гэнэ. Гэхдээ энэ нь Олон улсын валютын сангийн (ОУВС) ач тус гэнэ, яагаад гэвэл манай улс өнгөрсөн 3-сард 500 сая долларын өрөө төлж чадахгүй дампуурлын ирмэг дээр тулж ОУВС-ын аварлын програмд 6 дахь удаагаа хамрагдан дампуурлын аюулыг гэтэлсэн. Тэгээд манай засгийн газар ОУВС-гаас тулган хүлээлгэсэн “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ажиллаж буй тул УИХ-ын гишүүд хуучин шигээ эсэн бусын шахаа оруулж төсвийн зарлагыг өсгөх боломжгүй болсноор энэ оны төсөв нэг их асуудалгүй батлагдсан, чамбай сайн төсөв болсон хэмээн нөлөө бүхий улс төрчид үзэж буй аж. Бие даасан тусгаар улсын сайд, дарга нар ОУВС-ын ач тусаар төсвөө хугацаанд нь баталлаа, чамбай төсөв хийж чадлаа, дампуурлаас ангижирлаа (гэхдээ түр зуур шүү дээ) хэмээн талархаж барахгүй байгаа аж. Сонирхолтой бас хачирхалтай!
Харамсалтай нь сангийн сайд болоод эрх баригчдын бахархаад буй, тэднийг баярлуулаад буй энэ нөхцөл байдлын цаана Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж буй юм. ОУВС-ын “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” гэгчид хамрагдсанаас хойш Монгол улсын сангийн яамны удирдлага бодит байдал дээр ОУВС-ын мэдэлд очсон уу гэж асуумаар байдал ажиглагдсаар байгаа юм. Сангийн сайд нь төсвөө хэрхэн амжилттай баталсан ямаршуухан бодлого баримталж буй талаар “шимтэн” ярих нь нэг л үнэмшилгүй. Улсын сангийн бодлогын талаар бодит эрх мэдэл үгүй, нэр зүүсэн сайд, удирдлагууд байна даа гэж бодогдмоор. Эрх баригчид төсвөө өөрсдөө удирдан боловсруулаад баталсан юм шиг л аашлах, харин батлагдсан төсвийг ОУВС-аас өнгөрсөн 5-сард манай засгийн газар, сангийн яаманд зөвлөмж болгон өгсөн 2017-2018 оны төсвийн төлөвлөгөөний гол гол заалтуудтай харьцуулан үзвэл (дээрхи хүснэгтийг харна уу) арай л дэндүү төстэй байгаа аж. Тухайлбал, 2018 оны төсвийн Орлого (ОУВС: 7,279; Сангийн Яам: 7,231) , Зарлага (9,640; Сангийн Яам: 9,651) тун ойролцоо гарсан байна, байж болох юм гэж үзвэл, бүр нарийвчилсан задаргаа болох Цалин, Хөлс жишээ нь, ОУВС: 1,796; Сангийн Яам: 1,797 гээд яг адилхан гараад байхдаа яах вэ дээ! Төсвийн алдагдал (2017, ОУВС: 2,753; Сангийн Яам: 2,617 ), өр гээд тун ойролцоо тоонууд байгаа нь нэг л үнэмшилгүй. Бараг хуулаад тавьчихсан юм уу гэмээр. Ер нь аль өнгөрсөн хавар ОУВС манай улсын 2018 оны төсвийг (2019, 2020, 2021 онуудын төсвийн төсөөлөл ч бас тун адил дүнтэйгээр хийгдсэн байсан) хийгээд батлаад өгчихсөн юм биш үү? Харин сангийн яамныхан маань ОУВС-аас өгсөн төсвийн тоон дүнгүүдийг бага зэрэг өөрчлөөд л манай улсын төсөв гээд барьчихсан юм уу, гэж хардмаар.
 
Хэдийгээр бага зэрэг хэтрүүлэгтэй ч “… сайд болох хүн Монголоос олдохгүй, гадаадаас сангийн сайд авчирдаг ч юм уу...” гэх утгын зүйл хэлсэн эрхэм үнэнийг хэлсэн байж болно, тиймээс түүнийг зэмлэх, буруушаах учир үгүй. Сайд, дарга нарын чадамжийн асуудал бол нэг, хоёр хувь хүний л асуудал. Харин бүхэл бүтэн яам, үүн дундаа улс орны зүрх судас нь болсон сангийн яам бие даасан байдлаа алдах, гадны байгууллагын удирдлага дор орно гэдэг ноцтой асуудал.
Ямартай ч эрх баригчдаас Монгол улсын сангийн яам бие даасан байдлаа алдаж гадаадын санхүүгийн байгууллагын бүрэн хяналт, удирдлагад орсон уу, тийм бол Монголын эдийн засгийн аюулгүй байдал алдагдах, алдагдсан байх эрсдэл байна хэмээн асуух, мөн сануулах үндэслэл байна.
 
Эдийн засагч Х.Батсуурь